Монгол Улсын Засгийн Газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
- Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;
- Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх;
- Салбарын ба салбар хоорондын, түүнчлэн бүс нутгийн хөгжлийн асуудлаар арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх;
- Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах;
- Төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх;
- Улсыг батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах;
- Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
- Төрийн гадаад бодлого хэрэгжүүлэх;
- Улсын Их Хуралтай зөвшилцөж дараа соёрхон батлуулахаар Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, түүнчлэн Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, цуцлах.