УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарыг "Амьтанд хайргүй, амьтан хайрлаж мэддэггүй гишүүн" гэж нэрлэн тодотгох бүрэн боломжтой юм байна.
Нарансэвстэйн боомтыг нээх нь зөв гэж зүтгүүлж буй санаа нь Алтайн өвөр говийн мазаалай, хавтгайн амьдралд шууд сөрөг нөлөөтэйг эрдэмтэд онцолсоор л байна. "Ер нь мазаалай харсан хүн байна уу, гараа өргө?", "Эрдэмтэд гэж мөнгө авчихсан хэдэн хүмүүс" гэхчлэнгээр ч ярьсан. Үүнийх нь хариуд эрдэмтэд нэгдэн, түүнийг УИХ дахь Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд өгөөд буй.
Мөн гишүүн болоод хамгийн анх боловсруулж буй хуулийн төсөл нь "Амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" аж.
Үүгээр, хэрэв амь нас, мал, эд хөрөнгөө хамгаалах зорилгоор чоно агнасан бол хуулийн хариуцлага хүлээхгүй байх зохицуулалт нэмж байгаа юм.
Тодруулбал,
25.7 дахь хэсэгт "Амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан бол энэ хуулийн 25.1 дэх заалт хамаарахгүй" гэж нэмнэ. Харин 25.1 дэх заалт нь: "Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад эрхийн бичиг, иргэн, хуулийн этгээд тусгай болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад тусгай зөвшөөрөл авч, гэрээ байгуулна" гэдэг.
Өөрөөр хэлбэл амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнах бол тусгай зөвшөөрөл авч, гэрээ байгуулах шаардлагагүй гэж О.Амгаланбаатар үзэж байна.
Ингэснээр "Мал сүргээ хамгаалсан" гэж тайлбар тавиад чоно агнах үзэгдэл газар авна гэдэг нэн ойлгомжтой зүйл. Нэг хэсэг чоныг бодлогоор агнаж байсан цаг үе бий. Одоо тийм биш. Чонын ан дагасан бизнес олон. Нэг ёсондоо УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар тодорхой эрх ашгийн өмнө байгаль, амьтныг золиослон харж чаддаг нэгэн аж.
Г.САНСАРМАА<