 
                        
Монгол шатахууны хувьд Москвагаас 98 хувийн хараат. Энэ нь хойд хөрш цоргоо хаавал Монгол явгарна, Монголын эдийн засгийн цусны эргэлт тэг зогсоно гэсэн үг.
Өнгөрсөн өдрүүдэд улс даяар шатахууны хомсдол нүүрлэж, үүнд “хэн буруутай вэ” гэх буруутны эрэлд улсаараа мордсон. Үнэндээ, Монголд шатахууны хомсдол үе, үе нүүрлэж, иргэд ШТС-ын гадаа өнжин, хонодог нь гэм биш болоод удаж байгаа. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед ч Монголд шатахууны хомсдол нүүрлэж, Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлуулж байв.
Тиймээс өнөөдрийн үүсэн нөхцлийн үндсэн шалтгааныг эмчлэхгүйгээр маргааш ч шатахууны хомсдол нүүрлэнэ. Тэгэхээр шатахуун яагаад хомсдсон бэ гэдэг оношоо зөв тогтоох ёстой.Тэгвэл яаж хомсдлоос салах вэ гэсэн гарцаа олох хэрэгтэй.
Нэг. Монгол Улсын шатахууны хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Статистикаас харвал энэ оны эхний найман сарын байдлаар Монгол Улс 77992 ширхэг суудлын автомашин импортолжээ. Энэ хэрээр шатахууны хэрэглээ нэмэгдсэн нь ойлгомжтой. Гэвч шатахууны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр агуулах савны дутагдал үүсч, энэ нь хомсдлын нэг үндсэн шалтгаан болсон. Харамсалтай нь, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед шатахууны агуулах сав барих хангалттай боломж байсан. Нүүрсний үнэ дэлхийн зах зээлд хамгийн оргилдоо хүрсэн үеийг Л.Оюун-Эрдэнэ олигтой ашиглаж чадаагүй гэсэн үг. Тэр тусмаа “Тамгагүй төр”-д заруулсан гэж баримтаар дэлгэгдсэн 1.9 сая ам.доллар бол нэг биш нэжгээд агуулах барьчих хөрөнгө юм. Үндсэндээ шатахууны агуулах, саваа нэмэгдүүлэхгүйгээр хомсдлоос салах боломжгүй. Засгийн газар ирэх жил бензин шатахууны агуулах барих хувийн хэвшлийн ажил ахуйн нэгжүүдийн зээлийн хүүгийн татаасанд 25 тэрбум төгрөг төсөвлөсөн. Аж ахуйн нэгжүүд 1.5 жилийн дотор агуулах саваа шинээр барьж, ахиухан шатахуун нөөцлөх боломжтой болно гэж тооцож байгаа аж.
Хоёр. Шатахууны үнийг олон жилийн турш барьж ирсэн. Үүнээс болж шатахууны хомсдол үүсэх бүрт төр-импортлогч хоёрын дунд үл ойлголцол Үнэндээ төрийн оролцсон, оролцоотой бүх салбар өдгөө дампуурлаа зарлах дээрээ тулдаг. Тэгэхээр төр өнөөдөр юу хийх ёстой вэ гэвэл ачааллаа багасгаад үнийг чөлөөлөх ёстой.Үнэ тогтвортой байх биш нийлүүлэлт хэвийн байх нь эдийн засагт илүү чухал юм.
Тиймээс шатахууны үнийг чөлөөлөхгүйгээр суурь шалтгааныг эмчлэх боломжгүй. Үндсэндээ, үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс АИ 92-ын үнийг чөлөөлчихөд шатахууны хомсдол дахиад нүүрлэхгүй байх боломжтой юм.
Гурав. Оросын дотоодын улс төр-эдийн засаг тун тогтворгүй байна. Энэ хэрээр ч Монголын эдийн засагт гаднаас хараат импортын хямрал нүүрлэж болзошгүй болсон. Тиймээс импортын эх үүсвэрийн тоог нэмэгдүүлэхгүйгээр хомсдолыг шийдвэрлэхэд хэцүү. Москвагийн хараат байдлаас Монгол Улс гаръя гэвэл шатахууны үнийг чөлөөлөх ёстой юм.
Б.БАТ