Мэдээ, мэдээлэл

СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ гэж юу вэ?

  • 2024-05-10

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ

20 дугаар зүйл.Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх

20.1.Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлдэх бөгөөд түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх, эдгээртэй холбоотой гомдлыг шийдвэрлэх ажлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангана.

20.2.Сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэл бүхий сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг гэсэн дарааллаар бичнэ.

/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.3.Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хэсэг байгуулсан нутаг дэвсгэр, төвийн мэдээллийг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь тухайн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэл бүхий сонгогчийн бүртгэлтэй тулган шалгаж, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.4.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байршуулна.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.5.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчийг энэ хуулийн 20.4-т заасан цахим хуудсанд байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцах боломжоор хангана.

/Энэ хэсэгт "жагсаалтаас өөрт нь холбогдох" гэснийг "жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

20.6.Доор дурдсан байгууллага дараах иргэний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, төрсөн он, сар, өдөр, хүйс, бусад шаардлагатай мэдээллийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ээлжит сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ:

/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгээс ". Сонгуулийн ерөнхий хороо уг мэдээллийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ" гэснийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хассан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсэгт "Сонгуулийн ерөнхий хороонд" гэснийг "улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

20.6.1.эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг Улсын дээд шүүх;

20.6.2.хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгуулийн насны иргэдийн мэдээллийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага;

/Энэ заалтаас ", захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан" гэснийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хассан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

20.6.3.60 түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээллийг Улсын хил хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;

20.6.4.тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух газрын хаягийн бүртгэлгүй боловч санал авах өдөр харьяа тусгай анги, салбарт нь алба хааж байгаа алба хаагч болон ажилтны мэдээллийг Улсын хил хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;

20.6.5.тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух газрын хаягийн бүртгэлгүй боловч санал авах өдөр зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа алба хаагч болон ажилтны мэдээллийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

20.6.6.тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух газрын хаягийн бүртгэлгүй боловч тухайн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч, дотоодын цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа алба хаагч болон ажилтны мэдээллийг цагдаагийн төв байгууллага;

20.6.7.зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгуулийн насны иргэдийн мэдээллийг цагдаагийн төв байгууллага;

/Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

20.6.8.тухайн жилд Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон, харьяатаас гарсан иргэдийн мэдээллийг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага.

20.7.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.6.1, 20.6.2, 20.6.3-д заасны дагуу ирүүлсэн мэдээллийг үндэслэн тухайн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалгүйгээр “Тайлбар” хэсэгт “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийх бөгөөд нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн тухайн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй.

/Энэ хэсгээс ", 20.6.7, 20.6.8" гэснийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хассан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

20.8.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.6.4, 20.6.5, 20.6.6-д заасны дагуу ирүүлсэн мэдээллийг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн хамаарч байгаа сонгуулийн хэсэгт саналаа өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн сонгогчийг нэмж бүртгэн байнга оршин суугаа газрынх нь хаягийн дагуу бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасна.

20.9.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.4-т заасны дагуу цахим хуудсанд байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, цаасан хэлбэрээр үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ:

20.9.1.сонгогчоос энэ хуулийн 20.4-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн талаар гаргасан гомдлын дагуу оруулсан өөрчлөлт;

20.9.2.энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө хийгдсэн сонгогчийн байнга оршин суугаа газрын хаягийн өөрчлөлт;

20.9.3.сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, хүйс зэрэг иргэний бүртгэлтэй холбоотой өөрчлөлт;

/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтаас ", иргэний бүртгэлийн дугаар" гэснийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хассан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

20.9.4.нас барсан иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлт;

20.9.5.энэ хуулийн 20.6-д заасан иргэдийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлт.

20.10.Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн ажиллах байранд, өөрийн ажиллах байргүй бол сум, хорооны Засаг даргын Тамгын газрын байранд итгэмжлэгдсэн ажилтныг ажиллуулж, сонгогчдод өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй чөлөөтэй танилцах боломж олгоно.

/Энэ хэсэгт "сонгогч өөрт нь холбогдох" гэснийг "итгэмжлэгдсэн ажилтныг ажиллуулж, сонгогчдод өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

20.11.Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.

20.12.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.9-д заасан хугацаанд хүргүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтад энэ хуулийн 20.9.1, 20.9.3, 20.9.4, 20.9.5 дахь заалт, 23, 24 дүгээр зүйлд заасан үндэслэлээр оруулсан өөрчлөлт, гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын өөрчлөлтийг тусгаж сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

20.13.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуульд нийцүүлэн гадаад улсад байгаа иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, хүргүүлэх журмыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батална.

/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

20.14.Сонгогчдын нэрийн жагсаалт зөвхөн нэг нэрийн жагсаалтаас бүрдэх бөгөөд энэ хуульд заасныг зөрчин сонгогчдын нэрийн жагсаалт шинээр үйлдэх, түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно.

/Энэ хэсгийн "20.12" дугаарыг "20.14" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

20.15.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 20.9-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө болон санал авах өдрөөс 3 хоногийн өмнө тус тус цахим хэлбэрээр олгоно.

/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийн "20.13" дугаарыг "20.15" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсэгт "цахим хэлбэрээр нэг удаа" гэснийг "болон санал авах өдрөөс 3 хоногийн өмнө тус тус цахим хэлбэрээр" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

20.16.Энэ хуульд заасан сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх үйл ажиллагаа болон нэрийн жагсаалттай танилцах, ашиглах журмыг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцүүлэн, Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, тагнуулын байгууллага хамтран батална.

/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

20.17.Сонгогчдын нэрийн жагсаалт цаасан болон цахим хэлбэртэй нэгдсэн нэг сантай байх бөгөөд сонгогчийг сонгуулийн зөвхөн нэг хэсэгт бүртгэнэ.

/Энэ хэсгийн "20.14" дугаарыг "20.17" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсэгт "хэлбэртэй" гэсний дараа "нэгдсэн нэг сантай" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

20.18.Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ хуульд зааснаас бусад тохиолдолд хэвлэж тараахыг хориглоно.

/Энэ хэсгийн "20.15" дугаарыг "20.18" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсэгт "хувилж олшруулах," гэснийг "энэ хуульд зааснаас бусад тохиолдолд хэвлэж" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

20.19.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Сонгуулийн ерөнхий хороотой хамтран сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, нягтлан шалгах, давхардал, зөрчлийг арилгах, танилцуулах, сонгогч шилжих журам болон маягт, загварыг энэ хуульд нийцүүлэн, Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн тагнуулын байгууллагатай хамтран баталж мөрдүүлнэ.

/Энэ хэсгийн "20.16" дугаарыг "20.19" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсэгт "байгууллага" гэсний дараа "Сонгуулийн ерөнхий хороотой хамтран" гэж "нийцүүлэн" гэсний дараа ", Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн тагнуулын байгууллагатай хамтран" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

20.20.Энэ хуулийн 20.1-д заасан үйл ажиллагааг зохион байгуулахад төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, холбогдох бусад байгууллага энэ хууль, холбогдох бусад хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд оролцож, улсын бүртгэлийн байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

/Энэ хэсгийн "20.17" дугаарыг "20.20" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

20.21.Энэ хуульд заасан журмын дагуу Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн нам, эвсэл, бие даан нэр дэвшигч, төрийн бус байгууллагын төлөөлөл сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх ажиллагаатай танилцаж болно.

/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

20.22.Гадаад улсад байгаа иргэн гадаадад санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ.

/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./



Та сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцана уу.

https://election.burtgel.gov.mn/