Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн "нүүрсний" хэргийн талаар гадны сайтад нийтлэгджээ...
Yahoo.com цахим хуудас, newsdirect.com сайтуудад ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, түүний найз бөгөөд МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Чулуунзагд нарын талаар "Дашзэвэгийн Амарбаясгалангийн Зөвлөлт маягийн авлига Монголыг тогтворгүй болгож байна" гэх гарчигтай нийтлэл гарсан нь олны анхаарлыг татаад байна.
Экспортын гол орлогыг нь урсгаж буй авлига Монголын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна гэдгийг юун түрүүнд онцолж, Монгол Улсыг "баялгийн хараал"-д өртсөн улсуудын тод жишээ хэмээжээ. Ингээд тус нийтлэлдээ "Нүүрсний" гэх хэрэгт ЗГ-ын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг холбоотой хэмээн тодотгон, түүний бизнесийн сүлжээ, холбоо хамаарлыг гүнзгий судлан, бичжээ.
"Нүүрсний" гэх хэргийн талаар онцлохоо:
Монгол Улс сүүлийн 10хан жилийн дотор Таван толгойн ордоос 11.6 тэрбум ам.долларын орлогыг хулгайд алдсан бөгөөд үүнийг нь Монголын эрх баригчид/Засгийн газар/ ил болгосон. Энэхүү "Нүүрсний хулгай"-д УИХ-ын 17 гишүүн оролцсон гэх мэдээллийг АТГ-аас зарлаж, таван улстөрчийг уг хэрэгт буруутгаж, гурван улстөрчийг албан тушаалаас нь түдгэлзүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна, гэжээ.
Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ авлига, албан тушаалын хэрэгтэй хатуу хатуу тэмцэхээ зарлаж 5ш ажиллагаа хэрэгжүүлж буйг ч дурдаад түүний 5ш ажиллагаанд багтах ёстой, "нүүрсний хулгай"-д нэр дурдагдсан 17 улс төрчийн гадна үлдсэн хүмүүс бол Дашзэвэгийн Амарбаясгалан, Цэдэнпигийн Чулуунзагд нар юм гэжээ.
Улмаар эрх баригч МАН-ын ЗГХЭГ-ын дарга Дашзэвэгийн Амарбаясгалан, түүний зөвлөх Цэдэнпилин Чулуунзагд нар "нүүрсний хулгай"-н хэрэгт холбогдсон гэжээ.
Дашзэвэгийн Амарбаясгаланг улс төрийн сайн стратегич гэж олон хүн үнэлдэг. Гэхдээ түүнд ЖДҮХС-аас зээл авсан хэргээр өмнө нь ямар ч хариуцлага хүлээлгээгүй. Харин энэ удаад "Нүүрсний" хулгайд холбогдсон гэжээ.
Харин Цэдэнпилийн Чулуунзагдад АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ч Д.Амарбаясгалан нь эрх мэдлээрээ далайлган мөрдөн шалгах ажиллагааг удаашруулж, байна гэдгийг дурджээ.
Монголд улстөрийн албан тушаалтнууд хувийн бизнес эрхлэхийг хориглодог учир эрх мэдэлтэй, улс төрийн нөлөө бүхий хүмүүс хамаатан садан, найз нөхөд, ажил хэргийн холбоотнуудынхаа нэрээр далдуур бизнес эрхэлж, ашиг олдог жишиг тогтсон.
“Эрдэнэс Тавантолгой” ТӨК-ийн албан ёсны цахим хуудаст Бор тээгийн лицензтэй талбай дээр буй “Админерал” гэх компани түүхий нүүрсийг хагас коксжсон нүүрс болгон хувиргах баяжуулах үйлдвэр барьж буй. Засгийн газар нь тус үйлдвэртэй 30 жилийн хугацаатай гэрээ байгуулсан.
Уг компанийг Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд нар хамтран 2021 оны 7-р сарын 2-нд үүсгэн байгуулсан. Компанийн бүртгэлээс харахад "Админерал" ХХК-ийг Цэдэнпилийн Чулуунзагдын Цэдэнпилийн Ламжав, Шюпинг Ван нар эзэмшдэг бөгөөд Ц.Чулуунзагдын эхнэр Баярмаа тус компанийн ТУЗ-д ажиллахын сацуу нягтлан бодогчоор ажилладаг. “Админерал” ХХК-д гурван хөрөнгө оруулалтын компани хувьцаа эзэмшдэг. Монголын "Моновант" ХХК 45 хувийг, Хятадын "Quzhou Longyuan Trading" Co. Ltd 34 хувийг, Hong Kong "Ruishen Global Group" ХХК үлдсэн 21 хувийг тус тус эзэмшдэг.
Ихэнх хувьцаа эзэмшигч “Моновант” ХХК-ийг БНХАУ-д Насан-Уртын Хасбаатар хэмээх бизнесмэн, Цэдэнпилийн Ламжав нар үүсгэн байгуулж, эзэмшдэг. Насан-Уртын Хасаатар, Цэдэнпилийн Ламжав нар мөн “Road and Mining Technology” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ нарийн сүлжээгээрээ дамжуулж нүүрсний салбараас мөнгө завшиж байна, гэжээ.
