С.Цэнгүүн: Айдаст автуулж төсөл гацаадаг жишиг байсаар байна

  • Эх сурвалж: news.mn
  • 2024-12-24

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар өчигдөр Гадаадаас ажиллах хүчин авах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч саналаа нэгтгэж чадаагүй гэх мэдээлэл бий.  Тэгвэл тус бүлгийн гишүүн С.Цэнгүүн Гадаадаас ажиллах хүчин авах тухай хуулийн төслийг дэмжих ёстой гэх байр суурь барьж буйгаа мэдэгдлээ.  Энэ талаар тэрбээр “Ажиллах хүчинтэй холботой олон асуудал байгаа нь үнэн. Гэхдээ айсан хүнд аргал хөдөлнө гэгчээр асуудлыг бодит фактороос нь холдуулаад хятад цустай, Хятадын дарангуйлал ирэх гэж байна гэж нөхцөл байдал үүсгэж байгаа нь байж боломгүй үйлдэл. Цахилгаан станц барих юм бол Хятадын “Чайна таун” бий болчихно гэж дайрсаар байгаад цахилгаан станцын төслүүдээ гацааж байсан. Маш олон том төслүүдийг дандаа нэг харийн том дарангуйлал орж ирэх гээд байна гэсэн айдаст автуулж байгаад төслийг гацаадаг жишиг байсаар байна. Монголын хөгжлийг гацаасан хүмүүс өнөөдөр УИХ -ын гишүүн хийгээд энэ дотор байсаар л байгаа. Монгол Улс хөгжих гэсэн оролдлого бүрийг гацаадаг байдлыг өнөөдөр бид нар харж байна.

Намайг хүүхэд байхаас хойш л энэ байдал байсан, өнөөдөр ч гэсэн өөрчлөгдөөгүй.

Бид нар попролоор улсаа удирдуулаад байж болохгүй.  Монгол Улс хөгжих ёстой, том төслүүд маань ч гэсэн явах ёстой.  Эрүүл ухаантай хүмүүс Монголд их байдаг. Бодит байгаа нөхцөл байдлаа хэлэхээс айхаа больсон. Тэгэхээр бид бүхэн зоригтойгоор реформуудаа хөдөлгөөд явна” гэж мэдэгдсэн юм.

Түүний энэ үг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Х.Баттулга, мөн УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ц.Даваасүрэн нарт хаяглагдлаа гэж олон нийт дүгнэж байна.

Монгол Улс том төслүүдээ хөдөлгөх шийдвэр гаргавал дагуулаад ажиллах хүчний асуудлыг шийдвэрлэхээс аргагүй. Учир нь, Монголд бэлтгэгдээгүй, бэлтгэгдэх боломжгүй нарийн мэргэжлийн ажиллах хүчнийг оруулж ирэхгүйгээр бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, төслүүдээ хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа ч түүнийг барьж байгуулах хүмүүсийг оруулж ирэхгүй бол ажил явахгүй, дахиад л төсөл гацна. Тиймээс Засгийн газрын хувьд нарийн мэргэжлийн ур чадвар шаардсан ажиллах хүчнийг оруулж ирэх төслийг өргөн мэдүүлээд буй ч эхнээсээ эсэргүүцэлтэй тулж эхэлснийг харин УИХ-ын гишүүн С.Цэнгүүн шүүмжилж, төслийг дэмжих ёстойг сануулж байна.

Г.ХОРОЛ