Сурвалжлага: Долоон шуудай нүүрсээр өвлийг давахад хүндрэлтэй байна

  • Эх сурвалж: news.mn
  • -0001-11-30

Нийслэлд хүйтний эрч чангарч, шөнөдөө -30 хэмээс даван хүйтрэх болсон энэ өдрүүдэд түлшний хомсдол, хүрэлцээ муугаас үүдсэн гал алдах эрсдэл хэвээр байна. Тодруулбал, зарим түлш борлуулах цэгийн ачаалал өмнөх саруудтай харьцуулахад эрс нэмэгдсэн нь уг нөхцөл байдлын гол шалтгаан болжээ. Хоногт борлуулах ёстой таван тонн түлш хэдхэн цагийн дотор дуусч, иргэд түлшгүй үлдэх тохиолдол гарч байгаа аж.


Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо нийт хоёр түлш борлуулах цэгтэй. Тэдгээрийн нэг нь өдөрт таван тонн коксон түлш борлуулж, 300–400 өрхийн хэрэглээг хангах ёстой аж. Гэвч идэр хүйтний ес эхэлсэн эдгээр өдрүүдэд гэр хорооллын айл өрхүүд галаа тогтмол тордож, дулаанаа хадгалах шаардлага нэмэгдсэнээр түлшний хэрэглээ эрс өсжээ. Үүний улмаас нэг өрхөд ногддог долоон шуудай түлш хоногийн хэрэгцээг хангаж чадахгүй байгааг иргэд онцолж байна.

Тус хорооны иргэн Н.Хандсүрэн “Зарим өдөр ажлаа тараад ирэхэд түлш дууссан байдаг. Нэг айл өрх хэдэн удаа, хэдэн Хотула аппликейшн ашиглан түлш авч байгааг хянаж байгаа эсэх нь тодорхойгүй. Угтаа бол нэг өрх долоон шуудай түлш авах журамтай ч бодит байдал дээр энэ нь мөрдөгдөхгүй байна” хэмээн ярилаа.

Мөн тэрбээр“Намайг түлш авахаар ирэхэд хэд хэдэн удаа машинаар ирээд 21 шуудай түлш авч явахыг харсан. Яагаад ийм их хэмжээгээр авч байгааг асуухаар тодорхой, ойлгомжтой хариулт өгдөггүй”

“Хоёр, гурван айл нийлж авч байна” гэсэн тайлбарыг өгдөг. Зарим тохиолдолд 2-3 иргэний үнэмлэх гаргаж ирээд түлш аваад явж байгааг ч харсан. Ийм нөхцөлд нэг өрхийн ногдох хэрэглээ хумигдаж, түлш хурдан дуусах нь ойлгомжтой. Манайх зарим өдрүүдэд долоо хоногтоо 5-6 шуудай түлш хэрэглэж байгаа ч үлдсэн нэг шуудайгаа авч чадалгүй өнгөрөх үе бий. Иймд нийслэлээс тогтоосон долоон шуудай түлшний хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Өвлийн ид хүйтэн эхэлсэн энэ үед айл өрхүүдэд илүү түлш олгохгүй бол өвлийг давахад хүндрэлтэй. Миний хувьд долоон шуудай түлшээр өвлийг бүрэн давна гэдэгт итгэл багатай байна” хэмээн тэрбээр ярив.

Нийслэлийн хэмжээнд 420 гаруй гэрээт борлуулалтын цэгээр дамжуулан коксон түлшийг хэрэглэгчдэд нийлүүлж байна. Хотын даргын орлогч А.Амартүвшин 2025 оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн хагас коксон түлшийг хэрэглээнээс бүрэн гаргасан талаар мэдэгдсэн. Үүний улмаас иргэд сонголтгүйгээр коксон түлшийг хэрэглэх шаардлагатай болсон юм. Коксон түлшийг 25 килограмм жинтэй шуудайгаар савлан хэрэглэгчдэд хүргэж байгаа. Гэвч өмнө нь зарим шуудай стандарт жиндээ хүрэхгүй, дутуу савлагдсан гэх гомдол, мэдээлэл хэрэглэгчдийн үйлчилгээний төвд тогтмол ирж байсан тул савлагаанд онцгой анхаарах үүргийг холбогдох албаныханд өгчээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл хэд хэдэн борлуулалтын цэг дээр савлагаа дутуу ирсэн тохиолдол бүртгэгдсээр байна.

