Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-д сахиураар очоод нэг хоносны дараа тус төвийн орчныг голж, улмаар гэртээ гарсан тухай шуугиан олны анхаарлыг татаж байна. ХӨСҮТ-ийн “Улаан бүс” рүү орсон хүн тэндээ 14 хоног тусгаарлагдах ёстой байтал Шадар сайдын эхнэр шууд гэр рүүгээ явчихжээ. Засгийн газрын шийдвэрийг танилцуулах хурлын үеэр Шадар сайдаас сэтгүүлч энэ талаар тодруулахад тэрээр гэнэтийн асуултад цочирдож, ээрч мууран тодорхойгүй хариулт өгсөн. Тэрээр “Халдвар хамгааллын дэглэм баримтлагдаж явж байгаа. Шинжилгээгээ өгөөд явж байгаа. Шинжилгээний хариу нь сөрөг гарсан. Үүн дээр ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаа асуудал байхгүй учраас тийм зүйл байхгүй. Сахиураар очсон, өөрөө урвал өгсөн учраас буцаж тусгаарлагдсан. Шинжилгээ өгөөд хариу нь сөрөг гарсан учраас одоо ямар нэгэн байдлаар ХӨСҮТ-тэй холбоотой асуудал байхгүй ээ гэж ойлгож болно” гэсэн хариулт өгснийг бүгд сонссон. ХӨСҮТ рүү орсон хүн тусгаарлагдахгүйгээр шууд гэр рүүгээ явчихна гэдэг бол цар тахал дэгдсэн энэ үед онцгой бүсэд сахилга, хариуцлагыг маш ноцтой зөрчсөн хэрэг. Шадар сайдын эхнэр Ч.Ичинхорлоо ч өөрөө энэ талаараа мэдэгдэл хийж “Энэ асуудал олон нийтэд буруу зөрүү ойлголт өгч, дургүйцлийг нь төрүүлэх хэмжээний том асуудал болно гэж бодолгүй яарч тэвдэн явсандаа хүлцэл өчье” гэсэн нь буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн явдал юм.
Харин ХӨСҮТ-өөс ийнхүү мэдэгдэж байсан юм. УОК-ын даргын эхнэр учраас гаргахгүй ажлаасаа халагдаж магадгүй гэж бодоод Ч.Ичинхорлоог гаргасан. Бид аав ээжийгаа сахих гэж орж ирээд ганц хоночихоод гарна гэхэд нь их гайхсан гэсэн юм.
Эмнэлгийн халдвар хамгааллын дүрэм бол цусаар, хүний амь насаар бичигддэг гэж ярьдаг. Энэхүү дүрмийг хэрвээ хэн нэгэн зөрчвөл хүн нас бардаг, бүх юм балардаг гэж үздэг учраас ийнхүү онцгойлон дагаж мөрдсөөр ирсэн. “А” зэрэглэлийн, тахалтай, “Улаан бүс”-ээр ороод маргааш нь юу ч болоогүй мэт гараад явчихаж байгаа нь Монгол Улсын эсрэг хийсэн үйл ажиллагаа юм. Төрийн сайд ингэж улсынхаа эсрэг үйл ажиллагаа яавч явуулж болохгүй.
Өнөөдөр Монгол Улсын нөхцөл байдал хүндэрч, халдвараа алдчихаад байгаа нь яг л ийм хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдэлтэй. Өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын сүүлчээр Уханьд маш аюултай ханиад гарчээ гэдгийг мэдэнгүүтээ л Монгол Улс хилээ хаачихсан. Нэг хэсэгтээ бүх юмыг хяналтдаа байлгаж, дотооддоо халдвар аваагүй цөөхөн орны нэг гэгдэж байтал яг л энэ мэт сахилга бат алдсан, хариуцлагагүй үйлдэл хийснээс болж төмөр зам дагаж коронавирусийн халдвар Монгол Улсад орж ирсэн. Төмөр замчдын тэмцээн, Оросын мэргэжилтнүүд ирж очсон гэх дэглэм зөрчсөн үйл ажиллагаануудаас болж Монголд ковид дэлгэрсэн. “Энхсаран” сувилал дээр мөн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж халдвар алдагдсан. Дэлхий нийтээрээ халдвар аваад эмчилгээ хийлгээд гарсан хүнийг долоо хоног ажиглана гэж байсан ч манайхан заавал 21 хоног, тэрнээс ч урт хугацаагаар хорих ёстой гэж зүтгэцгээсэн. Тусгаарлалтын байранд байгаа хүн 14 хоноод л уйдаж эхэлдэг, тэр хүмүүс дээр халдвартай байж болзошгүй гэж үзсэн хүмүүсийг нэмж оруулж, хоорондоо холилдсоноос тэндхийн бүх юм хяналтаас гарч, тахал тарчихсан. Монголд ковид дэлгэрсэн, тархсан энэ бүх үйлдэл ерөөсөө хариуцлага, сахилга бат алдагдсантай холбоотой.
Шадар сайдын сэтгүүлчийн гэнэтийн асуултад хариулт өгч байгаа биеийн хэлэмж, дуу хоолойны өнгө нь энэ хүнийг чадвар муутай, энэ албанд тэнцэх хүн биш гэдгийг нотолчихлоо. Юмныхаа голыг олж ярихгүй, тойруулж бултсан л хүн байх юм. Тас нясхийстэл шууд, шулуун шударга, товч бөгөөд тодорхой ярьдаг хүн сайдын алба хашдаг баймаар.
