 
                        
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах асуудалд монгол хүн бүр санаа чилээж байна гэхэд хилсдэхгүй. Тиймээс хөрөнгө оруулагч талтай хийх Засгийн газрын хэлэлцээ олны анхаарлын төвд ороод удав. Энэ бол монгол хүн байгалийн баялагтаа эзэн байх, түүнийхээ өгөөжийг тэгш хүртэх тухай Үндсэн хуулийн заалтыг амилуулах боломжийг наашлуулах хэлэлцээ юм. Учир нь монголчууд бид гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчтай хийсэн анхны том мега төслийнхөө ногдол ашгийг одоо болтол хүртэж эхлээгүй. Тийм атлаа хөрөнгө оруулагч талдаа баахан өртэй. Энэ өр хэрхэн үүссэн бэ гэвэл “Оюутолгой” төсөл анх хэрэгжсэн 2009 оноос эхлэн өнөөдрийг хүртэлх 16 жилийн хугацаанд нийт 26 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэнээс 20 тэрбумыг нь зээлээр санхүүжүүлжээ. Дараа төлөх нөхцөлтэй учраас энэ нь өр болсон гэсэн үг. Тухайн үед зээлийн хүүг 11,1 хувиар тооцож тогтоосон нь төслийн эрсдэлийг тооцож, түүнтэй уялдуулсан хувь, хэмжээ байв.
Өнгөрсөн хугацаанд төслийн эрсдэл буурсаар өнөөдрийн байдлаар бараг 0 хувьтай болсон. Гэтэл 16 жилийн өмнөх зээлийн хүү хэвээрээ. Иймээс дээрх хүүг зах зээлийн зарчимд нийцүүлэн бууруулах нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ. Монголчууд бид өнөөдрийг хүртэл Оюутолгойн ногдол ашгаа хүртээгүй яваагийн учир нь 34 хувийн ногдол ашгаа авахын тулд зээлээ бүрэн төлж дууссан байх ёстой гэж гэрээнд тусгасных. Монголын талын “Рио Тинто” группээс авсан нийт 12.1 тэрбум ам.долларын зээл бий. Үүний тал нь хуримтлагдсан хүү юм. Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрын хамгийн эхний гэрийн даалгавар нь уруудаж байсан эдийн засгийг сэргээх байсан бол удаах нь Оюутолгойн гэрээг сайжруулах, Монголын эрх ашгийг хангуулах болоод байна.
Оюутолгойн гэрээг анх байгуулахдаа Монголын тал 53 хувийн өгөөж хүртэнэ гэж заасан ч өнөөдөр 26-27 орчим хувийн л өгөөж хүртэхээр байгаа гэх. Өгөөжийг гэрээнд заасан хэмжээнд хүргэхийн тулд хэт өндөр хүүтэй зээлийн хүүг бууруулах, төслийн зардлаас менежментийн төлбөр тооцдог байдлыг болиулах шаардлагатай гэж. үздэг. Зээлийн хүүг бууруулахын тулд хөрөнгө оруулагч талтай хэлэлцээний ширээнд суух ёстой. Гэрээнд зааснаар, зээлийн хүүгийн асуудлыг долоон жилд нэг удаа авч хэлэлцэх боломжтой. 2018 онд энэ боломжоо ашиглаж чадалгүй өнгөрөөсөн. Дараагийн цикл нь 2025 онд тохиож байна. Энэ бол монгол хүн баялагтаа эзэн гэдгээ батлах хэлэлцээ юм. Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Үндсэн хуульд оруулсан заалтаа амьдралд хэрэгжүүлэхийн тулд одоо л улс төрийн манлайлал, хэлэлцээний уран нүүдэл хийх цаг.
Монголын талаас энэ асуудлыг хөндөхдөө олон улсын жишигт нийцсэн, өөрөөр хэлбэл шударга зарчимд нийцсэн байдлаар зээлийн хүүг бууруулах санал тавьж буй. Хэрэв манай талаас санал болгох зээлийн хүүг 2-3 нэгжээр бууруулах хүсэлтийг хөрөнгө оруулагч тал хүлээн авбал Монгол Улсын Засгийн газарт ногдох өгөөж 2 тэрбум ам.доллароор нэмэгдэх тооцоолол бий. “Рио Тинто” компанитай “Оюутолгой” төслийн Монголын ард түмэнд ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэхээр хэлэлцээ өчигдөр албан ёсоор эхэлсэн. Энэ цаг хугацаанд манай улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ сайжирсан нь таатай мэдээ.
Г.Занданшатарын Засгийн газраас эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, түүний үр дүнд сүүлийн гурван сард эдийн засагт гарсан эерэг өөрчлөлт үүнд нөлөөлсөн. Хоёр долоо хоногийн өмнө Фитч (Fitch Ratings) агентлаг манай зээлжих зэрэглэлийг “B+, Тогтвортой” төлөвт хэвээр хэмээн үнэлсэн бол өчигдөр Эс энд Пи /S&P/ агентлагаас манай улсын зээлжих зэрэглэлийг “ВB-, Тогтвортой” болгон сайжруулснаа мэдэгдлээ. Үүний үр дүнд манайх “өрийн эрсдэл өндөртэй” ангиллаас гарч, “хөрөнгө оруулалтын тодорхой хэмжээний эрсдэлтэй” буюу илүү найдвартай ангилалд багтахаар болов. Чухал хэлэлцээний өмнө улсын санхүүгийн үзүүлэлт ингэж шат ахисан нь хэт өндөр зээлийн хүүг бууруулах ашигтай нөхцөл болж байгаа юм.