“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Г.Ёндон өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад багагүй хугацаа өнгөрсөн. Тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ “Эрдэнэс Монгол”-д гаргасан ч одоогоор түүний хүсэлтийг хүлээн авах, дараагийн хүнийг томилох асуудал Б.Даваадалайгийн гарт бий.
Г.Ёндонгийн хувьд 2022 оны наймдугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлаар томилогдож байв.
Г.Ёндонгийн хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газарт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байгаад сайдаасаа чөлөөлөгдөж, тус үйлдвэрийн захирлаар ажиллаж эхэлсэн. Уулын инженер-маркшейдер мэргэжилтэй, Монгол Улсын зөвлөх инженер Г.Ёндонг улс төрийн хүрээнд Ерөнхийлөгчийн дотны найз, нэг фракцийнхан гэгддэг. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлаар томилсон бөгөөд одоо үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөний дараа Элчин сайдаар томилогдох тохироотой байгаа гэлцэж буй. Түүнийг 2024 оноос хойш ажлаа өгөхөөр яригдсан гэх мэдээлэл гарах болсон ч үгүйсгэж байсан ч энэ удаад 60 нас хүрч байгаа учраас тэтгэвэрт гарахаар ажлаа өгөх хүсэлтээ албан ёсоор өгчээ.
Одоогоор улс төрийн хүрээнд Г.Ёндонгийн оронд хэнийг томилох асуудал эцэслэгдээгүй ч горилогчид олон байгаа ч Ерөнхийлөгчийн найз, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийг томилно гэх мэдээлэл бий.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлын томилгоонд Ерөнхийлөгч өөрийн хүчээ алдахыг хүсэхгүй бөгөөд өөрийн фракцийн хүнээ тавих биз ээ гэж улс төрийн хүрээнд яригдаж буй нь ч оргүй биш юм. Б.Цэнгэлийн хувьд Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2020 оны долдугаар сард томилогдсон бөгөөд насаараа л дарга хийсэн, даргын тэнгэртэй гэж улс төрийн хүрээнд хочилдог. Ингэж ярихаас ч аргагүй бөгөөд 1990 оноос эхлээд Дархан хотын Ардын шүүхэд нарийн бичгийн даргаас эхлээд хийсэн ажил албан тушаал нь дандаа даргаар ажиллаж байсан түүхтэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дотны найзуудын нэг гэдэг.
Б.ЦЭНГЭЛ ГЭЖ ХЭН БЭ?
Б.Цэнгэл нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн, 1985 онд Дархан хотын 3 дугаар 10 жилийн дунд сургууль, 1990 онд хуучнаар ЗХУ-д Иванаво хотын Улсын Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, 2001 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистраар тус тус төгссөн. 1990 Дархан хотын Ардын шүүхэд нарийн бичгийн даргаар ажлын гараагаа эхэлж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Зохион байгуулагч,Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд Хуулийн зөвлөх,Шүүхийн ерөнхий зөвлөлд менежер,Нефть, онцгой албан татварын гаалийн газарт албаны дарга, 2001-2002 онд Гаалийн ерөнхий газрын Хяналтын шуурхай албаны дарга, Гаалийн ерөнхий газрын Хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хэлтэст Гаалийн улсын ахлах байцаагч, Улаанбаатар дахь Гаалийн газарт Орлогч дарга, Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга, Зам, тээвэр аялал жуулчлалын яамны харьяа Тээврийн үйлчилгээний төвийн захирал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто тээврийн газрын дарга, Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд, МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх, Гаалийн ерөнхий газрын даргаар, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал, Ерөнхий сайдын зөвлөх, 2020 оноос одоог хүртэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байна.
Н.УЧРАЛ ТӨБЗГ-Т ХҮНЭЭ ТОМИЛЖ ЧАДАХ УУ?
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар бол Ерөнхий сайдын харьяа байгууллага. Монголд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн эзэмшилт, ашиглалтад хяналт тавих, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд сайн засаглалыг хөгжүүлэх, удирдлага, менежментийг боловсронгуй болгох замаар төрийн өмчийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхэд зорилготой компани.
Гэвч төрийн өмчит компани, үйлдвэрүүд өр тавьж, ялсан намын гишүүдийг ажилтай, орлоготой болгодог газар болж хувираад удаж буй. Тиймээс ч төрийн өмчит компаниудын дийлэнх нь үр ашиггүй, өр зээлэнд баригдсан амьдардаг.
Үндэсний аудитын газраас 2025 онд 94 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудад шалгалт хийхэд 8,4 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн байдаг. Энэ бол төрийн өмчит компани, үйлдвэрүүд ямар хэмжээнд ажиллаж байгааг илтгэнэ.
Шинэ Ерөнхий сайд Н.Учралын хамгийн их ярьдаг сэдвийн нэг нь төрийн өмчитүүдийг цэгцлэх. Тэрбээр “Цаашид ашиггүй, орлогогүй ажиллах төрийн өмчийн компани байхгүй болно” гэж ярьж байсан. Тиймээс ч энэ удаад түүнд боломж гарч, төрийн өмчитүүдийн менежментийг шинэчлэх, заримыг нь татан буулгах, цэгцлэх боломж гарч байна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, Н.Учрал Б.Цэнгэлийн оронд өөрийн хүнээ тавьж, ярьдаг ажлаа хийх боломж гарч байна гэсэн үг. Гэхдээ Засгийн газрын сайд нарын томилгооноос харахад Ерөнхий сайд Н.Учрал төрийн өмчитүүдийн цэгцэлж, өөрийн хүнээ тавина гэдэг юу л бол. Эрх мэдлээ бусадтай битгий хуваалц гэсэн Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн жинхэнэ утгаараа ярьдаг ажлаа ажил хэрэг болгох боломж Н.Учралд гарч ирлээ. Харин тэр ашиглаж чадах уу гэдгийг харах л үлдэж байна.
Ш.ЧИМЭГ