Б.Хурц: Л.Оюун-Эрдэнийн гэхээсээ Женкогийн Засгийн газар огцорсон

  • Эх сурвалж: news.mn
  • -0001-11-30

АН-ын ҮБХ-ны гишүүн, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцтай ярилцлаа. Тэр улс төрийн хүрээнд үргэлжийн сонирхолтой фигур байсан.Зарим улстөрчдийн заналт дайсан ч явсан. Магад түүнээс айх асар том шалтгаан хэн нэгэнд байсан биз. Түүнийг хэлмэгдүүлэх замаар улс төрийн өрсөлдөгч нараа харлуулах, дарах даалгавар авсан ч байх. Нэгэн цагт хуулийн салбарын тод дүр, гурван үсэгтийн дөрвөн үсэгт гэгдэж явсан тэрбээр улс төрд хүч үзэхээр шийдсэн нь 2024 он байв. Гэвч, гадаад дотоодын бүлэглэлүүдийн оролцоотойгоор АН-ын удирдлагууд түүний Үндсэн хуульд заасан нэр дэвших эрхэнд халдсан нь бодит факт юм.


-Та энэ зун яаж амрав даа?

-Гэр зуураа, гэр зуураа.

-Мэдээж, намынхантайгаа уулзаж байгаа биз дээ?

-Янз бүрийн л хүнтэй уулзаж байна. Тэдний ярьж байгаа ганц сэдэв нь төрийн дарамт, эрх баригчдын дарангуйлал. Өнгөрсөн жилүүдэд бизнесийнхэн хүнд хэцүү дарамтыг амссан. Амтай болгон төрд дарамтлуулснаа ярих болсон. Тиймээс уулзсан хүн болгон шинэ Засгийн газрын хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж байна. Шинэ Ерөнхий сайдын бодлого, шийдвэр бизнесийнхэнд ээлтэй байгаасай гэж хүн болгон харж байна.

Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШИХ ҮЕДЭЭ УИХ-ЫН ЧУУЛГАН ДЭЭР ЯРЬСАН ШИГЭЭ АЖИЛЛАХ ЁСТОЙ

-Ингэхэд Л.Оюун-Эрдэнийн засаг огцорсноор хар пиар хамаагүй багассан нь анзаарагдлаа. Нийгэм илүү тайван болчих шиг. Танд тийм мэдрэмж төрж байна уу?

-Би хатуу хэлж байж магадгүй, Л.Оюун-Эрдэнийн гэхээсээ Женкогийн Засгийн газар огцорсон. Монголд улс төрийн намууд гэж байхгүй болсон. Мафийн бүлэглэлүүд намын дээр гарсан. Женкогийн бүлэглэл өнгөрсөн зургаан жил төрийн эрхийг барьсан. Харамсалтай нь, Монголын эдийн засгийг ямар уналтад оруулсныг гадаадын судалгааны байгууллагуудаас гаргасан индексүүдээс харж болно. Авлигын индекс хэдэн арван байраар ухарсан. Ардчиллын индексээр автократ засаглалд шилжлээ. Хэвлэлийн эрх чөлөө нь 55 байраар арагшилсан. Эдийн засгийн өрсөлдөх чадвараар 64 улсаас 60-д жагслаа. Эдгээр тоонууд Монголын Засгийн газрын бодлого шийдвэр буруу яваад байгааг харуулсан анхааруулга, дохио юм. Улс төрийг гүтгэлэг, хар пиараар удирдсан. Ашгүй сая, Ардын нам арай мафиасаа саллаа. Манай нам ч бас бохир улстөрчдөөсөө салах цаг болсон.

-Та яагаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар биш Женкогийн Засгийн газар огцорсон гэж үзэж байгаа юм бэ?

-Х.Баттулгын барьсан мухар төмөр замын асуудлыг дэндүү өндөр үнээр шийдэж өгсөн. Ард нь татвар төлөгчид, ирээдүй том өрөнд орж үлдлээ. Үндсэндээ МОНГОЛ ЯЛСАНГҮЙ, энэ их өрийг бидний хүүхдүүд төлнө.

Г.Занданшатарын Засгийн газар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын алдааг битгий давтаасай гэсэн хүлээлт нийгэмд багагүй байна…?