Өнгөрсөн жилүүдэд иргэд сайжруулсан түлшийг гэрийнхээ ойролцоох борлуулалтын цэгээс хүндрэлгүй авдаг байсан бол энэ жил зарим тохиолдолд хороо, дүүрэг дамнан эрж хайсан ч олдохгүй байгаа талаар хэлж байна.

Сүүлийн өдрүүдэд шөнөдөө -30 хэмээс даван хүйтэрч буй ч өглөө, оройн цагт тогтмол гал түлэхгүй бол гэр, байшин хурдан хүйт дааж, хүүхэд багачууд төдийгүй ахмад настнууд ч даарч, эрүүл мэндийн эрсдэл үүсэх нөхцөл бүрдэж байна. Цаг агаар огцом муудаж, сэрүүсэх үед өдрийн турш галлагаа хийх шаардлага ч гардаг.

Иймд иргэд коксон түлшний түгээлт, хүртээмжид онцгой анхаарахыг холбогдох байгууллагуудаас шаардаж байна. Түлшийг “Хотула” аппликейшн болон “Сайн” картад суурилсан иргэний үнэмлэхийн QR код ашиглан худалдан авах боломжтой. “Хотула” аппликейшныг ашиглаж чаддаггүй иргэд иргэний үнэмлэхийн QR код уншуулан түлш авах юм.

Гэрээт түлш борлуулах цэгээс түлш авахаар ирсэн иргэн А.Ариунболд “Манай энэ хавьд түлш үе үе тасалдаж байгаа нь үнэн. Заримдаа авахаар ирэхэд дууссан байдаг. Асуухаар захиалгын дарааллын дагуу хүргэж ирнэ гэсэн тайлбар өгдөг. Манайх хуучны байшинтай учраас дулаалга хийсэн ч дулаан их алддаг. Тиймээс долоон шуудай түлшээр долоо хоногийг давахад хүндрэлтэй. Хөдөө орон нутгаас хүмүүс ирсэн үед өдөрт бараг хоёр шуудай түлш хэрэглэж байна. Ирсэн хүмүүсийг дааруулах боломжгүй учраас түлшний хэрэглээ нэмэгддэг” хэмээн ярилаа.

Тэрбээр мөн коксон түлшний савлагаа дутуу ирдэг асуудал хэвээр байгааг онцлон “Манайх будгийн саваар хэмжиж түлшээ хэрэглэдэг. Гэтэл зарим шуудай хэмжээндээ хүрэхгүй, дутуу байгааг анзаардаг. Энэ талаар гэрээт борлуулагчид хэлэхэд “бид мэдэхгүй, Тавантолгой түлш компанид ханд” гэдэг. Харин өгсөн дугаар руу залгахад огт холбогддоггүй” гэв.

Түүнчлэн “Коксон түлш нь өмнөх сайжруулсан түлштэй харьцуулахад илүү сайн. Гэхдээ 25 кг хүрэхгүй, дутуу савлагдаад байвал ямар хэрэг байх вэ. Нэг өрхөд ногдох долоон шуудай түлш хүрэлцэхгүй байхад жин нь ч дутуу ирж байна. Өмнө нь төв зам дагуу гэрээт цэгүүд байсан нь ажлаа тараад ирэхдээ түлшээ авч явахад амар байсан. Харин одоо гэрээсээ хэдэн буудлын цаанаас усны тэрэг чирээд, өвлийн хүйтэнд түлш авахаар явж байна” хэмээн бухимдлаа илэрхийллээ.

