УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшсэн Ж.Баясгаланг хүмүүс “Баян” Баясаа гэдгээр нь илүүтэй танина. Тэрбээр СУИС-д жүжигчний мэргэжлээр сурч, дүүргэсний зэрэгцээ уул уурхай, ашигт малтмалын бизнес эрхэлдэг нэгэн. Тодруулбал, Ж.Баясгалан нь алтны “Үүрт Гоулд” ХХК-ийн Ерөнхий захирал, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бугант Мандал” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажилладаг. Гэхдээ түүнийг “Баян” гэж цоллох болсон шалтгаан нь уул уурхайн бизнестэй яг ч холбоотой биш гэнэ. Ж.Баясгалан их сургуульд суралцаж, тайз, дэлгэцийн урлагт хамт хөл тавьсан найзуудынхаа уран бүтээлийг спонсорлохоос буцдаггүй нэгэн гэгддэг бөгөөд үүнтэй нь ч холбоотойгоор найзууд нь “Баян” Баясаа гэж хочилсоор олны мэддэг нэр болгосон аж.
Ж.Баясгалан уул уурхайн бизнестээ амжилттай яваа бизнесмен ч эзэмшсэн мэргэжил, кино урлагаа орхилгүй ажиллаж байсан нэгэн. Тухайлбал, 1999 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөнөөсөө хойш “Тайчигч хөвгүүд ба саарал гудам”, “Үргээлэг”, “Бодлын хулгайч” зэрэг кинонд тоглож, гол дүр бүтээж байсныг кино урлаг шимтэгчид андахгүй мэднэ. Мөн жүжигчин, бизнесмен гэдгээсээ илүү “Баян” гэдгээ олны танил болсон Ж.Баясгалан бартаат замын уралдаанаар идэвхтэй хичээллэдэг байв. Гэсэн ч Ж.Баясгалан 2018 онд “Баха” бартаат замын уралдаанд оролцож байхдаа осолд орж, нугасандаа хүнд гэмтэл авсан байдаг. Ослоос хойш хэдэн сарын турш БНСУ-д хэвтэн эмчлүүлж байсан ч хөл дээрээ босох боломжгүй болж хөдөлмөрийн чадвараа алдсан юм. Хэдий хөдөлмөрийн чадвараа алдсан ч Ж.Баясгалан уул уурхайн бизнесээсээ гадна хэд хэдэн бизнес эхлүүлсний нэг нь кино урлагтай нь одоо ч ойр байлгадаг кино драмын “А групп” билээ.
Эх сурвалж: