Монголд хамгийн хэрэгтэй, томоохон төслүүдийн нэг болох Эгийн голын усан цахилгаан станцын төслийг Оросын тал бүх боломжит байдлаараа явуулна гэх амлалтыг төрийн дээд шатны удирдлагуудын түвшинд хэлсэн нь бий. Үүнээс өмнө нь олон жил "Байгал нуурын урсац, экологид нөлөөлнө" гэх тайлбараар шалтаглан хойш татаж ирсэн түүхтэй.
Монгол Улсын Засгийн газар Эгийн голын УЦС-ыг барих байр сууриасаа ухрахгүй
Уг нь Азийн хөгжлийн банкнаас анх 1991 онд 5 жилийн туршид 5.2 сая ам.доллар. 2007-2008 онд 486 тэрбум төгрөгийг, 2013-2018 онд 17 сая ам.долларыг Эгийн голын УЦС-ын төслийн зээлд зарцуулсан байна. Анхны үнэлгээ нь 327 сая ам.доллараар хэмжигддэг. 2016 онд эрчимжиж байсан энэ төсөл гурван улсын компанийн хамтарсан бүтцээр явахаар тохиролцоонд хүрээдсанхүүжилт нь манай талаас шийдэгдээгүй. Хэд хэдэн туршлагатай улс орноос энэ төсөл дээр орж ирэх сонирхлоо илэрхийлсэн ч өөр хамтарсан гадны хөрөнгө оруулагчид олж чадаагүйгээс тэгсгээд замхарсан.
Хятадын Экспорт, импортын банкнаас тэрбум ам.долларын зээл аваад төслийг явуулах ажил мөн л 2015 онд яригдаж, Францын "GDF Suez" компанийн охин компани ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээг нь хийж, жин тан болгосон боловч ОХУ уг байгаль орчны үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй. Ингээд Оросын талаас няцаалттай тулгарсаар байсан ч Эгийн голын УЦС-ийн төслийг энэ 2025 оны төсвийн төсөлд багтаав. Ингэхдээ 3.7 их наяд төгрөгийг төр хувийн хэвшлийн түншлэлээр 2032 он хүртэл хэрэгжүүлнэ гээд тусгачихсан учир явуулах нь дамжиггүй. Хоёр жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай оронд айлчлахдаа Эгийн голын УЦС-ын асуудлаар ЮНЕСКО-д улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн явдлыг Оросын талаас сөхөж асуудал болгосон удаатай. Эдийн засгийн хоригт оруулсан улсынх нь нэгээр Байгаль орчны үнэлгээгээ хийлгэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж шалтагласан хэрэг.
Европын холбоо, ЮНЕСКО, НҮБ-ын голлох орнуудын нэг болох Франц улс манай мега төсөлд анхаарал тавьж, хамтран ажиллахаа илэрхийлсэн нь Орост таалагдаагүй гэсэн үг.
Цаасан дээр ТЭЗҮ нь боловсруулагдаад олон жилийг үзэж байгаа энэ төслийг төрийн тэргүүн нарын түвшинд ярилцах боломжийг манай талаас алдаагүй юм. Ингээд өнгөрсөн оны наймдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг манайд айлчлах үеэр Эгийн голын УЦС-ын төслийг онцгойлон анхаарч, байгаль орчны үнэлгээний асуудлыг цогцоор нь авч үзэхийн тулд хоёр талын ажлын хэсгийг байгуулахаар болсон уг нь. Гэвч өнөөдөр Орос төрийн өндөр дээд түвшинд илэрхийлсэн энэ байр сууриа үл биелүүлэв.
Мөн нөгөө талд Оросуудын байр суурийг тод томруун харуулсан нэгэн ярилцлагыг дотоодын хэвлэлдээ ОХУ-ын Эрчим хүчний хөгжлийн сангийн захирал Сергей Пикиний "Орос-Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны "эхний үе"-ийг Байгаль нуурыг аврах буюу тус цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхгүй байхыг ятгах процесс гэж нэрлэж болно. Тэгэхээр бид Сэлэнгэ дээр хариуд нь ямар нэг зүйл санал болгох. Жишээлбэл тус улсын түлшний нөөц хангалттай байгаа тул хуучин Зөвлөлтийн үеийн нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцуудыг сэргээн босгохоос илүү сайн хувилбарыг хэлж мэдэхгүй байна. Дэлхий дахинд нүүрсний хэрэглээг сайжруулах, орлуулах шинэ гарц олох хүртэл энэ бол хамгийн боломжит санал. Уур амьсгалын нөхцөл байдлыг нь харгалзан Монголд эрчим хүч, дулааныг найдвартай үйлдвэрлэх шаардлагатай" хэмээн ярьсан байв.
Гэвч Монгол Улс 33 жил цаасан дээр л боссон уг төслийг бодит ажил хэрэг болгож, эх орондоо шаардлагатай эрчим хүчний нөөц бололцоогоо бүрэн чадлаараа ашиглах ирээдүйн амбицаасаа ухрахгүй хэмээн Засгийн газрын түвшинд байр сууриа илэрхийлж буй.
Оросын талаас 1.4 сая еврогийн өртгийг бууруулахгүй гэв
Эгийн голын УЦС дээр олон жил гацаасан атлаа Оросын талаас манай мега төслүүд дээр орж ирье гэдэг. Социализмын үед бүтээж, байгуулж асан Оросын байгууламжуудыг тэд өөрсдөө сайн мэдэхийн хувиар дахин барихад асуудалгүй гэх маягтай тайлбар хэлж ДЦС-3-ыг барих сонирхол бий.