Тухайлбал,
2021 оны 10-р сарын 4-ний өдөр "Кужоу Лон Юан Трейдинг" болон "Руйшен Глобал Групп" хамтран Эрдэнэс Тавантолгойгоос 300 мянган тонн, 2022 оны долдугаар сарын 9-нд 500 мянган тонн нүүрс худалдан авчээ.
Харин 2021 оны 6-р сарын 29-өөс 2022 оны 10-р сарын 29-ний хооронд "Кужоу Лон Юан Трейдинг" , "Руйшен Глобал Групп" , "Донгшенг Петролиум", "Сино-Монголиан пэйт интеллижент" ХХК компаниудаас 2,164,769 долларыг "Админерал" ХХК-ийн данс руу шилжүүлсэн байна.
Үүнийг задалбал:
2021 оны 7-р сарын 2-ны өдөр "Админерал"-ын Цэдэнпилийн Ламжав өөрийн компани болох "Моновант" ХХК-д зээл гэж тодорхойлсон 52,000 долларыг,
"Админерал"-ын Шижоу Жан 6-р сарын 29-нд 101,970 доллар,
6-р сарын 30-нд 62,994 долларыг,
7-р сарын 06-ы өдөр 102,000 мянган ам.долларыг "Моновант" ХХК-ийн хамтран эзэмшгч Н.Хасбаатар руу шижлүүлжээ.
Энэ бүхнээс харвал Д.Амарбаясгалан “Админерал” компаниара дамжуулж, Тавантолгойн нүүрсний ордоос 47 мянган тонн нүүрс зарж, ашиг хонжоо олсон гэж харагдаж байгаа юм.
Тавантолгойн ордоос 20 гаруй компани нүүрс тээвэрлэж байгаагийн нэг нь Д.Амарбаясгалантай эрх ашгаараа холбоотой.
Д.Амарбаясгалангийн бизнесийн сүлжээний талаар цааш дэлгэрүүлэхдээ:
Д.Амарбаясгалангийн эхнэр Дашхүүгийн Бямбасүрэн нь 2010 онд “Жабко” ХХК, 2011 онд “Топмедиа” ХХК-ийг үүсгэн байгуулсан тухай Цэдэнпилийн Чулуунзагд 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгагдсан байдаг. Харин Батхуягийн Эрдэнэжаргал гэдэг хүн Д.Бямбасүрэнгийн нэр дээрх хоёр компанийг нь удирддаг.
Батхуягийн Эрдэнэжаргал нь Д.Амарбаясгалангийн хуулийн асуудлыг хариуцдаг бөгөөд “Глобал гүүр транс” ХХК-ийг үүсгэн байгуулагч юм. Тэрээр “Глобал гүүр транс” ХХК-аараа 2010 оноос Тавантолгойн уурхайгаас Цагаан хад, Мааньт, Чойрын галт тэрэгний өртөө хүртэл 26 840 тонн нүүрс тээвэрлэсэн байдаг.
Мөн Д.Амарбаясгалангийн бас нэгэн эрх ашиг нэгт, бизнесийн хамтрагч нь Лхагважавын Нямбаяр. Лхагважавын Нямбаяр нь Д.Амарбаясгалангийн эхнэр Д.Бямбасүрэнгийн "Хасмедеа" ХХК-ийг хамтран/24%/ эзэмшдэг бөгөөд "Гашуун сухайт авто зам" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн.
Харин "Гашуун сухайт авто зам" компани нүүрс тээвэрлэх замын бүртгэл, хяналтыг хариуцдаг бөгөөд Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий бүх компанид нүүрс тээврийн бүртгэл, хяналт үйччилдэггүй гэсэн үг.
Д.Амарбаясгалангийн өөр нэгэн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь түүний найз, Авто тээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзон. Б.Гүрсоронзон нь нүүрс тээврийн зөвшөөрлийг мөн л Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий компаниудад хяналтгүй олгодог.
Үүгээр тогтохгүй Дашзэвэгийн Амарбаясгалан, Цэдэнпилийн Чулуунзагд нар албан тушаалаа ашиглан эрчим хүчний салбарын төрийн бодлогод нөлөөлж байгаа бас нэг нотлох баримт бий. Өөрөөр хэлбэл, шахмал түлшний чанарыг сайжруулж, утааг бууруулах зорилгоор хагас коксоор түлш хийх үйлдвэр барих асуудал ид яригдаж байгаа бөгөөд 51,5 сая долларын урьдчилсан тооцоотой энэ үйлдвэрийг мөн л Д.Амарбаясгадан, Ц.Чулуунзагд нар өөрсдийн компаниараа барих гэж байна, хэмээжээ.
Энэ мэтээр ЗГ-ын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд нарын "Админерал" ХХК, "Глобал Гүүр Транс" ХХК нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хүчийг сулруулж байна. Харин Л.Оюун-Эрдэнэ намынхаа нөхдийн энэ мэт булхай, луйварыг илчилж, хариуцлага ногдуулж чадвал Монгол Улсад хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдэж, Монгол Улс ч хөгжин, цэцэглэх боломжтой.
Тиймээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Үндэсний эрх ашгийг хамгаалсан Засгийн газар уу, эсвэл өөрсдийн халаасыг дүүргэсэн авлигач албан тушаалтнуудын Засгийн газар уу гэдгийг харах л үлдэж байна, гэжээ.
Эх сурвалж: Цахиур.мн