УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулгад үзүүлж байсан төрийн тусгай хамгаалалтыг Засгийн газрын шийдвэрээр цуцалсан байна.
Тус хамгаалалтыг анх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар 2024 оны 3 дугаар сард 80 дугаар тогтоолоор сэргээж, дахин олгосон байв. Ингэснээр түүний бүрэн эрх дууссанаас гурван жилийн дараа ч төрийн тусгай хамгаалалтад байсаар байсан нь олон нийтийн анхаарал татсан юм.
Хуульд зааснаар, Монгол Улсын Ерөнхийлөгч асан нь бүрэн эрхээ дуусгавар болгосноос хойш зөвхөн гурван жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад багтах эрхтэй. Х.Баттулга нь 2021 оны 6 дугаар сард Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ дуусгасан тул 2024 оны зургадугаар сараас хамгаалалт дуусгавар болох ёстой байв.
Хамгаалалт сунгагдсан үндэслэл, нөхцөл байдал олон нийтэд тодорхой бус байсан бөгөөд үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар 2025 оны 7 дугаар сарын эхээр гаргасан тусгай шийдвэрээр уг хамгаалалтыг хүчингүй болгожээ.
Мөн сүүлийн үед УИХ-ын гишүүн Х.Баттулгаас ярилцлага авахыг зорьсон сэтгүүлчийн биед түүний хамгаалагч нар халдсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарсан. Харин хамгаалагч нар энэ үйлдлээ “төрийн тусгай хамгаалалт хэрэгжүүлж байсан” хэмээн тайлбарлаж байсан ч, одоо энэ үндэслэл хүчингүй болж байна.