Ж.Батбаясгалангийн эхнэр УИХ-ын Тамгын газрын хэлтэст ажилд оржээ

  • Эх сурвалж: eguur.mn
  • 2024-12-27

НИТХ-ын дарга асан Ж.Батбаясгалан эхнэрээ УИХ-ын Тамгын газарт ажилд оруулжээ. Тодруулбал, тус газрын Менежментийн газрын Хүний нөөцийн стратеги, менежментийн хэлтэст арын хаалгаар оруулсан гэгдэж буй юм. Тэрбээр, Эрүүл мэнд, спортын сайд асан С.Ламбаагийн туслахаар ажиллаж байсан намтартай нэгэн аж.

УИХ-ын Тамгын газар хэн нэгэн даргын, УИХ-ын гишүүн асаны, хэн нөлөө бүхий хүний эхнэр, нөхөр, хүүхдийг эрхлүүлдэг цэцэрлэг болон хувирч байна. Жишээ нь, УИХ-ын гишүүн асан Б.Баярсайханы нөхөр УИХ-ын Тамгын газарт хэлтсийн дарга болсон билээ.

Ж.Батбаясгалангийн хувьд, УИХ-ын сонгуулиар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг, орон нутгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуулиар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг дагаж харагдсан.

Тэрбээр, Т.Бадамжунайг УИХ-ын гишүүн байх үес туслахаар ажиллаж байсан намтартай. УИХ-ын Тамгын газар, УИХ -ын гишүүний бие төлөөлөгчөөр, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн даргаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөлийн гишүүнээр, Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны гишүүнээр, НИТХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан.

У.УЯН