Сонгуульд оролцхоор бүртгүүлсэн нам эвсэл, бие даан нэр дэвшигч нь дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана
2024.05.15-2024.05.20 хооронд
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ хууль
29 дүгээр зүйл.Нэр дэвшүүлэх нийтлэг журам
29.1.Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.
29.2.Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.
29.3.Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
29.3.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;
29.3.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51, түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх.
29.3.3.сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй.
/Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтыг Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаар дүгнэлтээр 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэнийг Монгол Улсын Их Хурлын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
29.4.Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна:
29.4.1.төрийн жинхэнэ албан хаагч;
29.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан;
29.4.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал.
29.5.Нэг намын гишүүнийг өөр намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно.
29.6.Нэр дэвшигч нь нэгээс илүү тойрогт нэр дэвшихийг хориглоно.
29.7.Тойрогт болон жагсаалтад зэрэг нэр дэвшихийг хориглоно.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
29.8.Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно.
/Энэ хэсгийн дугаарт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
29.9.Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.
/Энэ хэсгийн дугаарт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
29.10.Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ ардчилсан ёс, шударга ёсны зарчмыг баримталж, нийгмийн бүлгийн төлөөллийг харгалзана.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
30 дугаар зүйл.Нам, эвслээс нэр дэвшүүлэх
30.1.Нам, эвсэл нь 78 хүртэл хүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойрогт, 48 хүртэл хүнийг нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаар тус тус нэр дэвшүүлнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
30.2.Нам, эвслээс нэр дэвшүүлэхэд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна.
/Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
30.3.Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
30.4.Нам, эвсэл тойрогт нэр дэвшүүлэхдээ тухайн тойрогт ногдсон мандатын тооноос илүүгүй хүний нэрийг дэвшүүлнэ.
/Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
30.5.Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн намын Их хурал, эсхүл төлөөллийн төв байгууллага хуралдаанаараа хэлэлцэж, нууцаар санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
30.6.Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
31 дүгээр зүйл.Бие даан нэр дэвшүүлэх
31.1.Энэ хуульд заасан шаардлагыг хангасан иргэн сонгуулийн тойрогт бие даан нэр дэвшиж болно.
/Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
31.2.Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.
31.3.Аймаг, дүүргийн сонгуулийн хороо нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтыг тэмдэг дарж баталгаажуулан бие даан нэр дэвшүүлэгчид энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж эхэлсэн өдрөөс олгоно.
31.4.Сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
31.5.Бие даан нэр дэвшүүлэгч нь гарын үсэг зуруулахдаа А4 хэмжээнээс хэтрэхгүй хэмжээтэй өөрийн танилцуулах хуудсыг тарааж болно.