Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд нарын хамааралтай "Админерал" ХХК баяжуулах үйлдвэр барьж, ЭТТ ХК-иас 47 мянган тонн нүүрс авчээ

  • 2024-12-23

Нүүрсний сонсголын хоёр дахь шат эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Өнөөдөр сүүлийн өдөр. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарын хүмүүс “Админерал” ХХК-ийн асуудлаар гэрчээр дуудагдсан.

Иймд “Админерал”-ын асуудал нүүрсний сонсголоор хэлэлцэгдэхтэй холбогдуулан, 2023.04.04-нд нийтлэгдсэн контентыг сэргээн нийтлэв.

ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг цагдан хоригдож буй эдгээр өдрүүддээ нүүрсний хулгайн схемд өндөр хамаарал бүхий нэрсийг нээлттэй мэдээлж буй. Харин гагцхүү УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарын тухайд л чимээ имээгүй суугаа гэх.

Үнэн хэрэгтээ нүүрсний мөнгө өнөөгийн эрх барьж буй улстөрчдийн дийлэнх олонход нь хамаатай гэвэл маргашгүй. Тэр дундаа намд, төрд өндөр албан тушаал хашиж буй эрхмүүдийн "гишгүүр"-үүд нүүрсэнд чиглэх магадлал бий ч цөөн хэд нь нэрлэгдэж, шүүхийн шийдвэр гараагүй байхад буруутгагдаж байгаа. Тийм ч болохоор Т.Аюурсайхан хаалттай чуулганы хуралдаанд "Намайг шоронд шийвэл үлдсэн бүх насаа МАН-ын хулгайчдыг илчлэхэд зориулна" хэмээн өс зангидаж, ам шүд алдсан биз ээ.

Өөрөөр хэлбэл, нэр цэвэр үлдэж мэдэх ч нүүрсний хулгайтай сэжим холбогдох улстөрчид бий, тэднийг олон нийт мэдэх эрхтэй.

Энэ үүднээс өнөө цагийн улстөрд манлай роль гүйцэтгэж буй, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд нарын нүүрсэнд холбогдох мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

"Админерал"-ын түүх: Ц.Ламжавын санаачилгаар 2021 оны долдугаар сард үүсгэн байгуулагджээ

Эхэнд нь товчхон танилцуулбал, Д.Амарбаясгалантай ойр шадар ажиллаж байсан, өдгөө МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагдын төрсөн дүү Ц.Ламжав нь нүүрс баяжуулах үйлдвэр барьж буйн дээр өнгөрсөн хугацаанд ЭТТ ХК-иас нүүрс тээвэрлэсэн, худалдсан байх магадлалтай байгаа юм.

"Админерал" ХХК-ийн түүхийг 2018 оны дөрөвдүгээр сараас бичнэ. Анх Ц.Ламжавын урилгаар БНХАУ-ын эрдэмтэн ЭТТ ХК-ийн уурхайд зочилсон байна. Улмаар уурхайн үнслэг ихтэй нүүрсийг баяжуулах үйлдвэр барих асуудлыг хөндөж, ХБНГУ-ын технологийг нэвтрүүлэхээр тохиролцжээ.

Энэ хүрээнд, "Админерал" ХХК нь 2021.07.02-ний өдөр:

  • Монгол талаас "Моновант" ХХК
  • БНХАУ талаас "Quzhou Longyuan Trading" Co.,Ltd
  • Хонг Конг талаас “Хонконг Руйшен Глобал Групп” ХХК-иуд хөрөнгө оруулснаар байгуулагдсан байна.

"Моновант" ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Ц.Ламжав юм.

"Админерал" ХХК нь 2021 оны гуравдугаар сард ЭТТ-н уурхайн гурав, дөрөвдүгээр давхаргын коксжих, кондицийн бус болон найм, есдүгээр давхаргын хагас коксжих нүүрсийг худалдан авч, дээжийн нүүрсийг тээвэрлэх, хил гаалиар нэвтрүүлэх зөвшөөрлөө авсан байна.


2021 оны наймдугаар сард технологийн дээж бүхий нүүрсийг гадаадын лабораторид хүргэн шинжлүүлснээр хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэгдэж, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүрс баяжуулах үйлдвэр барихаар тогтжээ.

"Админерал" ХХК хэрхэн нүүрс баяжуулах үйлдвэр барих болсон түүх ийм.

Үйлдвэр барихын сацуу ГХО компаниуд нь ЭТТ ХК-иас 47 мянган тонн нүүрс авчээ

Нүүрс баяжуулах үйлдвэрийг 2022 оны эхний хагаст ашиглалтад оруулна гэж төлөвлөсөн ч ажил хойшилсоор, өдгөө бүрэн гүйцэд баригдаж дуусаагүй байна.

Хамгийн сүүлд, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд дэд станц барих болон газардуулга хийх үйлчилгээнд тендер зарласан мэдээлэл байгаа юм.

Гэхдээ, зөвхөн нүүрс баяжуулах үйлдвэр барихаар анх үүсгэн байгуулагдсан "Админерал" ХХК нь албан сайт дахь үйл ажиллагааны чиглэлдээ, үйлдвэрлэлээс гадна "Худалдаа" гэж нэмжээ.

