Нийслэлийн төсвийн гол ачааг хувийн хэвшлийнхэн үүрдэг. Аж ахуйн нэгжүүдийн татвараар нийслэлийн төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг бол хувь хүний орлогын албан татвар дүүргүүд рүү чиглэж зарцуулагддаг онцлогтой. Энэ бүтэц нь нийслэлийн төсвийг уул уурхай, хөдөө аж ахуйн салбаруудын савлагаа, гадаад зах зээлийн нөлөөллөөс ангид байлгаж, орлого, гүйцэтгэл нь харьцангуй тогтвортой байх нөхцөл болдог хэмээн албаныхан мэдээлсэн.
Үүний тод жишээ нь 2025 оны төсвийн гүйцэтгэл. Өнгөрсөн тавдугаар сарын 30-ны байдлаар нийслэлийн төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 300 тэрбум төгрөгөөр давж биелжээ.
Харин улсын төсөв 2024 оны мөн үетэй харьцуулахад хоёр их наяд орчим төгрөгөөр дутсан тул нийслэлээс нэмэлт эх үүсвэр татах шаардлага үүсч, өнгөрсөн долдугаар сард нийслэлийн 2025 оны төсвийг тодотгосон. Тодотгол хийсэн ч нийслэл ихэнх томоохон төслүүдээ гаднын зээл, хөрөнгө оруулалтаар шийдэж байгаа учраас нийслэлийн төсөвт хүнд ачаа болоогүй. Дээр нь метро, дүүжин тээвэр, хурдны зам гэх мэт төслүүд энэ жил төслийн нэгдүгээр болон хоёрдугаар шатандаа л яваа.
Харин 2025 онд нийслэлээс хийж хэрэгжүүлсэн бодит гэж нэрлэж болохоор зарим бүтээн байгуулалтын ажлын дурдъя. Урин дулаантай зэрэгцэж зам засварын ажил эхэлдэг. Зунаас өмнө зуслангийн бүс, нийслэлийн гол болон туслах замуудыг засч, шинэчлэхээр ажлууд одоо эд өрнөж буй. Үүнтэй зэрэгцэн иргэдийн хэлдгээр “бордюр сольдог бизнес” ч мөн эхэлсэн.
Нийслэлийн хэмжээнд энэ зун 15 байршилд нийт 59.6 км урттай явган хүний замыг шинэчлэх ажил хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд байгалийн чулуугаар хийсэн, халтирдаггүй, барзгар гадаргуутай шинэ хавтан ашиглаж байгаа талаар албаныхан мэдээлж байгаа ч бодит байдал дээр Хятадаас саарал хавтан оруулж ирж байгаагаа нийслэлийн удирдлагууд хүлээн зөвшөөрсөн.
Өнгөрсөн 2024 оны тухайд 35.6 тэрбум төгрөгөөр зургаан байршилд явган хүний замыг засч, шинэчилсэн гэдгийг албаныхан мэдээлж байв. Харин энэ жилийн төсвийн мэдээлэл тодорхой бус байгаа юм.
СЭЛБИЙГ 20 ТЭРБУМААР ХАШААЛАВ
Сэлбэ дунд гол дагуу үерээс хамгаалах бетонон хана барих ажил 2023 оноос эхэлсэн. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2023 оны зун бороо их орсноос үүдэж дунд гол далангаа даван үерлэж ойр орчмын байрууд үерт автсан байдаг. Тиймээс S’Outlet дэлгүүрийг буулгаж натурын гүүр хүртэл 1.4 км урттай үерээс хамгаалах түшиц хана барих ажлыг эхлүүлсэн. Хэрэв үерийн хамгаалалтын далангийн ажил дуусвал, тухайн орчимд ногоон байгууламж бүхий тохижилтын ажил хийгдэх ёстой. Гэтэл өнгөрсөн зургадугаар сард дуусах ёстой байсан тус ажил хойшилж, үүний дараа хийгдэх тохижилтын ажил үлгэр болов.
Үерийн түшиц хана барих ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж байгаа бөгөөд 20 орчим тэрбум төгрөгөөр барьж байгаа.
Уг ажлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Билгүүн Монгол” компани барьж гүйцэтгэж байна. “Билгүүн Монгол констракшн” ХХК одоогоос бараг жилийн өмнө буюу 2024 оны зургадугаар сарын 20-ноос эхлэн Сэлбэ гол дагуу S’Outlet дэлгүүрийн буурин дээр үерийн далангийн байгууламжийг барих ажлыг эхлүүлж байв. Харин өнөөдрийн байдлаар тус орчимд амьдардаг иргэдийн зүгээс ажил удаашралтай байгааг шүүмжилсэн учраас сургууль, цэцэрлэг эхлэхээс өмнө буюу энэ наймдугаар сарын 20-ны дотор багтааж ажлаа хүлээлгэн өгөхийг гүйцэтгэгч “Билгүүн Монгол констракшн” ХХК-д нийслэлээс мэдэгджээ.
“600 САЯЫН ПЛОВ”
Нийслэлд хэрэгжих төсөл төсөл хөтөлбөрүүдээс гадна Хотын дарга Х.Нямбаатарын санаачлан зохион байгуулсан зарим арга хэмжээ олон нийтийн анхаарлыг татаж, багагүй шүүмжлэл дагуулсан.
Жишээлбэл, өнгөрсөн дөрөвдүгээр сард “Food festival” арга хэмжээг зохион байгуулах нэрээр төв талбайд том хэмжээний асар байгуулсан. Тус асарт олон хүний ширээ засаж, иргэдэд хоолоор үйлчилсэн бөгөөд арга хэмжээний төсөв 600 сая төгрөг гэж мэдээлсэн.
Үүний дараа тус асарт циркийн үзүүлбэр тоглогдож, “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг зохион байгуулаад амжсан. Тус тэмцээний тэргүүн байр 40 сая төгрөгийн бай шагналтай байв.
Хэдэн долоо хоног үргэлжилсэн энэ өдрүүдэд Хотын дарга Х.Нямбаатар узбек малгай өмсөж, плов сурталчилж бүр шатар нүүж суусныг иргэд андахгүй. Энэ мэтчилэн нийслэлийн төсвөөс гарч буй их хэмжээний зардлыг харвал, улсын төсөвт 150 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх шаардлагатай болсон нь нийслэлийн төсөвт тодотгол хийх үндэслэлтэй шийдвэр байсан нь ойлгомжтой. Харин үүнээс бусад тохиолдолд Хотын дарга Х.Нямбаатар баян айлын хүүхэд шиг л туйлж байна.