ТАНИЛЦ: МАН-ЫН ЖАГСААЛТЫН 1 БА 11-Т БИЧИГДСЭН Г.ЛУВСАНЖАМЦ, Ж.ГАЛБАДРАХ ХОЁРЫН ХАМААРАЛ

  • 2024-12-17

 

      Намуудын жагсаалтыг дарга нар нь өөрсдөө буюу АН-ын жагсаалтыг Лу.Гантөмөр, ХҮН-ынхныг Т.Доржханд, Үндэсний эвслийнхийг Н.Номтойбаяр толгойлж буй. Харин МАН-ын жагсаалтын 1-т Ганзоригийн Лувсанжамц гэх залуу бичигдсэн. Гайхмаар нь, жагсаалт задарснаас хойш найм хоног өнгөрч буй ч Г.Лувсанжамц гэгчийн намтар нийтэд “хаалттай” байж ирлээ. МАН-аас жагсаалтаа толгойлуулсан Г.Лувсанжамцыгаа нийтэд танилцуулсангүй, мань эр өөрөө ч бүх сошиал сувгуудаа түгжчихжээ. Товчхондоо, түүний тухай Японд архитектор мэргэжил эзэмшсэн, хот төлөвлөлтөөр доктор хамгаалсан гэхээс өөр мэдээлэлгүй байна, сонгогчид.  

 

Иймд бид энэ удаагийн сонгуульд эрх баригч МАН-ын жагсаалтыг толгойлон нэр дэвшиж буй Ганзоригийн Лувсанжамцыг намтрыг нийтэд танилцуулахаар бэлтгэлээ. Цаашлаад, Г.Лувсанжамц МАН-ын жагсаалтын 11-т бичигдсэн Ж.Галбадрахтай нэгдмэл ашиг сонирхолтой болохыг баримтаар дэлгэж байна. 


МАН-ЫН ЖАГСААЛТЫГ ТОЛГОЙЛЖ БУЙ Г.ЛУВСАНЖАМЦ ГЭЖ ХЭН БЭ

Г.Лувсанжамц Улаанбаатарын унаган буюу хуучин цагийн "элит"-үүдийн гэх 1-р 40 мянгатад өсөж, нийслэлийн 1-р сургуулийг төгссөн. Улмаар 2007-2011 онд Японы Токиогийн политехникийн их сургуулийг архитектор мэргэжлээр төгссөн. Монгол ирээд 2011-2013 онд зураг төслийн “Гоби травэл” ХХК-д архитектороор ажилласан. “Гоби травэл” ХХК нь Г.Лувсанжамцыг ажиллаж байх үед буюу 2011 онд БШУЯ-ны захиалгаар Багануурын их сургуулиудын хотхоны ерөнхий төлөвлөгөө, 2012 онд Б.Чойжилсүрэнгийн захиалгаар Энхтайваны гүүртэй залгаа “Апартмент кей эйч” хотхон болон “Нарны хороолол”-ын зураг төслийг тус тус боловсруулжээ. 

 

Улмаар Г.Лувсанжамц 2014-2016 онд Японы хөрөнгө оруулалттай “MIBACE” компанид төслийн удирдагчаар ажилласан. Ингэхдээ Г.Лувсанжамц “MIBACE” компанийн СХД-ийн 34-р хороо, Баянголын ам буюу “Найрамдал” зуслангийн хажууханд барьсан “Peace town” гэх 10 айлын хоёр давхар амины хаусны хотхоны төслийг удирдаж, ашиглалтад оруулж, борлуулсан. Ингэхдээ “Peace town” хотхоны 100м2 талбайтай нэг айлын хаусыг 200 сая төгрөгөөр буюу нийт 2.0 тэрбум төгрөгөөр борлуулжээ. 

Тайлбар: Г.Лувсанжамц Найрамдалд "Peace town" хотхоныг барьж байх үедээ, 2014 он

Тайлбар: Г.Лувсанжамцын барьсан Найрамдал дахь 10 айлын "Peace town" 

      Ингээд Г.Лувсанжамц 2016 онд Япон руу буцаж, 2016-2018 онд Японы Токиогийн их сургуульд хот төлөвлөлтийн сэдвээр магистр хамгаалж, үргэлжлүүлэн 2018-2021 онд Токиогийн их сургуульд доктор хамгаалсан. Улмаар 2021 оноос Японы “Nippon Koei” компанид зөвлөхөөр ажиллаж буй. Сонирхуулахад, Японы “Nippon Koei” компанийн тухайд монголчуудад шинэ компани биш. Тодруулбал, 2013 онд Х.Баттулга Зам тээврийн сайд байхдаа “Nippon Koei” компанаар “Шинэ төмөр зам” төсөл буюу Тавантолгой-Сайншанд, Сайншанд-Хөөт, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн нийт 1500км төмөр замын зураг төслийг хийлгэж байв.

 

Товчхондоо, МАН-ын жагсаалтыг толгойлж буй Г.Лувсанжамцын намтар ийм. Дүгнэлтийг уншигч та хийх нь зөв биз ээ. 

