“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.3 их наяд, 2023 онд 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар хувьцаа эзэмшигч иргэн бүрт ногдол ашиг тараасан. Харин энэ жил нүүрсний үнийн уналтаас шалтгаалж, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хүртээхгүй болж мэдэх нь.
Учир нь тус компани 2023 оны дөрөвдүгээр сард сайн чанарын коксжсон нүүрсийг нэг тонныг нь 180 ам.доллараар, эрчим хүчний нүүрсийг нэг тонныг нь 70 гаруй ам.доллараар өмнөд хөршид борлуулдаг байсан бол энэ үнэ ханш эдүгээ 50 орчим хувиар унаад буй.
Тодруулбал, Монголын хөрөнгийн биржээр дамжуулан өчигдөр /2025.08.07/ 10 багц буюу 64 мянган тонн эрчим хүчний нүүрсийг 35.70 ам. доллараар борлуулах хэлцэл хийж, БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. Хэдийгээр 33.9 ам.доллараар борлуулж байсан үнэтэй харьцуулахад өссөн үзүүлэлт боловч яаж ч чардайгаад 2023, 2024 оны үнэ рүү ойрын хугацаанд очих төлөвгүй байгаа юм. Коксжих нүүрсний тухайд ч адилхан, дээд тал нь 72.2 ам.доллараар хэлцэл хийж ирсэн. Ийм байдлаар нүүрсний үнэ сэргэхгүй энэ оныг дуусгавал 1072 хувьцаанаас ногдол ашиг хүртэнэ гэж саналтгүй болж буй юм. Харин ч олборлосон өртгөөсөө буурсан дүнгээр борлуулалт хийчихэлгүй шинэ онтой золговол их юм болж мэдэхээр байна.
Учир нь, экспортолж буй нүүрс нэг тонн нь 60 ам.доллараас буувал эдийн засгийн хямрал нүүрлэх эрсдэлтэй гэдэг анхааруулгыг эдийн засагчид өгч ирсэн. Хэдийгээр одоогоор эдийн засагт “шок” үүсээгүй ч шинэ Засгийн газрын хувьд валютын нөөцөө бууруулахгүйн тулд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, худалдан борлуулалтыг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлага болон Засгийн газраас томилсон БЭТ-д үүрэг болгосон юм. Гэвч эдийн засагчдын зүгээс нүүрсний экспортын биет хэмжээг нэмэгдүүлэхээс илүүтэй үнэд хүргэх нь чухал болохыг анхааруулж ирсэн. Үнэ өсөж байж, Монголын талын хүртэх өгөөж бий болно. Харин үнэ унасан үед экспортын биет хэмжээг өсгөөд ч үр дүн бага тусна.
Нөгөө талдаа тээвэр логистик хөгжөөгүй байгаа үед биет хэмжээг нэг жилд 83 сая тонноос давуулах боломжгүйг уул уурхайн салбарынхан учирлаж ирсэн. Иймээс төр зөвхөн татварын орлогынхоо тал хувийг ч болов нүүрсний экспортоос олохоор эрмэлзэж байна гэж хэлж болно.
Харин ногдол ашиг хүртэж ирсэн хувьцаа эзэмшигчдийн хувьд ирэх жилийн цагаан сараас өмнө хувь хишиг ирнэ гэж найдахад бэрх болж буй. Түүний дараа жил ч мөн найдвар бага. Монголбанкнаас гаргасан урьдчилсан прогнозоор нүүрсний үнийн уналт 2025 оноор зогсохгүй 2026 онд ч үргэлжлэх төлөв бий.
Уг нь дэлхийн зах зээлд нүүрсний үнэ сэргэвэл Монгол Улс коксжих нүүрсээ нэг тонныг нь 240 ам.долларт хүргэж худалдан борлуулж байсан үе бий. Тодруулбал, 2022 онд нүүрс дээрх үнэд хүрч байлаа. Гэвч экспортод гаргаж байгаа нүүрсний үнийн худалдаа ил тод биш байснаас цавчаа хулгай нүүрлэснээр хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хүртэж чадаагүй.
Нүүрсний хулгайгаар 44 их наядыг алдсан гэдэг тооцооллыг одоогийн Шадар сайд Т.Доржханд өгч байсан ч Ардын намын удирдлагууд энэхүү мөнгөн дүнг няцааж ирсэн.
Нүүрсний хулгайг зогсоох зорилгоор биржээр бүтээгдэхүүнээ худалдан борлуулдаг болсон ч ханшийн уналт ногдол ашгийг ховх сороод байна.
Сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэнд 337.7 мянган төгрөгийн ногдол ашиг олгосон юм. Инфляцийг хөөрөгдөхгүй байх зорилгоор гурав хуваан дансанд нь шилжүүлсэн билээ. Ногдол ашгийг Монгол Улсын 3.5 сая иргэнд олгосон юм.
Г.ХОРОЛ