Д.Мөнхбаатар: Тавдугаар сар хүртэл дроноор айл өрхийн яндангаас ялгарч буй утааг шалгана

  • Эх сурвалж: news.mn
  • -0001-11-30

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас холбогдох ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тухайлбал, 2025-2026 оны өвөл нийслэлийн хэмжээнд 172 мянган айл өрх сайжруулсан болон хагас коксон түлшийг хэрэглэснээр агаарын бохирдлыг 40-50 хувь бууруулна гэж нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдэгдэж байсан. Үүнээс гадна агаарын бохирдлыг бий болгоход айл өрхийн яндангаас гарч буй утаа 55.6 хувь, автомашин 28.9 хувь, бусад 15.5 хувийг эзэлдэг гэсэн судалгааг JICA хийсэн байдаг. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд аравдугаар сараас төвийн зургаан дүүрэгт өглөөний 8.00-9.00 цаг, оройны 20.00-21.00 цагуудад дрон нисгэж, аж ахуйн нэгжүүд болон айл өрхүүдийн яндангаас гарах утааг хянах, агаарын бохирдлын нөхцөл байдлыг хэмжихээр болсон юм. Хяналтын дроны нэг ээлжийн нислэгт 3-4 км радиуст хяналт хийх бүрэн боломжтой аж.

Тэгвэл агаарын бохирдлыг бууруулах ажлын талаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатараас тодрууллаа.

-Тэрбээр, “нийслэл Улаанбаатар хотод айл өрх, аж ахуй нэгжүүдийн дээгүүр дрон нисгэж байгаа шалтгаан нь зөвшөөрөгдсөн түлшээс өөр түлш хэрэглэж байгаа эхэсийг шалгахаар ажиллаж байна. Учир нь агаарыг бохирдуулж байгаа зүйлсүүдээс уурын болон усан халаалтын зуух, нам даралтын зуухууд хориглосон түлш түлж байгаа юм. Тиймээс, хяналт шалгалтын ажлын хүрээнд авто засвар, нам даралтын халаалттай ААН-үүд ашигласан тос масло, автомашины дугуй, резин хэрэглэж байгааг уг ажлаар шалгах юм. Тэгэхээр, эдгээр зүйлсийг хэрэглэсэн үед яндангаас гүн хар утаа ялгардаг. Энэхүү гарч байгаа утаа нь хүний эрүүл мэндэд сөрөг хар тунгалаг болон хортой бодисыг ялгаруулдаг.

Хяналт шалгалтын ажлын хүрээнд зөрчил илэрсэн ААН-ийг гурван сая төгрөгөөр торгоно. Харин айл өрхүүдэд сануулга болон анхааруулга, сэрэмжлүүлэг өгнө.

Улмаар анхааруулга авсан айл өрх дахин хэрэглээд байвал захиргааны арга хэмжээ авч торгох болно. Айл өрх, ААН-үүдийн дээгүүр дрон нисгэж утааны түвшин шалгах ажил энэ жил хэрэгжиж байгаа ажил биш юм. Өнгөрсөн 2024-2025 онд ААН-үүд зөвшөөрөгдсөн түлшнээс өөр түлш хэрэглэсэн тохиолдол гарч байсан. Тиймээс тухайн үед байгаль орчны албан хаагчид, цагдаагийн алба хаагчид арга хэмжээг авч байсан. Айл өрхүүдийн хувьд хяналт шалгалтаар өөр түлш хэрэглэх тохиолдол ААН-ээс бага байдаг.

Төвийн зургаан дүүрэгт өдөр өдрөөсөө хамаарч дрон нисгэж айл өрх, ААН-үүдийн ялгаруулж буй утааг шалгахаар төлөвлөсөн. Гал, галалгааны улирал эхэлсэнтэй холбогдуулан энэхүү ажлыг тогтмол хийдэг бөгөөд ирэх оны тавдугаар сарыг дуустал дроноор дамжуулж ялгарч буй утааны түвшинг тогтооно” гэлээ.