ДЦС-3-ын өргөтгөлийн хүрээнд эхний ээлжинд 50 мВт-ын дулааны станцыг шинээр барьж, дараагийн шатанд ашиглалтын хугацаа дууссан 48 мВт-ын станцыг нурааж, үүнийхээ суурин дээр 250 мВт чадалтай дулааны цахилгаан станцыг шинээр барина гэсэн урьдчилсан зураглал бий. Төслийн нийт зардлыг Оросын талаас тус улсын "Интер РАО экспорт" компани татвар орсон дүнгээр 1.4 сая еврогоор гүйцэтгэж өгөх саналаа тулгасан. ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Цивилев Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ"12 МВт-ын хүчин чадалтай дөрвөн блок ашиглалтын хугацаа дууссан, нэн даруй солих шаардлагатай, орчин үеийн стандартад нийцэхгүй байна. Тиймээс бид хамгийн түрүүнд хийх ёстой. Тэр даруй 50 МВт-ын хүчин чадалтай блок барьж, 12 МВт-ын хүчин чадалтай хоёр блокийг мөн ашиглалт оруулж өгье" хэмээн хэлсэн байна.
Улаанбаатар хотод ДЦС-3-ын сэргээн босголтын явцыг хоёр жил шахам хугацаанд гүйцэтгэх бөгөөд энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж, төслийг хамтран гүйцэтгэхээр тохиролцсон. Нэгэнт төрийн тэргүүн нарын дунд яригдаж, албан байдлаар баталгаажаад явсан гэдэг утгаар нь оросын талаас шууд өндөр дүнтэй бүтээн байгуулалтын зардлыг гаргаж ирсэн байна.
Ингэхдээ “Интер РАО” компани дээр нэмэгдээд “Ротек” холдингтэй хамтран төслийг боловсруулж буй. 2023 оны 9-р сард "Интер РАО Экспорт"-ын тэргүүн Максим Сергеев уг төслийн ТЭЗҮ-г аль хэдийн тохиролцсон боловч санхүүжилтийн нөхцлийн талаар нэгдсэн шийдвэрт хүрэхээр ярьж байна хэмээн Оросын хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Монголын хувьд бусад гадны туршлагаар харвал энэ дүн өндөр. Орос өөрөө хамтын ажиллагаатай улс орнууддаа энэ мэт бүтээн байгуулалтыг хийж өгдөг туршлагатай ч манайд хэлж буй энэ үнийн дүн нь даруй хоёр дахин давуулсан зардал юм. Салбарын сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд Орос энэ талбар дээр туршлагатай, орчин үеийн тоног төхөөрөмж, техниктэй учир цахилгаан станц бариулахад боломжгүй зүйлгүй. Гол нь Оросын компаниас өөр манайд цахилгаан станц барьж өгөх санал орж ирээгүй. Үнийн дүнгийн хувьд өндөр үү үгүй юу гэдэг дээр л хоёр тал ярилцаж байгаа гэж байв. Манай талаас үнийн саналыг бууруулах санал тавьсан ч одоогоор уг саналыг хүлээж аваагүй.
Оросын хэвлэлд гарсан мэдээллүүдээс харвал Монголын талаас ДЦС-3-ыг бариулах саналыг өмнө нь тавьж байсан учир энэ санал дээр тулгуурлан нийт өртгийг тооцож, хариултаа өгсөн талаар бичсэн байв.
Монголын цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадал 1.18 ГВт буюу харьцуулбал Эрхүү мужид л гэхэд 13 ГВт цахилгаан станцтай бүтцийн хувьд дөхөж очно гэцгээдэг. Манайд өнөөдөр 1960-1980-аад онд ЗХУ-ын техникийн дэмжлэгтэйгээр баригдсан нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд өнөөг хэр ашиглагдаж байна. Улсын хэмжээнд томоохонд тооцогдох цахилгаан станцууд нь Улаанбаатар дулааны цахилгаан станц-4, Дулааны цахилгаан станц-2, Дулааны цахилгаан станц-3, Дарханы дулааны цахилгаан станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг оросууд барьж өгсөн. Энэ үндэслэлээр манай улсын эрчим хүчний салбарын зарим мэргэжилтнүүд Оросоор бариулах нь муугүй шийдвэр гэдэг. Гэтэл эргээгээд дайнтай, олон улсын хоригт орсон, гадаад валютаар гүйлгээ ч хийх боломжгүй хөрш улсаараа бүтээн байгуулалт хийлгүүлэх нь тийм оновчтой сонголт биш хэмээн шүүмжлэх нь ч бий.
Угтаа Оросын хувьд бол Эгийн голын УЦС-ыг чинь явуулах ямар ч боломжгүй тул хариуд нь ДЦС-3-ыг чинь барьж, ашиглалтад оруулж өгье гэдэг санал тулгаж, үүнийгээ төрийн тэргүүнээрээ хэлүүлээд авсан гэсэн үг. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний боломжит гарцуудыг эрэлхийлж байгаа энэ үед Оросын талаас "баруун, зүүнээрээ" гэдэг урьдын байр сууриа тулгасан хэвээр л байна. Харин Эрчим хүчний сайдын хувьд Б.Чойжилсүрэнд хоосон хоцорч байснаас адаглаад ДЦС-3-аа бариулж авахгүй бол хотыг хөлдөөсөн хэрэгт хэдэн жил дараалан унана хэмээн буланд шахагдаж буй нь энэ.
Т.БАТСҮРЭН