Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны хоёр дахь шатны нээлттэй сонсгол өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж байна. “Админерал” ХХК-ийн 80 хувийг Ц.Лхамжав, 20 хувийг БНХАУ-ын иргэн Хасбаатар эзэмшдэг байна. “Админерал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Лхамжав нь МАН-ын хэвлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагдын төрсөн ах аж. Тэрбээр “Админерал ХХК-д хөрөнгө оруулсан гадаадын хоёр компанитай хамтраад, баяжуулах үйлдвэр барья гээд судалгаа хийсэн. Судалгаагаар баяжуулах үйлдвэр барих боломжтой гэж гарсан. Бортээгийн нүүрс рүү орох бодол байгаагүй. Компаниа байгуулчихаад, “Үйлдвэр барих газар олгооч” гээд Цогтцэций сумын ЗДТГ руу хандсан. Тэд “Хуурай үйлдвэр их мундаг юм байна, говьд их тохиромжтой юм байна, арванхоёрдугаар сард ирээрэй” гээд биднийг явуулсан. Ингээд бусад гурван компанитай уулзаад, түншлэл болоод орсон. Манайх дангаараа орвол шаардлага хангахгүй. Тиймээс хамтарсан, хуулиар хамтарч олох боломж байсан. Манай компани нэг ч төгрөгийн орлого олоогүй. Харин зургаан тэрбумын татвар төлсөн. 423 сая төгрөгийг нийгмийн даатгалд төлчихөөд байхад огт НДШ төлөөгүй байна гэж шинжээч худал ярьж байна” гэв.
Харин Ц.Чулуунзагд “Би төрд ажилладаггүй, намын албан тушаалтан. Энэ компанитай холбоотой ямар ч асуудал надад байхгүй. Д.Амарбаясгалан надад нөлөөлөөгүй. Миний ах надтай надгүй компанийн ажлаа хийгээд явдаг. Улстөр халуун байна. Улстөрийн зорилгоор харлуулж байна гэж ойлгож байна” гэв.
Эх сурвалж: