СЕХ-ноос сонгуулийн саналын хуудас болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт ирэх зургаадугаар сарын 28-ны баасан гарагт болно. Энэ удаагийн сонгуулиар манай улс УИХ-ын 76 биш 126 гишүүнтэй болно. Бид мажоритар тогтолцоогоор буюу тойргоос 78 гишүүнийг сонгох юм. Үлдсэн 48 гишүүн намын жагсаалтаар буюу намын дарга нарынхаа "дэмжлэгээр" УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй болно.
"Сонгуулийн тухай хуульд саналын хуудаст намуудын нэрсийн дараалал, нэр дэвшигчийн нэр ямар дарааллаар, яаж бичигдэх вэ гэдгийг тодорхой заасан байдаг. Ерөнхийлөгчийн тухай хуульд саналын хуудсанд нэр дэвшигчийн зураг байна гэсэн зохицуулалт байдаг. Гэвч УИХ-ын сонгуулийн тухай хуульд энэ заалт байхгүй.
Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа нам, эвслүүдийн нэр саналын хуудаст бичигдэнэ. Хамгийн олон 10 мандаттай тойргийн саналын хуудас 78.7 см бол 2 мандаттай тойргийн саналын хуудас 30 см байна хэмээн СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ хэлэв.
Тэрээр "СЕХ-ны хуралдаанаар саналын хуудасны загварыг баталж, хоёр хэсэгтэй байхаар тогтлоо. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар иргэд анх удаа мажоритар, пропорционал хоёр тогтолцоогоор 126 гишүүн сонгох гэж байна. Нэгдүгээр хэсэгт мажоритар тогтолцоогоор 78 гишүүнийг сонгох бол, 48 гишүүнийг пропорционал тогтолцоогоор сонгоно.
Хуульд зааснаар хэдэн нам оролцохыг тодорхой болгосны дараагаар саналын хуудасны загварыг гаргадаг. Зургаадугаар сарын 25-ныг хүртэл Ялалтын талбайд асар байгуулж санал тоолох машин, саналын хуудсыг сурталчлан таниулна" гэв.
СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир "СЕХ-нд УИХ-ын сонгуульд 23 нам, 2 эвсэл нэр дэвших хүсэлтээ ирүүлж, бүртгэж авсан байна. Нийслэл, 21 аймаг, 330 суманд Сонгуулийн хороо байгуулагдсан. Одоогоор 2196 хэсэг байгуулахаар бэлтгэл ажил хийж байна. Ирэх долоо хоногт нэр дэвших горилогчийн нэрс тодорхой болно. Өнөөдрийн байдлаар 76 бие даан нэр дэвшигч бүртгүүлэхээр болсон байна" гэв.