“ЗАЛУУ ТАМИРЧДЫН ИТГЭЛ НАЙДВАРЫГ ҮГҮЙ ХИЙЖ БАЙНА”
Хөдөлмөрийн баатар, Үндэсний шигшээ багийн тамирчин У.Сүрэнжав:
-Тамирчин хүн ганцаараа амжилтад хүрдэггүй. Нэг хүний амжилтын ард дасгалжуулагч, бэлтгэл хангагч, багш, эмч, сэтгэлзүйч гээд бараг 50 орчим хүний хүч хөдөлмөр байдаг. Хэрвээ Үндэсний шигшээ багийн тамирчдын зардлыг 75 хувь хасвал ганцхан тамирчин л үлдэнэ.
Ард нь байгаа бүх хүний цалин мөнгө, хүч хөдөлмөр үгүй болно.
Бид нэг жилд 6-7 олон улсын тэмцээнд оролцдог байсан бол зардал мөнгөгүйгээсээ болж олимпийн оноогоо цуглуулж чадахгүй нь ээ. Тамирчид азаа үзмээргүй байна. Энэ асуудлыг салбарын сайд, УИХ-ын гишүүн анхаарч үзээрэй. Миний амжилтын ард гэхэд маш олон хүн атгасан гар ажилласан. Спортоор сонирхон хичээллэж, амжилт гаргахаар хичээж буй залуу тамирчдын итгэл найдварыг үгүй хийж байна.
“ТАМИРЧИД ТӨСӨВГҮЙ БАЙЖ ЯАЖ ОЛИМПИЙН ЭРХЭЭ АВАХ ЮМ БЭ”
Паралимпын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ:
-Ирэх оны төсөвт спортын Үндэсний шигшээ багийн тамирчдын зардлыг 75 хувиар танах асуудлыг хэлэлцэж байна. Үүнийг шигшээ багийн тамирчид эсэргүүцэж байгаа. Бид 2028 оны Лос-Анжелес олимпод оролцохын тулд бүтэн дөрвөн жил бэлтгэл хийн, олон улсын тэмцээнд оролцож, оноогоо цуглуулснаар эрхээ баталгаажуулна.
Гэтэл төсөвгүй байж тамирчид олимпийн эрхээ авах юм бэ. Ийм байж болохгүй.
Тамирчид олимпийн наадамд 30-40 эрхтэй орж, 3-4 медаль авч байна. Ядаж 50-60 эрхтэй олимпод өрсөлдөж, 7-8 медаль авах бодлогыг барьж ажиллах хэрэгтэй байна. Гэтэл эсрэгээрээ тамирчдынхаа төсвийг танах бодлого хэрэгжүүлснээр ирэх 2028 оны олимпод 10 тамирчин орно шүү. Ард иргэдийн зүгээс тамирчдаа дэмжиж, бахархдаг. Тэр амжилтыг нь, урмыг нь төр засгаас хумиж болохгүй. Төсвөө таначихаар тамирчид нэг жилд 1-2 тэмцээнд, дөрвөн жилийн хугацаанд зургаахан тэмцээнд оролцох юм уу. Нэг жилд 7-8 чанартай тэмцээнд оролцсоноор эрхээ авах боломжтой байдаг.