НЭГ.
Улсын наадам болон Увсын зуун жилийн дуулиантайхан өндөрлөж, намрын зодоондоо улс төрийн бүлэглэлүүд нам хийгээд сэмхэн бэлдэж байна. Өмнө нь улс төрийн намууд ядаж л улаан, цэнхэр, ягаан, ногооноороо ялгардаг байв. Нам, намаараа талцаж, хэрэлддэг байв. Атал өнөөдөр өвөр-түрий, хүзүү-сээрээрээ холбогдсон бүлэглэлүүдийн хэн нь эрх мэдэл, хөрөнгө мөнгөн дээр эзэн болж суух вэ гэсэн ил далд тэмцэлд улс төрийн намууд татагдан оржээ. Нэгэн цагт МАНАН-тай тэмцэж явсан ордны “хувьсгалчид” өрсдөө шинэ МАФИ болсныг өнгөрсөн хавар, зуны үйл явдлууд харуулсан. Эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулахгүй гэж сөрөг хүчний намын гишүүд төв талбай дээр өлсгөлөн зарласан нь Монголын улс төрийн түүхэнд урьд өмнө гарч байгаагүй ичгэвтэр үйлдэл байлаа.
Ардын намын ах дүү, анд нөхдүүд андгай байтугай тангараг тасарч, гэрийн хэргээ намын зодоон, намын зодооноо улсын зовлон болгож хувиргасан. МАН-ын гэрээс хөөгдөж, буурин дээрээ буцаж ирсэн АН-ын хувьд гэртээ зад цэвэрлэгээ хийх сайхан боломж тохиож буй. Гэвчиг, АН-ын залуус аймхай. “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэгчээр ах нарынхаа ард нуугдаад “алив зайлаад өгөөч” гээд сууж байдаг нь гэм биш. МАН-ын өмнө сүү долоосон гөлөг болдог, АН-ынхандаа арслан бар шиг авирладаг хүн тэнд Женко, Э.Одбаяр, О.Алтангэрэл, Ц.Туваанаас эхлээд уртаас урт жагсаалт гарч магадгүй.
ХОЁР.
Улс төрийн намын тухай шинэ хуулийн хэрэгжилтийг УИХ-аас нэг жилээр сунгасан. Үндсэндээ 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс улс төрийн намуудад шинэ хууль үйлчлэх ёстой, үүнээс өмнө улс төрийн намууд тоглоомын дүрмээ шинэчлэх ёстой.
Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 30 гаруй нам Монголд байдаг. Дийлэнх нь улс төрийн сонгууль болон улс төрийн зодооноор эзнийхээ далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд ордог үйл ажиллагаатай.
Тэдний жинхэнэ эзэд нь МАН болоод Женко. Олон жилийн турш халаасны намуудаа ашиглан Монголын улс төрийг, улс төрийн сонгуулийг будилаантуулсан нь бодит үнэн. Сурсан эрдэм, эзэмшсэн мэргэжилгүй авчиг, “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар төв талбайгаас тэрбумтан болж төрсөн “нууц” энэ.
Тиймээс Улс төрийн намын тухай шинэ хууль хэрэгжсэнээр улс төрийн зах зээлд шантааж, шахаа хийж мөнгө олдог жижиг намуудыг багагүй цэгцэлнэ. Ирэх оны эхний өдрөөс хэрэгжих шинэ хуулиар улс төрийн намуудтай хариуцлага тооцох, татан буулгах ч асуудал яригдана. Жишээ нь, Сонгуулийн төв байгууллага дараах тохиолдолд намыг идэвхгүйд тооцох тухай шийдвэр гаргах юм.
1.Улсын Их Хурлын ээлжит сонгуульд хоёр удаа дараалан нэр дэвшүүлэн оролцоогүй,
Ганц тамга халаасалчихаад улс төрийн намын дарга сэтэр зүүж, наймаа, хонжоо хийдэг “тамгатай хутагт”-уудыг ингэж цөөлөх нь ч зөв. “Буян”-гийн Б.Жаргалсайхан гэхэд БНН-ын тамга, тэмдгээ ашиглан насаараа л “биеэ үнэллээ”. Хаана их мөнгө сонсогдоно, Б.Жаргалсайхан тэнд “хуцаж” суудаг нь худлаа биш юм.
ГУРАВ.
Улс төрийн намын тухай хуульд зааснаар УДШ-д бүртгэлтэй бүх намууд жижиг, том гэлтгүй дүрмээ өөрчилж, 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө бүртгүүлэх ёстой. Мөн шинэ намын дүрэмд зааснаар намын удирдах байгууллагаа бүрдүүлнэ. Намын удирдлагуудаа сонгоно. АН шинэ дүрмээ боловсруулах ажлын хэсэг байгуулсан агаад өмнө нь тус намын генсекээр ажиллаж байсан Д.Эрэдэнбат ахлаж буй гэнэ.
Харин МАН-ын шинэ дүрэм дээр Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар голчилж суугаа аж. Товчхондоо, ямар дүрмээр тоглохоо намууд өөрсдөө бичнэ. Гээд аль, аль намын дүрэм нь бэлэн болоогүй, АН-ыг МАН, МАН-ыг АН харсан маягтай л сууцгааж байгаа. Мэдээж, МАН-ын дарга хэн болохоос АН-ын хувь заяа хамаарна. Х.Баттулга АН-ын даргын хос морьтой /О.Алтангэрэл, Ц.Туваан/ уралдахаар бэлдэж суугаа нь мэдээж. Л.Оюун-Эрдэнэ Э.Одбаяраа түлхэж суугаа биз.
Үндсэндээ, өнгөрсөн найман жил АН ердөө морь унасан толгойгүй нам явсан. МАН-ын дарга БЭТ томилж, бүр парламентын сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх, дэвшүүлэхгүйг шийдэж ирсэн нь бодит кейс. Өнгөрсөн 2024 оны УИХ-ын сонгуульд ялах бүх боломжоо АН-ын урвагчид МАН-д зарсан, наймаалцсан. Нийслэлийн сонгуульд Х.Нямбаатарт “хэвтэж” өгсөн…, гэхмэтчилэн!
Иймээс энэ удаад АН гэрээ шатаачихгүйхэн шиг жоомнуудаа устгах ёстой. Чадахгүй бол жоомнуудынхаа хоол болж дуусна.
Эрх баригч намд, Тусгаар тогтнолын ордонд МАН ба МАНЖ гэсэн хуваагдал хэдийнэ бий болсон. Мафи дийлэх үү, МАН ялах уу гэдгийг ирэх намрын улс төр шийдэх ч биз. Гол нь улс төрийн намууд хуучин зодоондоо шинэ дүрмээрээ цэг тавина тооцож суугаа нь тодорхой.
Уг нь төрийн хуулиас давсан намын дүрэм байх ёсгүй. Ялсан нам нь төрийн эрхийг барьдаг гэвэл төрийн хууль намын дүрэм байх учиртай юм. Төрийн хуулиа яг таг мөрдөж, хулгайч, луйварчидтайгаа хариуцлага тооцоод явчихвал намын дүрэм нэртэй даабль стандарт тогтоох ямар ч хэрэггүй гэсэн үг!