Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус XIII хуралдаан өнөөдөр /2026.06.17/ болж байна. Хуралдааны эхэнд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцууллаа.
Төсвийн тухай хуулийн 34.2, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолыг үндэслэн Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолыг төслийг боловсруулжээ.
Үүнд,
-Нефть, нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөний улмаас нийтийн тээвэр, хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчилгаа зэрэг суурь үйлчилгээний зардалд нөлөөлж байгаа учраас шаардлагатай нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх,
-2006-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд 280 мянган тонн хагас коксжсон шахмал түлш, 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш мидлинг худалдан авч хэрэглэгчид нийлүүлэх шаардлагатай нэмэлт эх үүсвэрийг шийдвэрлэх,
-Төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл болон он дамжин зарцуулагдах мөнгөн хөрөнгийн үлдэгдлийн бодит хэмжээ анхны төсөөллөөс өөрчлөгдсөн тул төсвийн орлого санхүүжилтийн эх үүсвэрийн тооцооллыг бодит нөхцөл байдал нийцүүлэн шинэчлэх,
-Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээ байгуулагдаагүй хөрөнгө оруулалтын төслийн санхүүжилтийг төсвөөс хасаж, төсвийн үр ашиг сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай учраас 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон байна.
-Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу гэрээ байгуулагдаагүй, төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан хөрөнгийн төсөл арга хэмжээний зардлыг 443.2 тэрбум төгрөгөөр бууруулж, ажлын гүйцэтгэлтэй уялдуулж, хөрөнгийн төсөл арга хэмжээний зардлыг 25.3 тэрбум, урсгал зардлыг 404 тэрбум, орон нутгийн сангийн зардлыг 52.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлжээ.
-Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2025-2026 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зардлыг 49.3 тэрбум төгрөгөөр бууруулж, орон нутгийн сангийн хөрөнгөөр дамжин санхүүжих төсөл арга хэмжээний дүнг 2.9 тэрбум төгрөгөөр, нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг 30.6 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр төсөлд тусган Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэв.
НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул:
-2026 оны төсвийг батлаад гуравдугаар сард тодотгосон. Дахиад гурван сарын дараа тодотгож байгаа нь ямар учиртай юм бэ гэж иргэд эргэлзэж, асууж байна. Энэ удаагийн тодотголын зорилго нь юу вэ гэдэгт тодорхой хариулж өгөөч.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва:
-Нийслэлийн төсвийг гуравдугаар сард “COP17”-г зохион байгуулахтай холбоотойгоор тодотгосон. Харин энэ удаагийн тодотголоор өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, түлш бэлтгэх, шатахууны үнийн өсөлттэй холбоотой нэмэгдсэн нийтийн тээвэр, хот тохижилтын зардлыг ахин тооцох шаардлага үүссэн. Гуравт, Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар сарын 31-нээр дуусгавар болгодог заалтаар татагдсан хөрөнгийг нэн шаардлагатай, тулгамдсан асуудалдаа дахин хуваарилсан. Мөн он дамжиж тавигдсан ч энэ ондоо оруулчих боломжтой нийслэлийн 5 сургууль, нэг цэцэрлэг, 7 байрлалын автозамтай холбоотой зардлыг оруулсан.
НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Сандагсүрэн:
-Бүлгийн хурал дээр нэлээд ярилаа. Улс орны хэмжээнд маргаан үүсээд олон жил болж байгаа асуудал хөндөгдөөд байна. Иргэдийн хурлын төлөөлөгч нар гүйцэтгэх засаглалд орж ажиллах юм уу, үгүй юм уу гэдэг дээр цэг тавимаар байна. УИХ ын гишүүд гүйцэтгэх засаглалд орж ажиллах юм уу, үгүй юм уу гэж маргалдсаар байгаад эцэст нь хуульдаа өөрчлөлт оруулаад бүх сайд нараа УИХ –ын гишүүдээс томилсон. Ерөнхий сайд УИХ-ын гишүүнд санал тавиад танхимдаа ажиллуулдаг байлгүй. Яг тэрэн шиг Засаг дарга Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нартаа санал тавиад гүйцэтгэх засаглалдаа ажиллуулдаг. Энэ хүмүүстээ цалин өгөх нь зөв юм уу, буруу юм уу. Нийслэлийн Засаг дараг та төслийн зохицуулагч, орлогч дарга нараа НИТХ-ын төлөөлөгч нараасаа тавъя гээд орж ирж байгаа. НИТХ-ын төлөөлөгч нар Удирдах звөлөлөөсөө гаръя гэдэг санал тавьж байна. Би бол эсрэг байр суурьтай байна. Нийслэлийн өмчит компанийн Удирдах зөвлөлийн есөн гишүүний 1-2 нь НИТХ-ын төлөөлөгч, бусад нь бие даасан гадны эксперт, төрийн албан хаагч ороод явдаг. Бөөнөөрөө ТУЗ-ийн гишүүн болоод асуудал шийддэг гээд сонсголоор яваад байна лээ.
