“Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулсан юм. Тэрбээр, тогтоолын төслийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилго, зорилтыг хангах, аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил, Улсын Их Хуралд суудалтай болон улс төрийн бусад намуудтай зөвшилцсөн байдал, сонгуулийн тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн цэсийн хувьд зэргэлдээ байх зэрэг хуулийн зохицуулалт, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Монгол Улсын хүн ам, сонгуулийн насны иргэдийн тоо зэргийг үндэслэн боловсруулсан талаар тодорхой дурдав.
Төсөлд, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тусгасан байна.
1-р тойрог Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн
2-р тойрог Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн;
3-р тойрог Баян-Өлгий аймаг;
4-р тойрог Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн ;
5-р тойрог Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн;
6-р тойрог Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн;
7-р тойрог Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн;
8-р тойрог Баянзүрх дүүрэг;
9-р тойрог Баянгол дүүрэг;
10-р тойрог Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн;
11-р тойрог Сонгинохайрхан дүүрэг;
12-р тойрог Хан-Уул дүүрэг;
13-р тойрог Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн;
Эдгээр тойргуудыг тогтоохдоо 2019, 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг бууруулах, эдийн засгийн нөөцийг зохистой хуваарилах, хөгжлийн төвүүдийг бий болгох, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгааг дээшлүүлэх зорилтуудыг үндэслэл болгосон хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд тэмдэглэв.