-Шинэ засаг нь зөв замаар яваасай гэсэн хүлээлт хүн болгонд байна. Өмнөх засгийн алдаа юу байв, яагаад иргэд Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцэв гэдгийг Г.Занданшатар анхаарч, тооцох ёстой юм.

Тэгэхээр Г.Занданшатар юу хийх вэ гэвэл улс орны эрх ашгаа эрэмбэлэх ёстой. Хамгийн нэгдүгээрт, улс орны эв нэгдлийг хангах ёстой. Утга учиргүй гүтгэлэг, хэтэрхий улстөржсөн хар пиарыг зогсоож, намынхаа нэрийг сэргээх хэрэгтэй. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчдад ногоон гэрэл асааж өгөх хэрэгтэй. Тэднийг татвараас хөнгөлөх, суллах эрх зүйн орчныг бүрдүүлж байж хөрөнгө оруулалт орж ирнэ. Гуравдугаарт, үр ашиггүй төрийн мэдлийн өмчүүдийг хувьчилж, чөлөөт эдийн засгийг дэмжих шаардлагатай. Шулуухан хэлэхэд, Г.Занданшатар Ерөнхий сайдад нэр дэвших үедээ УИХ-ын чуулган дээр ярьсан шигээ ажиллах ёстой юм. Нэмээд төсвөө тана, татвараа багасга.

Жижиг компаниудаас татвар авахаа бүр боль. Жишээлбэл, жилийн 500 сая төгрөг хүртэлх орлоготой жижиг аж ахуйн нэгжүүдээс татвар авч яадаг юм бэ. Тэрийгээ уул уурхайгаас авах татвар дээрээ жаахан нэмэхэд хангалттай олчихно.

-Ухаа худагийн асуудлаас болж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсон гэсэн шинэ мессеж хэвлэлээр сэвэгдэж эхэлсэн. Намрын улс төрийн гол сэдэв энэ байх бололтой. Та юу гэж харж байна?

-Л.Оюун-Эрдэнэ шиг хамгийн урт хугацаанд Ерөнхий сайд хийсэн хүн байхгүй. 2024 оны сонгуульд манай намын бууны нохдыг ашиглаж намаа ялуулсан. Түүнд хөрсөн дээр буугаагүй хүсэл мөрөөдөл байсан. Зөвлөхүүд нь /ах, дүү нар нь/ түүнийг масс дээр анх гарч ирсэн Оюун-Эрдэнэ биш болгосон.

Л.Оюун-Эрдэнэ маш их эрх мэдэлтэй Ерөнхий сайд байсан.Өнөөдөр ч тэр эрх мэдэл, шинэ хонгил нь тасраагүй байгаа. Хэрэв үнэхээр Л.Оюун-Эрдэнэд Ухаа худагийг төр авах хүсэл байсан бол аль эрт шийдэх байсан. Шийдэх асуудлаа бүгдийг нь УИХ-д яаралтай горимоор оруулж, шийдүүлж байсан. Нөгөө талдаа 2020, 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын хамгийн том хандивлагч “MCS” байсан нь олон нийтэд ил боллоо. Тэгэхээр хамгийн том хандивлагчдынхаа нэгийг Л.Оюун-Эрдэнэ шонд аваачиж дүүжлэх үү. Энэ бол жүжиг!

Бас өөр өнцгөөс харвал, Төгрөг нуурын ордын 265 сая долларын гэх Женкотой холбоотой хэргээс болж засаг огцорчихлоо гэж гонгинохгүй байгаа биз дээ.

МАНАЙ ДҮЛЗЭНГҮҮД АН-ЫН ЯЛАЛТЫГ МАН-Д ЗАРЖ, ГАНЦ ХОЁР ЯАМААР НАЙМААЛЦСАН ГЭЖ ХАРСАН

-МАН, АН-ын шинэ дарга хэн болох вэ гэсэн шинэ зодоон удахгүй улс төрд өрнөх нь тодорхой. Ардчилсан намаар шинэ сонин юу байна. Тоглоомын дүрмээ тодорхой болгосон юм уу?

