Уул уурхайн төслүүдийг онилж, шантааж хийж ирсэн “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийхөн өчигдрөөс /2026.06.17/ Өмнөговь аймгийн Цагаанхад орчимд авто зам хааж, “Оюутолгой” компанийн зэсийн баяжмал тээвэрлэсэн автомашинуудыг хил гаргалгүй зогсоов. Зам хааснаас болж, баяжмал тээвэрлэлт зогсож зөвхөн өчигдрийн тухайд 4500 тонн баяжмалыг БНХАУ-руу экспортод гаргаж чадаагүй гэх мэдээллийг холбогдох албаныхан өгч буй. Хэрвээ ийм байдлаар экспортыг үргэлжлүүлэн гацаавал Монгол Улсын эдийн засагт ч асар их хохирол дагуулна.
“Оюутолгой” компанийн зүгээс дээрх үйл явдалтай холбогдуулж уриалга гаргах үеэрээ “Экспорт саатсан нэг долоо хоног тутамд улсын төсөвт ойролцоогоор 35 тэрбум төгрөгийн татварын орлого, тэр дундаа 21 тэрбум төгрөгийн АМНАТ тасалдах эрсдэлтэй” гэдгийг сануулсан юм.
Мөн энэ үйл явдалтай холбоотойгоор анхаарах чухал нэг асуудал байгаа нь Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” компанитай Оюутолгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцээ хийж буй эгзэгтэй үед “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийхөн гэж өөрсдийгөө тодотгосон шантаажчид тэмцлээ зогсоохгүй гэж муйхарласаар байгаа нь нөхцөл байдлыг улам ч дордуулж мэдэхээр буй. Нэг үгээр хэлбэл, шантаажчдын зам хаасан муйхарлалаас болж, экспорт саарвал компани алдагдал хүлээх төдийгүй Монгол Улсад орж ирэх татварын орлого ч буурна. Нэг долоо хоногт улсын төсөвт 35 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлдэг гээд тооцвол Оюутолгой төслийн үр өгөөжийг чамлах аргагүй. Энэ мөнгөөр төр наанадаж хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр, халамжаа тавина. Дээр нь Оюутолгой төслийн үр өгөөжөөр Монгол Улсын валютын нөөц арвижиж ирснийг мартах учиргүй. Нүүрсний үнэ шалдаа буусан энэ хэдэн жилд Оюутолгойн баяжмалын экспортоос орж ирэх орлого Монгол Улсад хамгийн их ашиг тус өгч буй. Хэдийгээр Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг засч сайжруулах зүйл байгаа нь үнэн ч хуурамч эх орончдын балгаар баяжмалын экспортыг нам гацаавал Монгол Улсын эдийн засагт асар их хохиролтой төдийгүй дэлхий дахинд дүрэмгүй улс болж, харагдана.
Иймээс улсын эрх ашиг гэж цээж дэлдэн, шантааж хийж байгаа нэр бүхий иргэдээс хэдий хугацаагаар авто зам хаана, тэр хугацаанд үүссэн хохирлыг нэхэмжилж, төлүүл.
Ер нь ч уул уурхайн төслүүдийг онилж, шантааж хийдэг хэсэг нөхдийн ард гадныхан байдаг гэх асуудал ч хөндөгддөг. Гэхдээ хариуцлага тооцож байсан жишээ ховор. Харин өчигдрөөс дахин хөндөгдөж эхэлж байна.
Оюутолгой төслийг эхлүүлж байсан Ерөнхий сайд асан С.Баяр “Бид тусгаар улс! Гадны гар хөл арай л даврав. Төр маань төмөр нүүрээ харуулдаг цаг нь мөн” гэж байр сууриа илэрхийлээд буй.
Иймээс Засгийн газар зохих арга хэмжээ авахгүй бол гадны гар хөл болсон хуурамч эх орончдын балгаар улсаа хорлож гүйцэх нь.
Засгийн газраас Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаар ахлуулан ажиллуулснаар тодорхой үр дүнд хүрсэн. Менежментийн төлбөрийг 50 хувь буюу хоёр дахин бууруулж, давхардлыг арилгах тохиролцоонд хүрсэн. Үүний үр дүнд Монгол Улсын хүртэх өгөөж 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэх боломжтой болсон юм.
Харин зээлийн хүүг бууруулах ажлын хэсгийг Сангийн сайд З.Мэндсайхан ахалж байна. Зээлийн хүүг олон улсын жишигт хүргэж буулгах зорилго дор хэлэлцээр үргэлжилж буй. Амаргүй нөхцөлд буюу хоёр тал харилцан хатуу нөхцлийг тавьсаар байгааг ажлын хэсгийн ахлагч долоо хоногийн өмнө мэдэгдсэн.
УИХ-аас баталсан 120 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга дарга Б.Энхбаяр, Хууль зүйн сайд С.Амарсайхан нар ахалж байгаа. ажлын хэсэг Үндсэн хууль болон УИХ-ын тогтоолын дагуу стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, “Онтрэ” (Entree) компанийн лицензийг хуульд нийцүүлэх чиглэлээр хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж буй юм.
Ийм эгзэгтэй чухал хэлэлцээ хийгдэж байгаа үед зам хаасны ард ямар эрх ашиг байв гэдгийг хуулийн байгууллага ч сайтар шалгаж, холбоо сүлбээг нь илрүүлэх шаардлагатай.
Г.ХОРОЛ