Т.Аубакир: 37 тэрбум төгрөгийн тэтгэмж авах 12 мянга орчим иргэн бий

  • Эх сурвалж: news.mn
  • -0001-11-30

ГБХНХ-ын сайд Т.Аубакир өнөөдөр /2025.12.10/ ажилгүйдлийн тэтгэмж болон тэтгэврийн асуудлаар мэдээлэл хийв.


-Энэ онд ажилгүйдлийн даатгалын санд 162 тэрбум төгрөг батлагдсан. Сүүлийн хоёр сарыг олгож амжилгүйгээр төсөв нь дууссан. Энэ маш олон шалтгаантай. Нүүрсний тээврийн жолоочид ажилгүй болсон. Мөн төрийн хийсэн цомхотгол болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өссөн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан аравдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл ажилгүйдлийн даатгалын тэтгэмжийг олгох боломж хязгаарлагдсан. Өнөөдөр Засгийн газарт энэ тухай танилцууллаа. Нийтдээ 37 тэрбум төгрөгийн тэтгэмж авах 12 мянга орчим иргэн байгаа.

Үүнд бас нэг шалтгаан байгаа. Ажилгүйдлийн тэтгэмжийг хууль бусаар авдаг иргэд байна. Энэ нь байгууллагынхаа даргаар хуурамчаар халагдах тушаалыг гаргуулж, өөрөө ажилласан хэвээр байх мөртлөө 7-10 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг авдаг гэх мэт асуудал байгаа. Ажилгүй болсон тохиолдолд есөн сарын хугацаанд ажиллаад 76 хоногтой тэнцэх тэтгэмжийг авдаг. Уг тэтгэмжийг олгож байгаа хугацааг 55 хоног бууруулах арга хэмжээг авах тухай бид зохих хуулиудад өөрчлөлт хийх талаар хуралдана. Төсөв санхүүгийн хувьд асуудал ихтэй байгаа боловч энэ онд ажилгүйдлийн тэтгэмж авах хүмүүсийг хохиролгүй болгоно.

Харин ахмадын тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр нийт 477.9 тэрбум төгрөгийг 2026 оны улсын төсөвт батлуулсан. Ирэх онд нийт 537 мянган хүн тэтгэвэр авна гэж үзсэн. Тэтгэвэр нэмэх асуудлуудыг хоёр сонголтоор харж байгаа. Нэгдүгээрт 8.6 хувийг жигд нэмэх, хоёрдугаарт 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх гэсэн сонголт байна. Бид Засгийн газарт энэ аргачлалаа батлах ёстой. Энэ хүрээнд хэлэлцэж, шийдвэрлэнэ. Тэтгэвэр 8.6 хувиар нэмэгдэх нь тодорхой болсон. Сая баталсан улсын төсөв бол 2026 оны төсөв. Зарим иргэд энэ талаар ойлголт багатай байна. Нийгмийн даатгалын сан бол тэгш шударга, үйлчлэх ёстой. Нийгмийн даатгалаа тогтмол төлсөн хүмүүсийг хохироосон шийдвэр гаргаж болохгүй. Их тэтгэвэр авдаг ахмадын тэтгэврийг багаар нэмэх, бага тэтгэвэр авдаг ахмадуудын тэтгэврийг ихээр нэмэх тохиолдол гардаг. Энэ тал дээр салбарын яамны зүгээс тэгш байдлыг баримталж ажиллана.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан нь гадны ажиллах хүч буюу бусад хөгжлийн бэршээлтэй иргэнийг авч ажиллуулаагүй ажил олгогчдоос бүрддэг сан. Сангийн үйл ажиллагааны хувьд ямар нэгэн доголдол гараагүй. Харьяа агентлагаас авсан мэдээллийн дагуу нийт 21 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэх ёстой. Сангуудын төсвийг зогсоож болохгүй. Энэ нь төсвийн мөнгө биш иргэдийн төлсөн шимтгэлийн мөнгө учраас хэвийн ажиллах ёстой. Зээл авах хүсэлтээ ирүүлсэн иргэдэд хугацаанд нь зээлийг олгуулахаар ажиллаж байна.