ЭТТ ХК-иас ил болгосон нүүрс худалдсаны нээлттэй дата мэдээллийн сангаас "Админерал" ХХК-ийн гадаад хөрөнгө оруулагчдыг шүүж үзлээ.

Ингэхэд, БНХАУ талын хөрөнгө оруулагч болох "Quzhoushi Longyuan Trading" компанид нийт 173 рейсээр 20,291 тонн нүүрс худалдсан байна.

Quzhoushi Longyuan Trading"-ийн худалдан авсан нүүрсний мэдээлэл

Харин, Хонг Конг талын хөрөнгө оруулагч болох "Rui Sheng Global Group" компанид нийт 234 рейсээр 26,448 тонн нүүрс худалджээ.

Нийт дүн:

  • Уурхайгаас 46,739 тонн нүүрсийг "Админерал" ХХК-ийн гадаад хөрөнгө оруулагчдад худалджээ.

Дээрх тоог 2021 оны долдугаар сараас 2023 оны дөрөвдүгээр сарын 3 (өчигдөр)-ны хооронд цуглуулсан. Учир нь "Админерал" ХХК энэ хугацаанд үйл ажиллагаа явуулсан.

Эхлэл огноог 2021 оны долдугаар сараас урагшлуулж ("Админерал" ХХК байгуулагдаагүй байсан хугацаанд) үзэхэд дээрх тоо өөрчлөгдөхгүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл, "Админерал" ХХК байгуулагдахаас өмнө дээрх хоёр компани ЭТТ ХК-иас нүүрс худалдан авдаггүй байсны нотломж болж байна.

"Админерал" нь ЭТТ-н Бортээгийн уурхайн гэрээт олборлогч

Мөн түүнчлэн, ЭТТ ХК-ийн бизнес түншүүдийн жагсаалтыг харвал "Бортээгийн уурхайн гэрээт олборлогчид" гэсэн хэсэгт "Админерал" ХХК-ийг багтаан бичжээ. "Админерал"-ын барих үйлдвэр Бортээгийн уурхайд түшиглэх юм.

"Админерал"-иас хахууль авсан байж болзошгүй үндэслэлийг АТГ шалгажээ

Түүнээс гадна, "Админерал" ХХК-ийг сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд оролцоотой гэсэн мэдээлэл байдаг ч дата нотломж байхгүй байгаа юм.

"Админерал"-ын тендерт оролцсон түүхийг шалгаж үзсэн ч мөн хоосон байна.

Гэхдээ энэ оны нэгдүгээр сард, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул болон "Таван толгой түлш" ХХК-ийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн ажилтан Б.Лхагвасүрэн нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн байдаг. Ингэхдээ "Админерал" ХХК-д давуу байдал олгож, хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгагдсан.

Дараа нь Б.Алтанзул ажлаа өгсөн юм.

Өөрөөр хэлбэл, "Админерал" ХХК нь нүүрсний хулгайн хүрээн дэх схемд оролцоотой, АТГ-аас шалгасан асуудлуудын дунд багтсан гэдэг ойлголтыг дээрх мэдээлэл өгч байна.

Д.Амарбаясгалан ба Ц.Чулуунзагд

Одоо хамаарал.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нь урьд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, үүгээрээ илүү олны танил. Тэр үед Ц.Чулуунзагд нь Д.Амарбаясгалангийн доор, нарийн бичгийн даргын албыг хашиж байлаа.

Өдгөө МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд нь ер Д.Амарбаясгалантай ойрын хамаарал бүхий түншилж ажилладаг, МАН-ын бүх шатны сонгуульд хамтарч байсан түүхтэй. Тэд Говь-Алтай аймгийн гаралтай бөгөөд тус аймагт сүүлийн жилүүдэд улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулагсад юм.

Тэгвэл, Ц.Чулуунзагдын дүү Ц.Ламжав нь дээрх "Админерал" ХХК-ийг үүсгэн байгуулсан талаар дээр дурдсан билээ.

Тэмдэглэл:

Тэдний хамаарал бүхий "Админерал" ХХК нүүрс баяжуулах үйлдвэр барьж буй, ГХО компаниуд нь нийт 47 мянган тонн нүүрсийг ЭТТ ХК-иас худалдан авсан зэрэг нь анхаарал татах өнцөг мөн. Тэрхүү 47 мянган тонн нүүрсийг ямар үнээр худалдсан нь ч сонирхол татах учиртай.

Өдгөө З.Энхболд өөрийн хамаарал бүхий "Страто" компанийн барьсан, жилд 1.5 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийн асуудлаар шалгуулж, хэрэг нь шүүхэд шилжээд буй. Атал жилд 5 сая тонн нүүрс баяжуулах чадамжтай үйлдвэр барьж байгаа "Админерал"-ын цаана ТЭЗҮ болон бусад зөвшөөрлийг хууль ёсны дагуу авсан эсэх нь ч анхаарал татна.

Эх сурвалж: Eguur.mn