Сайд нар хэдэн их наядыг зарцуулах вэ?

  • Эх сурвалж: news.mn
  • -0001-11-30

 Төсвийн ерөнхийлөн захирагч нар ирэх оны төсвийн төслөө олон нийтэд танилцуулж, санал авах ажлыг орон даяар эхлүүлээд байгаа. Үүнтэй холбоотойгоор сайд нарын 2026 онд зарцуулах төсвийн хязгаар буюу хөрөнгийн хэмжээг танилцуулж байна. 

Төсвийн тухай хуулийн 8.3.3 дахь заалт, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2026 оны төсвийн орлогын доод хязгаар, төсвийн зарлагын дээд хязгаарыг баталсан. Төсвийн ерөнхийлөн захирагч нар энэ тогтоолоор баталсан төсвийн хязгаарт нийцүүлэн 2026 оны төсвийн төслөө боловсруулах учиртай.

Төсвийн төслийг боловсруулахдаа олон нийтээс авсан саналыг тусган, төсвийн төслийг Сангийн яам наймдугаар сарын 15-нд өргөн барьж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Улмаар ирэх есдүгээр сарын 01-нд УИХ-д өргөн барих ёстой юм. Өөрөөр хэлбэл, 2026 оны төсөв батлагдаагүй хэлэлцүүлэх шатандаа явж байгаа бөгөөд олон нийтийн саналыг наймдугаар сарын 14-нийг дуустал хүлээн авна.

Тухайлбал Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн 2026 оны төсвийн хязгаарын урсгал зардлыг 85.3 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтыг 374.8 тэрбум төгрөг нийт 460.1 тэрбум төгрөгөөр баталсан байна.

Эрчим хүчний сайдын багцын урсгал зардлын:

  • 50 хувийг эрчим хүчний үйлдвэр компаниудад алдагдлын татааст,
  • 44 хувийг гэр хорооллын айл өрхийн цахилгааны хөнгөлөлтөд,
  • 3 хувийг эрчим хүчний яамны албан хаагчдын цалин, үйл ажиллагааны зардалд,
  • 3 хувийг Эрдэнэбүрэн болон Эгийн голын УЦС барих төслийн бэлтгэл ажлыг хангах зардлуудад тус тус төлөвлөөд байна.

Компаниудын санхүүгийн алдагдлыг улсаас татаас олгохгүй байдлаар шийдвэрлэвэл, хэрэглэгчдэд борлуулах цахилгаан, дулааны эрчим хүчний одоогийн тарифыг 80-100 орчим хувиар нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд энэ нь хэрэглэгчдэд төлбөрийн томоохон дарамт үүсгэх тул 2026 онд татаас олгохоор тооцоолжээ.

Харин 2025 онд нийт 407 тэрбумаар батлагдсан АҮЭБЯ-ны төсөв одоогоор 59,8 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2025 онд хүлээгдэж байгаа гүйцэтгэл 303 тэрбум орчим. 2026 оны төсвийн хязгаар 288 тэрбум төгрөгөөр батлагджээ. 

САЙД НАРЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ХЯЗГААР

  • Монгол Улсын Ерөнхий сайд: 360,4 тэрбум төгрөг
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга: 82,4 тэрбум төгрөг
  • Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд: 207,5 тэрбум төгрөг
  • Шадар сайд: 277,6 тэрбум төгрөг
  • Гадаад харилцааны сайд: 223,8 тэрбум төгрөг
  • Сангийн сайд: 4,5 их наяд төгрөг
  • Эрчим хүчний сайд: 460.1 тэрбум төгрөг.
  • Зам тээврийн сайд: 1 их наяд төгрөг
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд: 671,2 тэрбум төгрөг
  • Батлан хамгаалахын сайд: 661,8 тэрбум төгрөг
  • Эрүүл мэндийн сайд: 1.5 их наяд төгрөг
  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд: 288,5 тэрбум төгрөг
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд: 64.8 тэрбум төгрөг
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд: 1,3 их наяд төгрөг
  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд: 553 тэрбум төгрөг
  • Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд: 4.4 их наяд төгрөг
  • Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд: 416 тэрбум төгрөг
  • Шадар сайд: 5,3 тэрбум төгрөг
  • Боловсролын сайд3,6 их наяд төгрөг
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд: 199,2 тэрбум төгрөг

Эх сурвалж: legalinfo.mn