-Миний хувьд АН-ын ҮБХ-ны болон Улс төрийн зөвлөлийн гишүүн.  Намын өдөр тутмын үйл ажиллагааг хараад сууж байна. Залуус маань намын шинэчлэлд туг болох шаардлагатай байна. Ардчилсан намыг харахаар үнэхээр сэтгэл гонсойх юм их байна. 2020 оноос хойш АН дараалсан таван сонгуульд өвдөг шороодлоо. Үүний шалтгаан хаанаас вэ, АН юунаас болж ийм байдалд хүрэв гээд хөөгөөд бодохоор яалт  үгүй олсны үзүүрт нэг хүн байна.

-Тэр нь Женко юу?

-Тийм. 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам Халтмаагийн Баттулгыг нэр дэвшүүлсэн. Тэр цагаас хойш АН уруудаж, доройтох зам руугаа орсон.

Товчхондоо, АН жонхуурсан. Байж болох хамгийн хогийн цэг дээрээ очсон.

Х.Баттулгын эхний урвалт МАН-ын Засгийн газрыг хамгаалж, Ж.Батзандан, Лу.Болд, Д.Мурат нарыг МАН-д зарсан. 2020 оны сонгуульд С.Эрдэнийн эсрэг ажиллаж, үр дагаварт нь АН парламентад 11-хэн суудал авсан. Өнгөрсөн 2024 оны УИХ-ын сонгуульд АН ялах хангалттай боломж байсан. Даанч, Л.Гантөмөр ажиллаагүй.  Яг үнэндээ, Л.Гантөмөрийг ажиллуулаагүй. МАН талаас ч, АН дотроосоо ч дарамт үзүүлсэн. Ардын намаас монголчууд залхчихсан байсан. 44 их наядын нүүрсний хулгай, ногоон автобусны луйвар, сонгуулийн үеийн хүн амины хэрэг гээд Ардын нам гарцаагүй ялагдал хүлээх том сэдэв, алдаа байсаар байтал Л.Гантөмөрийг хөдөлгөөгүй. Тэр байтугай АН-д ажиллаж байсан пиарын багийнхныг манай намынхан цагдаа нартай нийлж баривчилсан, хөөж туусан. Ер нь сонгуулийн нэр дэвшүүлэлтээс эхлээд МАН гаднаас оролцож, манай дүлзэнгүүд дотроосоо АН-ын эсрэг ажилласан. АН-ын ялалтыг МАН-д зарж, өөрсдөө эрх мэдэл, ганц хоёр яамаар наймаалцсан гэж харсан.

анай намын урвагчид нь тэгээд хэн, хэн юм бэ?

-Женко байна. Манай БЭТ байна. Өөрийгөө улайм цайм МАН-ын БЭТ гэдэг, Л.Гантөмөрийг манай төсөл гэж яриад явдаг нэг залуу бий. Тэд АН-ын удирдлагыг авахын төлөө үхэн хатан тэмцэх байх. Сайндаа биш, Ардын намд аваачиж зарах гэж тэр шүү дээ.

-МАН-ын БЭТ гэж УИХ-ын гишүүн Э.Одбаярыг хэлж байна уу, та?

-Тийм, та хүртэл мэдэж байгаа биз дээ. Мөн Ц.Туваан сая МАН-ын Засгийн газрыг хамгаалж, нэр нүүрээ барсан. Эрх мэдэл гуйгаад сууж байсныг Монголын ард түмэн харсан байх.

Сонгуулийн дараа Л.Гантөмөр надтай уулзаад, “Би тэдний үгэнд оролгүй, чамайг Сүхбаатар дүүрэгт, Баярцогтыг Сэлэнгэд нэр дэвшүүлсэн бол УИХ-ын дарга болчих байж” гээд уучлалт гуйж байсан юм. Манай намын дарга Л.Гантөмөрт улс орны төлөө ажил хийх хүсэл байсан байх. Гэвч, Женкод өрөө дарсаар дуусч байна, намын дарга болох гэж түүнд их өрөнд орсон байх гэж харагддаг.

-Зааланд дуудсан нэр дэвшигчдийн дунд таны нэр байсан. Гэтэл маргааш өглөө нь таны нэр “учир битүүлгээр” алга болчихсон л доо. Хэн тийм бохир, болхи ажиллагааг хийсэн гэж та боддог вэ?

