Л.Гантөмөр БСШУ-ы сайд байх үедээ хамгийн олон хүний зээл тэглэх шийдвэр гаргасан

  • 2025-01-06

Л.Гантөмөр БСШУ-ы сайд байх үедээ хамгийн олон хүний зээл тэглэх шийдвэр гаргажээ. Тодруулбал Тэрбээр 2012-2016 онд 435 суралцагчийг 40.6 тэрбум төгрөгийн зээлээс чөлөөлсөн аж. Түүний дараа сайдын албан тушаалд томилогдсон Г.Чулуунбаатар 51 хүний 4.8, Ц.Цогзолмаа 73 суралцагчийн 6.3, Ё.Баатарбилэг 82 иргэний 8.5, Л.Цэдэвсүрэн 26 хүний 1.9, Л.Энх-Амгалан 89 суралцагчийн 9.05 тэрбум төгрөгийн зээлийг тус тус тэглэжээ.

Л.Гантөмөр БСШУ-ны сайд байхдаа Боловсролын зээлийн сангаас гаргасан зээлийг тэглэсэн. Үүгээр ч зогсохгүй өөрийн охин Г.Хулангаа өөрөө сонгон шалгаруулж БЗС-аас зээл олгосон байдаг. 

Энэ талаар иргэн О.Батнайрамдал Улсын Ерөнхий Прокурорын газарт гомдол гаргаад байгаа юм. 

Л.Гантөмөр Боловсролын сайд байхдаа 40.6 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн. Энэ чөлөөлөлтүүд бүгд хуулийн, дүрмийн, журмын бус. Хэний хүүхдийн зээлийг чөлөөлөөд хэний хүүхдийнхийг чөлөөлөөгүй вэ гэдгийг яагаад одоо болтол тодорхой болгохгүй байгаа юм бэ. Иймээс Л.Гантөмөрт гомдол гаргаж, УЕПГ-т хүргүүлж байгааг мэдээлсэн байдаг. 

Эргэн сануулахад БСШУ-ны сайд асан, АН-ын дарга Л.Гантөмөрийн охин Г.Хулан нь АНУ-ын Брауны их сургуульд мэдээллийн технологи, компьютерийн шинжлэх ухаан чиглэлээр суралцахаар БЗС-аас 127 мянган ам.долларын зээл авч суралцсан байдаг. 

Түүнчлэн аудитын дүгнэлтээр сургалтын төрийн сан нь зарим суралцагчдад сургалтын төлбөр дээр амжиргааны зардлыг илүү олгосон зөрчил илэрч байжээ.

Эдгээр суралцагчдын дунд Л.Гантөмөрийн охин Г.Хулан багтсан байдаг бөгөөд хоёр ижил нэхэмжлэлээр давхардуулж 4 удаа гүйлгээ хийж 151.000 доллар буюу 500 гаруй сая төгрөгийг илүү олгосон байна. 

Эх сурвалж: Eguur.mn

Нийтлэгдсэн огноо: 2023.05.22