 
                        
УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүнийг зангидаж чадахгүй, Удирдах зөвлөлөөсөө тусламж эрэн гүйж явсан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлсэнд гишүүд нь ч дургүйцэж буй гэх. Шүүмжлэлтэй хандаж байгаа гишүүдийн байр суурийг ч буруутгах аргагүй. Учир нь, үе, үеийн парламентад УИХ дахь МАН-ын бүлэг байгуулагдаж ажиллахад өнгөрсөн өдрүүдийнх шиг биенээ үзэж чадахгүй хэмжээнд хүрч томоор хагарсан тохиолдол байхгүй. Энэ бол бүлгийн дарга гишүүдээ зангидаж, эв нэгдэл хангаж чадаагүйгийн хамгийн том сургамж юм. Талцал хуваагдлаас болж УИХ-ын нэр бүхий гишүүд нь толгой тархиараа мөргөлдөж мөчөөрхөлцсөн тал ч бий. Зарим нэг гишүүдийнх нь хоорондын маргалдаан одоо ч дуусаагүй “Намайг заналхийлсэн” гэж биенээ буруутгасаар л байгаа.
Уг нь энэ бүрийг зохицуулж, хэл амаа дарж, төрийн түшээ хүн шиг байцгаах сургааль айлдаж базах ёстой хүн бол тухайн бүлгийг удирдаж байдаг дарга юм. Харамсалтай нь, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн хувьд бүлгийнхээ 68 гишүүн дунд эв нэгдэл хангаж чадаагүйгээр үл барам өөрийг нь бүлгийн даргаас огцруулсныг үл зөвшөөрч тамгаа ч өгөхгүй, өрөөгөө ч суллахгүй гүрийсэн. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг хэдэн долоо хоногийн турш хуралдаж чадахгүй хоёр талцсан. Энэ завсар Монгол Улсын 2026 оны төсвийн хэлэлцүүлэг ч урагшлахгүй болж өнөөдөр дөнгөж хоёрдугаар хэлэлцүүлгийн шатанд байна.
Ийм болтол нь бүлгээ доройтуулсан хүн хууль тогтоох дээд байгууллагын хоёрдугаар хүн болох нь хэр зохистой вэ гэдэг асуудал хөндөгдөгдөж буй аж. Учир нь УИХ-ын дэд дарга болно гэдэг өөрийн намынхантай төдийгүй өрөөлийн намынхантайгаа учраа олж чадах хүн байх ёстой. Тэгж байж УИХ-ын ажил урагшилна. Гэтэл 68 гишүүнээ зангидаагүй, дайсан болгож хаясан нөхөр 126 гишүүнийг “базна” гэдэг Ж.Бат-Эрдэнэ гишүүнээс давсан ажил болж хувирахыг ч үгүйсгэх аргагүй.
Нөгөө талдаа УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүнийг эвлэрүүлэх нэрийн дор МАН-ын Удирдах зөвлөл төрийн том албан тушаалуудыг “наймаалцаж” эхэллээ гэх шүүмжлэл ч хөвөрч эхлэв.
Уг нь зарчмаараа хариуцлага тооцсон тохиолдолд албан тушаалд нэрийг нь дэвшүүлэх ёсгүй байтал УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ зэрэг ахих болсонд УИХ-д суудалтай бусад намынхан нь ч гайхаж байгаа сурагтай.
Г.ХОРОЛ