-Танхимд үймээн дэгдээсэн тодорхой хэдэн хүн байсан шүү дээ. Тэдний ард Ц.Туваан, Э.Одбаяр хоёр байсан. Манай намын дарга Л.Гантөмөр эс үйлдэхүй үзүүлсэн. Магадгүй асар дарамтад орсон байх л даа. Би тэр асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан, танай намын дотоод асуудал байна гэж шүүхээс хариу ирсэн. Уул нь миний бодлоор төрийн эрх мэдлийг дээрмийн замаар авсантай агаар нэг. Харамсалтай нь, манай хуульд нарийн зохицуулалт байдаггүй юм байна. Ингэж АН-ын 2024 оны нэр дэвшүүлэлтийг хүч хэрэглэж, тайзан дээр будилаан зодоон үүсгэж, ҮБХ-гоор батлагдсан нэр дэвшигчдийн шөнөөр сольж, жонхуурсан үйл явдлыг тэд зохион байгуулсан. Энэ үйл явдлыг эсрэг намын дарга нь Женкотой нийлж, өндөр түвшинд зохион байгуулж, намаа ялуулж чадсан гэж би хардаг, харддаг.

АН-ЫН ЦӨӨН ХЭДЭН ЗАЛУУСААР БИ БАХАРХАЖ БАЙГАА

Үнэнийг хэлэхэд Ардчилсан нам Х.Баттулгаас салж чадах нь уу. Нэгд, танай намын залуус аймхай. Хоёрт, Х.Баттулгад хулгайн мөнгө их байна. Тиймээс О.Алтангэрэл, Ц.Туваан хоёрыг намын даргад, Ерөнхийлөгчид С.Ганбаатарыг ил цагаан “уях” болсон. Яагаад АН-ынхан түүнийг ингэж давраагаад байдаг юм бэ?

-АН-ынхан намаа шинэчлэх, урвагчдаасаа салах цаг болсон. Женко нэг ёсондоо Ардчилсан намын хорт хавдар мөн. Хорт хавдраа авч хаяж байж АН эрүүлжинэ. Женко улс төрийн панзчин. 2020 оны сонгуулийн дараа С.Эрдэнэ дээр хэрэг нээж, дарамталж байгаад намын тамгаа авчихсан. Тэгээд АН-ын албан ёсоор зарж, наймаалцаж эхэлсэн. Ямар л том улстөрч байтлаа “Голомт”-ын Д.Баясгалангийн менежер хийгээд явж байх вэ дээ. Нийлж 1.3 тэрбум ам.доллараар төмөр зам бариад л. Нүүрсийг нь 60 ам.доллараар бодоод, ийм том хулгай Монголын түүхэнд гараагүй. Энэ төмөр замын нууцад авсан гэрээг ард түмэнд ил болгох хэрэгтэй. Гэтэл өнөөдөр яг ижилхэн төмөр замыг Б.Дэлгэрсайхан тал үнээр нь барьсныг олон түмэн хараад сууж байна.

-Тэгвэл та АН-ын дараагийн дарга хэн болоосой гэж бодож байна?

-АН-ын залуус намын шинэчлэлдээ идэвхтэй, оролцож, идээ бээр, урвагчдаас салахын төлөө эр зоригтой тэмцэх хэрэгтэй. Манай намын залуучууд сул байна. Дийлэнх нь туг болоод явах эр зориггүй байна.

АН-ын цөөн хэдэн залуусаар би бахархаж байгаа. Манай Д.Монголхүү, Л.Ганхөлөг, Ц.Чинбат, Ц.Уянга, Ж.Отгонбаяр, Б.Ган-Очир, Чингэлтэй Сугараа, Д.Мөнх-Эрдэнэ, А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нар байна.

Ийм тэмцэгч залуусаа АН дэмжих ёстой. Дараагийн намын дарга тэднийг ҮБХ-нд урилгаар оруулах хэрэгтэй. АН амьд байгааг эдгээр залуус нийгэмд мэдрүүлж яваа. Дашрамд, дүү нартаа баярлаж явдаг шүү.

-Ингэхэд АН-д лидер байна уу. Үнэт зүйлтэй, өөрийн характертай, намдаа манлайлал үзүүлж чадах улстөрч хэн байна вэ?