НИТХ-ын дарга Д.Ихбаяр:
-Нэр ус нь мэдэгдэхгүй, зураг хөрөг нь харагдахгүй хаягнаас нийслэлийн төрийн өмчит компанийн хаяг, лого тавиад, НИТХ-ын төлөөлөгчийн зураг хөрөгтэй, тооцоолыг яаж гаргасан нь мэдэгдэхгүй илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цахим орчинд явлаа. Иймээс иргэд хаанаас явж байгаа нь мэдэгдэхгүй мэдээлэлд шүүлтүүртэй хандаасай. Үнэн бодит мэдээллийг ил гаргаж тавина.
НИТХ-ын төлөөлөгч нь Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ямар ТУЗ-д цалин урамшуулалтай ажиллаж байгаа нь ил, бүгд орлгоо мэдүүлдэг. НИТХ-ын төлөөлөгчийн хувьд иргэдийн өмчид хяналт хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Өмчийн удирдлагын тухай хууль, Компанийн тухай хууль дүрэмд заасны дагуу ажиллаж байгаа. Нийслэлийн өмчит компанийн ТУЗ 9 гишүүнтэй. Энэ есөн гишүүний гурав нь хараат бус, 30 гаруй хувийг эзэлж байгаа. Өмчийн эзэн хяналт хэрэгжүүлэхээр НИТХ -ын төлөөлөгчөөс гурван төлөөлөгч оруулж байгаа. Үлдсэн гурав нь мэргэжлийн төрийн албан хаагч болон тухайн салбарын мэргэжлийн хүмүүс байдаг. Энэ нь тухайн компанийн дүрмээр зохицуулагдаж явдаг. НИТХ -ын төлөөлөгч нар Удирдах зөвлөлөөс гаръя гэж байна лээ, энэ бол боломжгүй. Хэн хяналт хэрэгжүүлэх юм. Хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай.
Би болъё гээд ТУЗ-ийн гишүүнээр оччихдог юм байхгүй, НИТХ ын хурлаар санал хураагаад дэмжигдсэн төлөөлөгч очиж ажиллаж байгаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва:
-НИТХ -ын 45 төлөөлөгчөөс нэг нь ч хууль зөрчөөгүй. НИТХ-ын төлөөлөгч маш олон хүний санал авч сонгогддог, зарим төлөөлөгч 40, 50 мянган хүний санал авч сонгогддог. Тийм учраас асуудлыг нь шийдэх шаардлагатай байдаг. НИТХ-ын төлөөлөгчид давхар ажил хийх эрх нь нээлттэй. Нийслэлийн өмчийн эзэн нь НИТХ. Өмчийн удирдлагын тухай хуулиар НИТХ-ын төлөөлөгч нь нийслэлийн өмчит компанийн ТУЗ-д байх бүрэн боломжтой, хуулиар хориглсон зүйл байхгүй. Хэрвээ засаглалыг нь өөрчлөх шаардлага байгаа бол хуулийг өөрчлөх эрх нь УИХ-д байгаа.
Нийслэлийн харьяанд байгаа 114 байгуллага, компанийн бүтцийг эргэж харах шаардлага бий. Ирэх намар тодорхой өөрчлөлт хийнэ. НИТХ-ын төлөөлөгч нарын цалин урамшуулалтай холбоотой буруу зөрүү мэдээлэл явж байна лээ. НИТХ-ын төлөөлөгч Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр урамшуулал авдаг, 100, 100 саяар авдаг тохиолдол байхгүй. Санхүү хөрөнгө оруулалтын газраас шаардлагатай мэдээллийг өгч болно. Иргэдэд мэдээллийг нээлттэй өгөхгүй бол сая сонсголын үеэр буруу мэдээлэл өгсөн.










Г.ХОРОЛ