"СЭМҮТ-ийн удирдлагууд иргэдийн 478 гаруй сая төгрөгийг завшсан"

  • Эх сурвалж: news.mn
  • -0001-11-30

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр /2025.08.04/ СЭМҮТ-ийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл хийлээ.


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:

-СЭМҮТ-ийн төлбөртэй тусламж, үйлчилгээний талаар иргэнээс АТГ-т гомдол ирүүлснийг шалгуулахаар ЭМЯ-нд шилжүүлсний дагуу ЭМЯ-ны хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас санхүүгийн хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон тулд ЦЕГ-тай хамтарсан шалгалтыг 2025 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 24-нийг хүртэл хийсэн. Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн. Тухайлбал,

Төлбөртэй тусламж үйлчилгээ авсан иргэнд төлбөр төлсөн баримт өгдөггүй. Үйлчлүүлэгч эрүүл мэндийн байгууллагын данснаас өөр дансанд төлбөр төлөхийг хориглосон журмыг удаа дараа зөрчсөн. 2022-2024 онд цахим бүртгэлд бүртгэлд бүртгэгдсэн төлбөртэй тусламж үйлчилгээний орлого болох 527.8 сая төгрөгийн ор хоногийн төлбөрийг иргэдийг цагтаа ирээгүй, өөрөөр хэлбэл эмнэлэгт хэвтээгүй гэж цуцалсан.

Өөрөөр хэлбэл иргэд эмнэлэгт хэвтэж, орны төлбөр төлсөн байхад хэвтээгүй хэмээн бүртгэлийг цуцалсан. Цагтаа ирээгүй гэх мэт шалтгаанаар хэвтээгүй хэмээн бүртгэж, иргэдийн төлсөн төлбөрийг 24 цагийн дотор эмнэлгийн данснаас гаргаж авдаг зөрчил илэрсэн. Энэ замаар 478.9 сая төгрөгийг цуцлалт хийж, СЭМҮТ-ийн дарга нар ажилтнуудтайгаа хуйвалдан бэлнээр болон хувийн данс руу шилжүүлж авдаг нь тогтоогдож, одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ нь 5-аас дээш жил үргэлжилж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж, үнэнчээр зүтгэж буй эмч, ажилчдын сэтгэл зүрхийг мохоож, ажлын байраа орхих хэмжээнд хүргэж байна” гэлээ.

Үүнтэй холбоотойгоор СЭМҮТ-ийн одоогийн удирдлагыг солих шийдвэр гаргажээ.