-Яг үнэндээ манай намд лидер алга. АН-д бүү хэл, МАН-д байхгүй. Монгол Улс лидергүй болсон. Үүнийг манай мояа нар хийсэн. Монголын лидер болох хэмжээний бүх улстөрчдийг харлуулсан, бохир гүтгэлгийн бай болгосон. Юу ч хамаагүй наагаад, түүнийгээ хиамчдаараа сэвүүлдэг.  Эцэст нь нийгэм худал гүтгэлэгт нь итгэдэг. Ард иргэд нь төрдөө итгэх итгэлгүй болсноор улс торон тогтворгүй байдалд ордог, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Олон төлбөртэй, төлбөргүй гэх жагсаал бол үүний нэг илрэл. Цоохор дээлт өөрөө бохир технологийнхоо үйлийн үрийг хүртэж яваа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдсон гэх утгаараа манлайлагч гэж харагддаг. Хувь хүн нь өөрөө ч Монголоо гэсэн харизмтай. Мэдээж, миний бодолтой та санал нийлэх албагүй л дээ?

-У.Хүрэлсүхэд манлайлал бий. Ерөнхий сайдыг огцруулдаг чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч манлайлал үзүүлсэн. Үүнийг манай намын ганц нэг хүн буруутгасан байна лээ. Бүр импичмент хийх ёстой гэж ярьсныг уншсан. Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч ард түмний эрх ашигт л үйлчлэх ёстой.

-Экс Ерөнхийлөгчийн ард оросууд байдаг. Тийм ч учраас хуулийнхан хүчгүйддэг гэж иргэд боддог. Ийм байх боломжтой юу?

-Х.Баттулгын ард ямар юмных нь оросууд байх билээ. Женко бол улс төрийн панзчин шүү дээ. Харин Ардын намын гар хөл бол мөн, мөн.

-Харамсалтай нь, хэдхэн жилийн өмнөх Манан бүлэглэлтэй тэмцэгчид өөрсдөө мафийн толгойлогчид болж хувирсан. Үүний эсэргүүцэж, залуус жагссан. Гэтэл залуусын жагсаалын эсрэг танай намынхан өсгөлөн зарласан нь хамгийн гутамшигтай үйлдэл байлаа?

-Ийм шившигтэй үйлдлийг АН-тай холбож болохгүй. Ардчилсан намын дүлзэнгүүд өлссөн л гэсэн. Эзэн нь үүрээр Төрийн ордноос зугатаж яваа бичлэг харагдсан.

С.ЗОРИГООС ГАДНА ХОЁР ХҮҮХЭДТЭЙ ГЭР БҮЛИЙГ ШАТААЖ ХӨНӨӨСНИЙГ ТОГТООСОН

-Таныг ТЕГ-ын дарга байх үед С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгтнүүдийг олж тогтоосон. Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт гурван шатны шүүхээс ял оноосон. Гэтэл УДШ тэднийг суллачихсан. Тиймээс танаас шууд асууя, тэд гэмт хэрэг үйлдсэн хүмүүс мөн юм уу?

-Нэгд, УДШ тэднийг алуурчин биш гэж үзээгүй, цагаатгаагүй. Тэд С.Зоригийн амь насыг хөнөөсөн сэжигтнүүд хэвээрээ байгаа. УДШ тэднийг анхан шатнаас нь дахин мөрдөн шалга гэдэг шийдвэр гаргасан гэж би ойлгосон. Хоёрт, би хэргийг мөрдөн шалгадаг хүн биш. Мөрдөн байцаагчдын, гүйцэтгэгч ажилтнуудын ажилд оролцох надад эрх байхгүй. УЕП, ТЕГ, ЦЕГ-аас бүрдсэн ажлын хэсгийн ажилтнууд мөрдөн шалгалт явуулж, С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгтнүүд бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар мөн болохыг тогтоосон.

Шүүгчид улсын яллагдагчийн гаргасан баримт, нотолгоонд дээр үндэслэж тэдэнд ял оноосон. Эдгээр хүмүүс С.Зоригоос гадна хоёр хүүхэдтэй гэр бүлийг шатааж хөнөөсөн болох нь шүүхээр нотлогдсон юм. Монголын хуульчид бүгд муу биш шүү дээ. Олон хүн дотор өргөсөн тангарагтаа үнэнч нь ч байна. Томилсон хүндээ үйлчилдэг нь ч байна.