Нийслэл хотын өнгө төрх, үзэмжид анхаарах зорилгоор төв зам дагуу байрлаж байсан зарим түлш борлуулах цэгийн гэрээг цуцалж, тэдгээрийг хоёр, гурав дахь гудамж руу нүүлгэсэн нь нэг талаар иргэдэд тодорхой хүндрэл учруулсан бол нөгөө талаар хотын орчны цэвэр байдлыг сайжруулах эерэг үр дүн дагуулсан гэдгийг мөн иргэд хэлж байв. Иргэд өмнө нь ажлаа тараад харих замдаа төв зам дагуух цэгээс түлшээ авч, шууд гэртээ харих боломжтой байсан бол уг зохицуулалт 2025 оноос эхлэн зогссон юм. Тухайлбал, өмнө нь хөрсний бохирдол ихтэйд тооцогдож байсан захын дүүргүүдийн зарим зам талбай энэ жилээс илүү цэвэр, эмх цэгцтэй болсон гэнэ.

Иргэн О.Сарангэрэл “Манайх өмнө нь түлш борлуулдаг гэрээт цэг байж үзсэн. Энэ ажил амаргүй даваа байсан гэж хэлж болно. Хорооны зарим айлуудыг таньдаг учраас бүр ч хэцүү байлаа. Учир нь зарим өрх хэрэглээнийхээ түлшийг дуусгачхаад дахин авахаар ирдэг. Тэдэнд ‘байхгүй’ гэж хэлэх үнэхээр бэрх. Өрөвдөөд өгчихвөл өөрсдөө дүрэм зөрчсөнд тооцогдох эрсдэлтэй. Зарим нь мөнгөгүй, цалин буугаагүй байна, түлш зээлж болох уу гэж ч асууж ирдэг байсан” хэмээн ярив.

Тэрбээр цааш нь “Манай Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд өнгөрсөн жил таван айл дээр түлшний борлуулалтын цэг ажиллаж байсан. Тиймээс айл өрхүүд түлшээ ирэхийг хүлээхгүйгээр өөрт ойрхон байрлах цэгээс худалдан авах боломжтой байв. Харин одоо хоёрхон цэг дээр нийлээд хоногт 10 тонн түлш борлуулагдаж, оршин суугчид дугаарлах шахам нөхцөл үүсээд байна. Иймээс нийслэлээс айл өрхүүдэд олгох түлшний хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай” гэв.

Өнгөрөгч 2025 оны арванхоёрдугаар сараас “Сайн” картыг хэрэглээнээс хасна гэж мэдэгдсэн ч өнөөдрийн байдлаар уг карт хэрэглээнд хэвээр байна. Тодруулбал, “Хотула” аппликейшнд бүртгэлтэй 147 мянган айл өрх коксон түлшийг хэрэглэж байгаа бол “Сайн” картын давхардал, хороо дүүргийн мэдээлэлтэй зөрсөн бүртгэлүүдээс шалтгаалан нийт 261 мянган өрхийн мэдээлэл системд бүртгэгдсэн нь илэрсэн байна. Албаныхны тайлбарласнаар энэхүү тоо нь бодит бус, хийсвэр тоон үзүүлэлт гэж үзэх боломжтой аж.

Үүнд орон нутгийн хаягтай буюу түр оршин суугч 13 мянга гаруй “Сайн” карт эзэмшигч, нас барсан иргэдийн 7000 гаруй бүртгэл, мөн зөрчилтэй хаягтай 33 мянга гаруй өрхийн мэдээллийг илрүүлж, хүчингүй болгосон байна.

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлшний борлуулалт эхэлсэнтэй холбогдуулан “Тавантолгой түлш” компанийн ажилтан, албан хаагчид “Хотула” аппликейшнийг хэрхэн ашиглах талаарх заавар, зөвлөгөөг борлуулалтын цэгүүд дээр биечлэн ажиллаж, иргэдэд мэдээлэл өгсөн байна. Мөн гэрээт борлуулалтын цэгийн ажилтнуудыг сургалтад хамруулж, иргэдийг үнэн зөв, нэг мөр мэдээллээр хангах ажлыг зохион байгуулжээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