Өнгөрөгч 2020 оны нэгдүгээр сард Хотын дарга С.Амарсайхан /Одоо Шадар сайдын албыг хашиж буй/ Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх төслүүдийг танилцуулж байсан. Энэ үеэр соронзон галт тэрэг, агаарын дүүжин тээвэр зэрэг монголчуудын хувьд шинэ тээврийн хэрэгслүүд яригдсан.
Ялангуяа Франц улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжинэ гэх агаарын дүүжин тээврийн төсөл нь ихээхэн анхаарал татаж байв. Тухайлбал, “Баянхошуу-Ханын материал-3,4-р хорооллын эцэс” ба “Долоон буудал- Дарь эх- Сансар” гэсэн хоёр чиглэлд уг дүүжин тээврийн сүлжээг барина, нэмэх, хасах 50 хэмд тэсвэртэй ажиллана гэгдсэн. Мөн нэг кабинд 8-10 хүн тээвэрлэх ба жилд 3.2 сая зорчигч явна гэдэг тооцолол танилцуулагдсан.
Хамгийн гол нь санхүүжилтийн асуудал. Юуны өмнө дүүжин тээврийн ТЭЗҮ-ийг 2020 оны дөрөвдүгээр сард батална гэж ярьж байв. Үүнийг Францын Засгийн газрын санхүүжилтээр хийсэн байх учиртай. Харин ТЭЗҮ гарсны дараа тус улсын Засгийн газраас авч буй хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр төслийг хэрэгжүүлж эхэлнэ гэж мэдэгдсэн байдаг.
Нийслэлчүүдийн хувьд уг төслийг “Дараагийн метроны үлгэр” гэж хүлээж авсан нь нууц биш. Үнэхээр дүүжин тээврийг 2021 онд ашиглалтад оруулна гэж ярьж байсан мэргэжилтнүүдийн үг өнөөдөр хэвлэлийн хуудаснаа үлджээ. Энэ хугацаанд коронавируст цар тахал гарч, хэрэгжих олон чухал төсөл хөтөлбөрүүд хойшилсныг энд дурдах хэрэгтэй.
Гэвч 2020 оны наймдугаар сард Францын ажил гүйцэтгэгч хоёр компани руу нийт 22 тэрбум төгрөгийг урьдчилгаа төлбөр болгон шилжүүлсэн шилэн дансны гүйлгээ байна. Тодруулбал, “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл”-ийн хүрээнд франц хаягтай компани руу 22 тэрбум төгрөг шилжүүлжээ. Гүйлгээний утгыг “Захиалагчаас гүйцэтгэгчид шилжүүлсэн эхний урьдчилгаа төлбөр” гэж дурджээ.
Уг төслийг эхлүүлж зарласан С.Амарсайхан одоо Шадар сайд болсон. Харин Нийслэлийн Засаг даргаар Д.Сумъяабазар ажиллаж буй. Тэгвэл түрүү жилийн дөрөвдүгээр сард ТЭЗҮ нь батлагдаад, барилгын ажил нь эхэлчихсэн байна гэж ойлгогдсон дүүжин тээврийн үнэр нь ч алга. Өнөөх Франц улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийг сураг ч сонсогдсонгүй. Харин урьдчилгаа төлбөр гэж 22 тэрбум төгрөг улсын төсвөөс нэгэнт гарч оджээ.