-Танай ажилтнууд тэднийг эрүүдэн шүүж, ял хүлээлгээгүй гэдэгт та итгэлтэй байгаа юм байна. Атал Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар эсрэг зүйл ярьдаг шүү дээ, тэднийг эрүүдэн шүүсэн, хэлмэгдүүлсэн гэж?

-Монголын ард түмэн тэнэг биш. Эрүүл саруулаар асуудалд ханддаг хүмүүс хэн нь үнэн, хэн нь худлаа ярьж байгааг  таньчихсан. Эрүүдэн шүүлт чинь тэс өөр зүйл байдаг юм. Аль нэг хуулийн субъект, цагдаа, тагнуулын хувцастай суучхаад, тэднийг байцаагаад зодоод байвал эрүүдэн шүүлт мөн.

Харин хоёр хоригдол зодолдоод, хоорондоо мессеж бичилцэх чинь гүйцэтгэх ажиллагааны нэг хэсэг. Аль ч улс орны мөрдөгчид гүйцэтгэх ажиллагаагаар гэмт хэрэгтнүүдийг олж тогтоодог.

-1998 оноос хойш МАН 26 жил С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр сонгуулийн шоу хийж ирсэн нь үнэн. Гэлээ гэхдээ 2024 оны сонгууль шиг алуурчдаас ярилцлага авах хүртлээ бохир пиар хийж байгаагүй… ?

-Товчхондоо, 2024 оны сонгуулиар МАН-ынхан өөрсдийнхөө үйлдсэн нүүрсний хулгай, ковидын үеийн төсөв, төмөр замын хулгай, ногоон автобусны луйвар гэх хэргүүдээ С.Зоригийн хэргээр хааж, 18 телевизээр цацсан нь Ардын намын хамгийн зоригтой, ичгүүр сонжуургүй дайралт болсон. Энэ нэвтрүүлгүүдэд манай намын угшилтай урвагчид хойморь нь сууж ярилцлага өгсөн хүн ёсны хувьд гутамшигтай харагдаж байсан. Эргээд харахад тэр нэвтрүүлгүүд нь түр зуур сонгогчдын тархийг төөрөлдүүлэх хэмжээнд үүргээ гүйцэтгэсэн байх. Гэвч яг үнэндээ иргэд энэ хэргээс залхсан, Ардын намын балиар хар пиар гэж хардаг, ойлгодог болсон байна. Нэг сайн мэдээ нь, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл С.Зоригийн гэх хэргээр УИХ дээр дахиж нээлттэй сонсгол хийнэ гэж дуугарч байна лээ.

СҮҮЛДЭЭ Ц.НЯМДОРЖИЙГ БИ ОЙЛГОСОН, “ӨРӨВДСӨН”

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсгийг Ц.Нямдорж байнга тараадаг. Яагаад, ямар учраас. Танд ямар нэгэн хардлага байдаг уу?

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсгийг таван удаа тараасан хүн бол Цэндийн Нямдорж. Тэгэхээр түүнд алуурчдыг хамгаалж, захиалагчийг зарлуулахгүй байх асар том ашиг сонирхол байгаа биз. Яагаад Монгол Улсын хуулийн сайд хүн С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгтнүүдийг өмгөөлж ажилласан юм бол. Монголын шоронд байгаа хүн амины хэрэгтнүүдээс ганц тэр хэрэг дээр чичрээд байсан нь ямар учиртай юм бол. Ц.Амгаланбаатарын шоронгоос явуулсан мессежийг задалсан хэрнээ, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хариуд нь юу бичсэнийг  яагаад нуув. Ц.Нямдоржоос та нар очоод энэ бүгдийг асуух хэрэгтэй шүү дээ. Харин Цэндийн Нямдоржийн хувьд үнэнд гүйцэгдэж яваа.

-Шүүхээс таныг эрүүдэн шүүсэн гэж буруутгасан шүү дээ?