Зүй нь бол “Манай хадам аав, ээж хоёр хүртэл ковид тусчихсан шүү дээ. Би тийш, тэдэн рүү ерөөсөө очдоггүй. Юун эхнэрээ дотогш оруулах. Дүрэм бол дүрэм, журам бол журам. Би одоо эмч нарт найдаад л байж байна” гээд яриад байж байх хүн Шадар сайд байх ёстой. Тэгтэл эхнэрээ ХӨСҮТ рүү оруулаад л, гаргаад л, тэрийгээ түмэн олноос нуугаад л, хаагаад л. Ийм хүн төрийн өндөр албанд огт хэрэггүй, С.Амарсайхан Шадар сайдаар ажиллаж чадах ч үгүй юм байна.
С.Амарсайханыг шууд огцруул. Угтаа “Аав, ээж хоёр минь ХӨСҮТ-д байгаа. Би очиж ч чадахгүй, эргэж чадахгүй байж байна” гээд л тасхийтэл хэлчихдэг тийм Шадар сайд байсан бол түүнтэй хэн, юу ярих юм бэ.
Ер нь тэгээд чадвар муутай ийм хүн дайн дажин шиг ийм хүнд үед Шадар сайдын албыг хашихдаа эхнэрээ л ХӨСҮТ рүү оруулж гарахаас өөр юу ч хийх вэ дээ. Хийж чадах ажил нь л энэ. Гэтэл өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлчээр нэгэн бүсгүй БНСУ-аас ирээд зочид буудалд тусгаарлагдаж байхдаа уйлан хайлан лайв хийж, аавтайгаа салах ёс хийх боломж олгоно уу хэмээн УОК, ЭМЯ, Засгийн газраас аврал эрэн гуйсан билээ. Тэр бүсгүй “Аавтай минь намайг уулзуулаач. Аавтайгаа салах ёс хийхийг зөвшөөрөөч. Би хамгаалалтын хувцас өмсөж байгаад аавыгаа сүүлчийн удаа хармаар байна. Аавдаа ганцхан л үнсүүлэх гэж эх орондоо ирсэн. Аав минь хорт хавдраар бүх элгээ тайруулсан ч хавдар нь бүх биеэр нь тарчихсан. Зөвхөн надтай л уулзахыг хүлээж тарчилж байсан. Намайг хүлээж 80 кг-аас 60 кг болтлоо турсан. Өдөрт хоёрхон халбага юм иддэг байсан. Надтай л уулзах гэж аав минь хүлээсээр байгаад өөд болчихлоо. Намайг аавтай минь амьдад нь уулзуулсангүй. Харин одоо намайг аавтайгаа салах ёс хийхэд туслаач. Би хамгаалалтын хувцас өмсөж оччихоод л буцаад ирж тусгаарлагдъя” гэж хориод минутын турш уйлж, хүн болгоны өр өвдтөл гуйсан боловч түүнийг төр засгийнхнаас хэн ч тоогоогүй. Эгэл жирийн тэр нэг бүсгүйд хайр энэрэлгүй хатуу загнасан мөртлөө цар тахалтай, нийтээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжчихсэн энэ үед сахилга батыг хэрэгжүүлж, цар тахлын үеэр бүхнийг дээрээс нь доош, доороос нь дээш бат хянаж байх ёстой хүний эхнэр ингэж дураараа аашилна гэдэг бол Монголд ямар ч баталгаа байхгүйн шинж. Дарга л байвал юу ч хийж болдог гэдэг феодлын үеийн гэмээр зан монголчуудын дунд бий. Энэ бол тэрний нэг жишээ боллоо.
Байдал угаас бишдэж, улам уруудаж байгааг мэдэцгээж байгаа. Цаашид ийм хүнээр УОК-ыг удирдуулаад явах нь зохисгүй учир Шадар сайд С.Амарсайханыг хугацаа алдалгүй огцруулах хэрэгтэй байна. Энэ байдлаараа дахин жаахан хугацаа алдвал Монгол Улс ковидоос гадна сахилга, хариуцлагагүй энэ байдлаас болж, улс орон маань бүхэлдээ уналтад орох нь. Хэн дуртай нь, юу дуртайгаа хийдэг, хэн дуртай хүний эхнэр “Улаан бүс”-ээр чөлөөтэй орж гардаг сахилга, хариуцлагагүй байдал хавтгайрсан болохоор энэ улсын бүх юм тэг заагаад эхэллээ. Иймээс Засгийн газар, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч та бүгд нийлээд Шадар сайд С.Амарсайханыг даруйхан огцруулах хэрэгтэй байна. Шударга ёсны төлөө явдаг гэдэг Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийгээ нотолж, хариуцлага алдсан Шадар сайдыг огцруулахад хүчтэй байр суурийг илэрхийл. Залуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч үүнд анхаарал хандуулж, Шадар сайдаа яаралтай огцруулж, хариуцлага тооц.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханыг яаралтай огцруулж, ёс зүйн хариулцлага хүлээлгэхгүй бол цар тахлын үед явуулж байгаа энэ бүх үйл ажиллагаанууд чинь үндсээрээ утгагүй болж эхэллээ.