МАН-ЫН ЖАГСААЛТЫН 1-Т БИЧИГДСЭН Г.ЛУВСАНЖАМЦ БА 11-Т БИЧИГДСЭН Ж.ГАЛБАДРАХ ХОЁРЫН ЯПОНООР ХОЛБОГДСОН ХАМААРАЛ

     МАН-ын жагсаалтыг толгойлж буй архитектор Г.Лувсанжамцын эхнэр Б.Пүрэвдулам нь мөн Японд суралцсан. Тодруулбал, 2013-2017 онд Японы Осокагийн олон улсын их сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн. 2018 оноос Японы “Фүжисофт” компанид олон улсын харилцааны менежерээр ажиллаж байгаа. 

 

Тэгвэл Б.Пүрэвдулам нь Японы мэргэжлийн сүмогийн Ёкозүна, ард олон “Ама” гэж танигдсан Даваанямын Бямбадоржтой “Эм Ай Си монголиан инновейшн корпорейшн” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Тэдний “Эм Ай Си монголиан инновейшн корпорейшн” ХХК нь Япон хэлний сургалтын төв ажиллуулж, мөн Монголд барилга, зам гүүр, цахилгааны инженерээр төгссөн залуучуудыг Япон руу ажилд зуучилдаг ажээ. Цаашилбал, дээр дурдсанчлан Б.Пүрэвдулам Токиогийн олон улсын их сургуулийг төгссөн. Тэгвэл 2023 онд Д.Бямбадорж Токиогийн олон улсын их сургуулийн хүндэт доктор цол хүрдэг байдаг. 

 

      Харин Д.Бямбадорж нь өдгөө МАН-ын жагсаалтын 11-т бичигдэж буй Жанчивын Галбадрахтай “Түмэн амгалан өргөө” ХХК болон “Шинэ монгол Харүмафүжи” сургууль, “Шинэ монгол Харүмафүжи” цэцэрлэгийг тус тус хамтран эзэмшдэг. Тэд анх 2018 онд “Түмэн амгалан өргөө” ХХК-аараа Яармагт “Шинэ Монгол харүмафүжи” сургуулийг барилга, угсралтын ажлыг гүйцэтгэж, улмаар 2018 оны есдүгээр сарын 1-нд “Шинэ Монгол харүмафүжи” сургуулиа нээж байв. Одоо Д.Бямбадорж нь “Шинэ Монгол харүмафүжи” сургуулийн ТУЗ-ийн даргаар, харин Ж.Галбадрах “Шинэ Монгол Харүмафүжи” сургууль болон “Шинэ Монгол харүмафүжи” цэцэрлэгийг нэгтгэсэн “Шинэ монгол эрдмийн хүрээлэн”-гийн Ерөнхий захирлаар ажилладаг. 

Тайлбар: Г.Лувсанжамц, Б.Пүрэвдулам ба Д.Бямбадорж, Ж.Галбадрах

      Ж.Галбадрахын тухайд физикийн багш мэргэжилтэй, ХААИС болон нийслэлийн 84-р сургуульд багшилж байсан. Улмаар 1995 онд Японы Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж, тус улсын Ямагата их сургуульд суралцсан. Буцаж ирмэгцээ буюу 2000 онд “Шинэ монгол” сургуулийг үүсгэн байгуулсан. Харин Д.Бямбадоржийн тухайд, 2000-2018 онд буюу 18 жил Японы мэргэжлийн сүмод барилдсан. Д.Бямбадоржийн эхнэр М.Баттуул нь Ж.Галбадрахын “Шинэ монгол” сургуулийг төгссөн, анхны шавь нарынх нь нэг. Тиймдээ ч Д.Бямбадорж, М.Баттуул хоёр 2011 онд Японд хуримаа хийхэд Ж.Галбадрах монголоос очиж, гэрчээр оролцож, үг хэлж байв. Улмаар Д.Бямбадорж 2018 онд зодог тайлж, монголд ирмэгцээ Ж.Галбадрахтай хамтран “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийг байгуулснаар бизнест орсон түүхтэй. Өөрөөр бол, Д.Бямбадорж, Ж.Галбадрах хоёр мөн л Японоор холбогдсон. 

 

      Сонирхуулахад, МАН-ын жагсаалтыг толгойлж буй Г.Лувсанжамцын эхнэр Б.Пүрэвдулам Японы “Фүжисофт” компанийн гадаад харилцааны менежерээр ажиллахын сацуу тус компаниас Японд жил бүр зохион байгуулдаг “Robot sumo” гэх роботын тэмцээний зохион байгуулагчаар ажилладаг. Тэгвэл Д.Бямбадорж, Ж.Галбадрах хоёр “Фүжисофт” компанийн “Robot sumo” гэх роботын тэмцээнийг 2018 оноос монголд оруулж ирж, “Шинэ Монгол харүмафүжи” сургууль дээрээ жил бүр зохион байгуулдаг болжээ.

 

Дээрх баримтаас, МАН-ын жагсаалтын 1-т бичигдэж буй Г.Лувсанжамц болон жагсаалтын 11-т бичигдэж буй Ж.Галбадрах хоёр нэгдмэл ашиг сонирхолтой болох нь нэмэлт тайлбаргүйгээр ойлгогдож буй байх. Цааш хөөвөл, энэ “сүлжээ” дахиад МАН-ын жагсаалтад бичигдсэн хэд хэдэн хүнтэй холбогдох ажээ.