-Би эрүүдэн шүүсэн гэж буруутгагдсан юм биш. Гүйцэтгэх ажлын төлөвлөгөөн дээр гарын үсэг зурсан, баталсан гэж надад ял тулгасан. Яг ийм асуудлаар ял оноовол Ц.Нямдорж надаас 10-20 дахин илүү ял авна. Дөрвөн удаа Хууль зүйн сайд хийхэд нь хэчнээн цагдаа хүн алсан бэ. Хэчнээн хоригдол үхэж, цэргүүд оффицерууд нэг нэгнээ алав. Энэ бүгдэд Цэндийн Нямдорж ямар нэг хариуцлага хүлээж байсан удаа бий юу. Би Монголын төрд тангараг өргөж, зүтгэснийхээ төлөө гурван улсын шорон дамжиж үзлээ. Хулгай хийгээгүй, хувьдаа хөрөнгө завшаагүй.

Тэгвэл Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж ямар шалтгаанаар тагнуулынханд хонзогноод байдаг юм бэ. ТЕГ-ын дарга асан генерал Ж.Баатарыг шоронд хийсэн. Дараагийн бай нь та болсон?

-Тагнуулын байгууллага наад хүний чинь айдас байхгүй юу. Ц.Нямдорж эх орноосоо урвасан хүн гэж Ж.Баатар генерал олон ярилцлага өгсөн. Мөн өөрөө тэр нууцаа задалсан. Л.Мөнхбаясгаланд ярилцлага өгөхдөө гүйцэтгэх ажилтны нэрийг хэлж, төрийн нууцыг задруулсан. Гэтэл төрийн нууц задруулсан Ц.Нямдоржид хэн ч хариуцлага тооцоогүй. Ц.Нямдорж нууц задалж болно, бусад хүн болохгүй. Улстөрчид нууц задалж болно, бусад хүн болохгүй.

Сүүлдээ Ц.Нямдоржийг би ойлгосон, “өрөвдсөн”.  “Эрдэнэт”-ээс их хэмжээний хулгай хийсэн юм байна, өөрөө ч авсан, хүүдээ ч авч өгсөн. Эцэг хүний хувиар би хүүдээ ганц удаа тусалсан юм аа гээд өөрийнх нь өгсөн ярилцлага хүртэл байгаа ш тээ.

Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр, хуурай дүү С.Анхбаяр нар хамтраад 43 сая ам.долларын химийн бодисыг жил болгон шахдаг байсныг би таслан зогсоосон юм. Үүнээс гадна “Эрдэнэт” үйлдвэрт өөр бусад шахаа хийж байсныг хүү Н.Анхбаяр андуураад ам алдчихсан ярилцлага ч байгаа. Энэ мэтийн асуудлаараа “Эрдэнэт”-ийг тойрсон хүмүүст бөлдөгдүүлчихсэн юм байна лээ. Бүх фактаар нь хардах үндэслэл, мөн биз.

АТГ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫНХАА МЭДЭЛД БАЙХААР ЯАЖ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ЮМ БЭ?

Та АТГ-ын дэд даргаар ажиллаж байсан. Тэр үед Монгол Улс авлигын индексээрээ нэлээд урагшилсан. Харамсалтай нь, сүүлийн найман жилд Монголын авлигын индекс жилээс жилд ухарсаар байгаа. Тиймээс танаас асууя, АТГ авлигатай тэмцэж чадаж байгаа юу?

-Авлигатай тэмцэх чинь эрх мэдэлтэй хүнтэй тэмцэнэ гэсэн үг юм. Эрх мэдэлтэй хүн  авлига авдаг. Авлигатай тэмцэхэд хувь хүний хүсэл, эр зориг л хэрэгтэй.

-АТГ-ын нэр хүнд асар уруудсан. Хамгийн сүүлд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн орлогыг нотолсон дүгнэлт олон нийтээс багагүй шүүмжлэл дагуулсан. Та тэр дүгнэлтийг харсан биз дээ?

-Харсан. АТГ-ынханд гол өгүүлбэрээ хамгийн сүүлд бичсэн байна лээ. Үүнээс болоод нийгмийн галыг нэлээд авч байгаа харагдсан. Хэргийг тусгаарлаад, Б.Баатар, А.Амундрад холбогдох хэрэг нээсэн гэдгийг хамгийн эхэнд нийтэд ойлгуулах ёстой байсан болов уу.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэхийн тулд авлигаар дагнасан шүүх байгуулах ёстой гэх байр суурийг удаа, дараа илэрхийлж ирсэн. Энэ хэр зөв юм бэ?

