Өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн удтал яригдаж буй мега төслүүдийн нэг Эгийн голын УЦС барих асуудлын талаар дараах тайлбарыг хэлсэн.
“Эгийн голын усан цахилгаан станцын тухайд харамсалтай нь манай Эгийн гол Сэлэнгэ мөрнөөр дамжаад Байгаль нуурт цутгадаг. ОХУ-аас ЮНЕСКО-д гомдол гаргасан. Тус гомдлын дагуу Францын нэг компанийг шалгаруулаад байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн. Урьдчилсан дүгнэлтээр Эгийн голын усан ЦС Байгаль нуурт сүртэй нөлөөлөл байхгүй гэдэг дүгнэлт гаргасан. Үүнийг бид ОХУ-ын Түлш, эрчим хүчний түрүүчийн сайдад явуулсан. Оросууд “бид найрсаг бус харилцаатай улс орны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй” гээд Оросын байгаль экологийн яам, манай Байгал орчны яамтай хамтарсан ажлын хэсэг дахин дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа. Энэ дүгнэлт гарсны дараа Эгийн голын усан УЦС-ыг цаашид ярилцана” гэж хэлэв.
Гэтэл яг үүний ард ямар асуудал бодит байдал дээр хөвөрсөн бэ гэвэл хоёр жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай оронд айлчлахдаа Эгийн голын УЦС-ын асуудлаар ЮНЕСКО-д улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн явдлыг Оросын талаас ч мөн сөхөж, асуудал болгож эхэлсэн байна.
Европын холбоо, ЮНЕСКО, НҮБ-ын голлох орны нэг Франц улс манай мега төсөл дээр улс төрийн түвшинд анхаарч, дэмжинэ гэсэн нь Орост таалагдаагүй хэрэг.
Олон жил Эгийн голын УЦС-ыг барих ажил дээр Оросын талаас эсрэг байр суурь илэрхийлж ирсэн. Харин энэ онд Путиныг манайд айлчлах үеэр Эгийн голын төслийг онцгойлон анхаарч, байгаль орчны үнэлгээний асуудлыг цогцоор нь авч үзэхийн тулд хоёр талын ажлын хэсгийг байгуулахаар болсон.
Гэтэл Орос улс төрийн дээд түвшинд хэлэлцэж шийдвэрлэсэн байр сууриасаа ийн ухралт хийж, Эгийн голын УЦС-ыг бариулахгүйгээр хойш татаж байгаа нь цаашид ч бариулах сонирхолгүй нь илт.
“Баруун, зүүнээрээ” гэдэг тоглоомын дүрмээр Орос манайд шахалт үзүүлж байж ч болох. Өөрөөр хэлбэл өөрсдөд нь ашигтай нэг төслөөр, нөгөөг явуулна гэж буй биз.
Т.БАТСҮРЭН