"Эрчим хүчний сайдын багц ажлыг миний багц гэж андуурч хэлсэн"

  • Эх сурвалж: news.mn
  • -0001-11-30

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр /2025.08.07/ цаг үеийн нөхцөл байдлын талаар тайлбар өглөө.


Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Би 2008 оноос хойш Увс аймгаас таван удаа сонгогдож гарч ирсний хувьд аймгийн 100 жилийг зохион байгуулах ажилд гар бие оролцсон. Мөн 2009 оноос Увс аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн даргын албан тушаалыг хүлээн авсан. Увс аймгаас сонгогдсон гишүүний хувьд 100 жилийн ойг тохиолдуулан нутгаа сурталчлах, дотоодын нийт бүтээгдэхүүн болон иргэдийн амьжиргаа, гадаад дотоодын аялал жуулчлал, нөлөө үзүүлэх хэмжээнд ажиллахыг зорьсон.

Увс аймгийн 100 жилийн ойг тэмдэглэхэд аймгийн иргэд, бизнес эрхлэгчид, увс аймагтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг ААН-ээс 11 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт цугларсан. Тухайн хандивын үйл ажиллагаанд 3000 гаруй хүн оролцсон байсан. Үүгээр Увс аймгийн 100 жилийн урсгал зардлыг санхүүжүүлсэн юм. Түүнчлэн ойг зохион байгуулахад ямар ч бүтээн байгуулалтын ажил өрнөдөг. Энэ хүрээнд өнгөрсөн жилүүдэд 22 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хийж ирсэн. Увс аймгийн 100 жилийг зохион байгуулах ажлын хүрээнд “миний төсөв” гээд буруу хэлсэн. Энэ бол эрчим хүчний сайдын багц төсөв байсан юм.

Увс аймгийн Улаангом сумын 2, 4, 11 багийг дамнаж хэд хэдэн ажил хийгдсэн. Үүнд баруун тойргийн автозам болох 2 км замыг 3.6 тэрбум төгрөгөөр 2024 оны төсөвт суулгаж ажлыг нь 100 жилээс өмнө 90 хувийн гүйцэтгэлтэй хийсэн. Улаангом сумын цахилгааны эрчим хүчний хангамжийг сэргээх үүднээс 2 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж хэрэгжүүлсэн. Үүний тендерийг худалдан авах газарт зарлаж гүйцэтгэсэн. Энэ бүгдийг миний зүгээс хийлээ гэж буруу ойлголтыг олон нийтэд өгчээ. Үүнээс гадна 100 жилийн ойг зохион байгуулах хүрээнд цахилгааны эрчим хүч нэмэгдэх учраас өвлийн цахилгааны ачааллыг тооцон зуны цагт давхар ашиглах тооцооллоор зохион байгуулсан. Тиймээс эрчим хүчний салбар үнэ нэмэгдүүлж, нэмэгдүүлсэн өртгөөрөө Увс аймгийн 100 жилийн ойд зарцуулсан гэх ойлголт, гүтгэлэг, хардлага гарсан.

Мөн иргэдээс хандивласан мөнгөн дүнгийн мэдээллийг аймгийн иргэдийн хурал, тамгын газраас олон нийтэд тайланг өгнө. Хандив босгож эхлэх үеэс ил тод байлгах хүрээнд ажиллаж ирсэн. Увс аймгийн тамгын газрыг МАН эрх байж байгаа учраас АН сөрөг хүчин болж хийх шаардлагатай бүх зүйлийг хэрэгжүүлэхийг мэдэгдсэн. Увс аймгийн 100 жилийг зохион байгуулахад эрчим хүчний яам болон төсвөөс зарцуулаагүй гэдгийг онцлон хэлж байна. Үүнээс гадна 1 тэрбум 65 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж Ю.Цэдэнбал даргын талбайг засварлах ажил хийгдээд явж байна.

Эрчим хүчний салбарыг тойрч өрнөж байгаа асуудал сүүлийн жилүүдэд яригдаж байгаа асуудал биш. Эрчим хүчний салбар 103 жилийн түүхтэй бөгөөд сүүлийн 35 жилийн хугацаанд асуудал үүсэж байгаа. Өнөөдрийн нөхцөлд байдалд ДЦС-3 дээр гарсан асуудал яригдаж байна. Уг хэрэг наймдугаар сарын 1-ний өдөр болсон үйл асуудал. ДЦС-3 дээр шугам хоолойг дахин ажиллуулах явцад жижиг дэлбэрэлт гарсан. Энэ шиг асуудал өнгөрсөн жил ДЦС-3 дээр 15 удаа гарч байсан. Тухайлбал, олон жил ашигласан зуухны хувьд гадна болон дотор талын материалын элэгдэлд орсны улмаас осол гаргах байдал өндөр байгаа. Бүхэлд нь сайжруулах арга хэмжээг аль ч засгийн газрын үед арга хэмжээ авч байсан. ДЦС-3 ачаалал хоёр дахин нэмэгдсэн байсан учраас өргөтөх ажлын хүрээнд шинээр хоёр станц барина.

Энэ асуудлын хүрээнд ОХУ-тай хэлэлцээд явж байгаа. Харин ОХУ талаас өндөр үнэ санал болгож байгаа учраас зургийн тендерийг засгийн газраар оруулж батлуулсан. Мөн өртөг тодорхойлох арга хэмжээг БНХАУ-ын үйлдвэрлэгчтэй ойролцоо үнээр ДЦС-3-ыг шинэчлэх ажил гацаанаас гараад явна.

Өнгөрсөн жилд эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх ажил хийгдсэн. Энэ хүрээнд эрчим хүчний зохицуулах хороо гаргасан. Эрчим хүчний сайдын хувьд тус шийдвэрийг дэмжин ажилсан. Эрчим хүчний салбар өртгөөс доогуур борлуулалт хийж алдагдалтай ажиллаж байсан. Энэ алдагдал нь өнөөдөр өр төлбөр болоод үлдсэн байгаа. Сайд болсноос хойш хоёр удаа эрчим хүчний үнийг нэмэгдүүлсэн. Үүнд 2022, 2024 онд нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажилласан. Өнгөрсөн жилийн нэмэгдлээр 540 орчим тэрбум төгрөг нэмэлтээр эрчим хүчний салбарын байгууллагуудад нэмэгдэж очсон.

Үүний 110 орчим тэрбум төгрөгийг эхний ээлжид Шивээ овоогийн уурхай, Багануурын уурхай, Шарын голын уурхайнуудад эрчим хүчний нөөц худалдан авахад нэмэгдүүлж өгсөн. Үүнээс харахад уурхайнууд алдагдалтай ажиллаж байсан учраас санхүүжилтэд зарцуулагдсан. Үүний дараа 200 гаруй тэрбум төгрөг эрчим хүчний салбарын төрийн өмчид байгууллагуудын ажилчдын цалин хөлс нэмэгдүүлсэн. Эрчим хүчний салбараас ДЦС-3 шиг зуухны асуудалд 83 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Үүнээс гадна хуримтлагдсан өртөг байгаа. Тэр бүгд богино хугацаатай өр төлбөрийг барагдуулахад хэрэглэсэн талаараа дурдсан юм.

А.ТАМИР