-Манайх шиг улсад шүүх нь шүүхээ л хий..

-АТГ-ыг Засгийн газрын дор аваачих нь хэр зөв шийдвэр вэ?

-Гүйцэтгэх засаглалынхаа дор АТГ байх ёсгүй. Засгийн газартай тэмцэх ёстой байгууллага ш тээ. Эрх мэдэл, мөнгө хаана байгаа вэ гэвэл Засгийн газарт байгаа. АТГ нь Засгийн газрынхаа мэдэлд байхаар яаж авлигатай тэмцэх юм бэ.

Намайг АТГ-т ажиллаж байхад Сингапурын авлигатай тэмцэх газрын дарга нэг өвгөн байсан. Надаас тэр хүн асууж байсан юм, танай АТГ-т хэчнээн цагдаа ажилладаг вэ гэж. Тэгээд цагдаа байгаа газар авлигатай тэмцэнэ гэж байдаггүй шүү гэж захиж байсан. Тэр үед АТГ-ын ажилтнуудын 30 хувь нь цагдаагаас, 30 хувь нь прокурорын мөрдөнгөөс ирсэн, бусад 40 хувь нь бусад байгууллага энгийн байгууллага буюу тагнуулаас ирсэн хүмүүс байсан. Энэ тэнцвэрийг Н.Ганболд  дарга бид хоёр сайн барьж байсан. АТГ өнөөдөр цагдаагийн газар болсон байна лээ.

Х.Энхжаргал гэж замын цагдаа ирээд АТГ-ыг бүтэн цагдаагийн газар болгосон. АТГ-ын бүтэц, статус, олон нийтийн хяналтыг эргэж харах хэрэгтэй гэж харж байгаа.

МОНГОЛЫГ БОГИНО ХУГАЦААНД ХАР ТАМХИГҮЙ БОЛГОХ БОЛОМЖ БИЙ

-АТГ-ын дүгнэлтээс үүдэж, манаачийг хэн манах вэ гэсэн асуулт тавигдах болсон. Ер нь Прокурорын дэргэдэх мөрдөнг яагаад сэргээж болдоггүй юм бэ?

-Прокурорын мөрдөн шалгах байгууллага чинь өөрөө Үндсэн хууль зөрчсөн байгууллага байсан. Тийм байгууллага байгуулъя гэвэл Үндсэн хуулиа өөрчлөх шаардлагатай. Учир нь прокурорын байгууллага хэргийг мөрддөг биш хянадаг субект юм. Би өөрөө тэр байгууллагыг татан буулгахад оролцсон хүн шүү дээ. Нэг даргын халаасны мөрдөн шалгах байгууллага болж хувирсан байсан.

Ерөнхий сайд саяхан үүрэг өгсөн байна лээ, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийг чангатгах ёстой гэж. Гэхдээ хар тамхи борлуулагчдын ард нь байгаа гэгддэг хил, гааль, цагдаа, тагнуулынхантай тэмцэхгүйгээр хэрэглээ буурахгүй?

-Хамгийн чухал асуудал нь хэрэглэж байгаа хүн бол өвчтөн. Харин оруулж ирж зарж байгаа, ашиг олж, хүний эрүүл мэндийг хордуулж байгаа этгээдүүд бол гэмт хэрэгтнүүд. Тэдэнтэй хамтарч, хамгаалж, эрүүгийн хэргийг төөрүүлж байгаа тангараг өргөсөн төрийн албан хаагчидтай хатуу бодлогоор тэмцэх буюу тийм нөхцөлд ялыг гурав дахин өгөх хэрэгтэй.

Миний сүүлд сонссоноор нүүрсний машинаар хар тамхи Монголд орж ирдэг гэсэн мэдээлэл байна. Тиймээс  гааль дээрх нохойны албыг өргөжүүлж, боомт болгон дээр ажиллуулах хэрэгтэй.

-Танд Ардчилсан намын даргад өрсөлдөх сонирхол байна уу?

-Надад одоогоор тийм бодол алга. АН-ын шинэ даргаар өөрийгөө золиосолж чадах, намын эв нэгдлийг хангах хүнийг сонгох ёстой.