УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг ЗГЭХГ-ын дарга Н.Учрал танилцуулав. Хот тосгоны тухай хуулийг 2025 оны зургадугаар сараас хэрэгжүүлж эхлэх ч Хархорум хотын хууль тогтоомжийг тусад нь боловсруулж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа. Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:
-Хөрөнгө оруулагчдад ээлтэй ямар эрх зүйн зохицуулалт байгаа вэ. Одоогийн хуулийн орчинтой зөрчилдөж байна уу. Их дээд сургуулиудаас нүүлгэх үү.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Орхоны хөндийд хот байхгүй ч жилд 40-50 мянган жуулчин дайран өнгөрдөг гэх судалгаа бий. Хотын хүн ам 500 мянга байна. Тэргүүлэх чиглэл бол аялал жуулчлал. Хуучны хотын дахин сэргээж музей хэлбэрээр байгуулна. Виртуал орчинг бас сурталчилна. Боловсролын чиглэл нэг бүлэг нь байна. Дэд бүтцээ шийдвэл их сургуулиудаас нүүлгэх боломжтой.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
-Аялал жуулчлалын хот байх нь зөв. Улаанбаатар дулаан, цахилгааны асуудлаа шийдэхгүй байхад дахин хот байгуулбал энэ асуудлыг ямар санхүүгийн боломж байна вэ. Яагаад Хот тосгоны тухай хуульд нийцүүлээгүй вэ. Яагаад тусад нь хуулиар оруулж байна вэ. Хот байгуулах болгондоо хууль батлах уу. Ямар санхүүгээр хот байгуулах вэ?
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Шинэ Зуунмод хот байгуулах тухай хуулиас тэс өөр хууль оруулж ирнэ гэж байхгүй. Ямар ч хууль нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж, үүргээ биелүүлсэн бол өөрчилж, хүчингүй болгодог. Энэ хотын хууль цаг үедээ нийцэж оруулж ирж байгаа. Улаанбаатарын нөхцөл анхнаасаа төлөвлөлтгүй явж ирсэн. Газрыг дураараа өмчлүүлдэг байсан. Бид хүн амьдрах хөшүүргийг бүрдүүлэх ёстой юм билээ. Архангай аймгийн Хашаат сум, Өвөрхангай аймгийн Хархорум сумын Орхоны хөндийд хот байгуулах хамгийн зохимжтой газар. Тэгэхгүй бол удахгүй гэр хороолол болно шүү. УИХ-аас 189 мянган га газраа улсын хамгаалалтад авах шаардлагатай.
15 дугаар зүйл бол Хотын зөвлөл 21 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөл бол Хот тосгоны эрх зүйн байдлын хуультай адил сонгогдоод явна. Ижил зохицуулалттай. Нийт 500 мянган хүн амтай. Улсын төсөв, орон нутгийн төсвөөр дэд бүтцийг шийдэж, 70 хувийн хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийднэ. Гааль, тарифын хуулиар татварын таатай орчинг бүрдүүлнэ.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
-Намайг Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг оруулж ирж байхад "Чи энэ хуулиа тат" гээд сууж байсан бол одоо өөр юм ярьж байгаад харамсч байна. Одоо энэ хуультай нийцүүлэх юмаа заавал хэлнэ. Хотын зөвлөлөө өөрсдөө сонгоно гэж заасан байхад мэргэжлийн байгууллагын төлөөллийг оруулна гэж бичжээ. Тэр хуульдаа нийцүүлье.
Ажлын хэсэг:
-Бид шилжилтийн үеийн зохицуулалт гэж оруулсан. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар иргэд зөвлөл, захирагчаа сонгох зохицуулалт байгаа. Гэтэл 15 мянган хүн амтай болтол нь бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт гээд шилжилтийн үеийн зохицуулалтаар явна. Тийм учраас хотын зөвлөлийн эрх үүргийг мэргэжлийн байгууллагууд, хотын түр зөвлөл хотын зохицуулалтыг хийхгүй бол болохгүй байна гэдэг агуулгаар тусгасан юм.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар:
-Дэмжиж байгаа. Энэ хотоо дахин сэргээх нь зөв. Нөгөө талаасаа Улаанбаатарт хүн амын 49 хувь нь амьдар байна. Засгийн газраас мэргэжлийн багаа томилж, 15 мянган хүн ам хүртэл нь ажиллах нь зөв. Тусгайлсан хууль давамгай байдлаа аваад, буцаад цуцлагдчих юм байна. Ашиглалтын өмнөх захиргааг хурдан байгуулж ажилд нь оруулъя. Хамгийн түрүүнд хурдны галт тэрэг, засаг захиргаа, соёл спортын байгууламжаа байгуулах хэрэгтэй. Олон хүн очиж амьдарна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Эртний хотыг сэргээхийг дэмжинэ. Гэхдээ Орхоны хөндий соёлын өв. Газар доорх судалгааг бүрэн хийсэн үү. Соёлын өв устах вэ. Газар олголтыг хийсэн байх. Яаж шийдэгдсэн юм бэ?
Ажлын хэсэг:
-Орхоны хөндий бол монгол угсаатны үнэт зүйл бөгөөд 2004 онд ЮНЕСКО-д 183 мянган га газрыг дэлхийн соёлын өвд бүртгэсэн байдаг. Монгол угсаатны таван нийслэлийн туурь байгаа. Одоо 20 жил болсон ч энэ газрын төлөвлөлт, судалгаа, менежментийг боловсруулж чадаагүй. Хархорум хотын байршил дэлхийн соёлын өвтэй давхцаж болохгүй гэж судлаад 189 мянган газрыг зэрэгцээ тусгай хамгаалалтад авсан. Энэ газар дээр аж ахуйн нэгж, иргэдийн ашиглаж байгаа газрууд бий. Хоёр удаа уулзалт хийж, хоёр аймгийн ИТХ-аас хүсэлтээ гаргасан байгаа. Тухайн газар үйл ажиллагаа явуулах шинжийг нь алдагдуулахгүйгээр төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ. Газраа авчихаад бүтээн байгуулалт хийхгүй. Бүтээн байгуулалтын төсөл нь гарсан байх учраас газрын шийдвэр нь дагаад гарна гэсэн үг. Тогтворжуулалтын гэрчилгээг хуульд оруулж өгсөн. Хөрөнгө оруулалтын тухай заалт, тарифаар оруулж өгсөн. Шинэ Зуунмод хот шиг зохицуулж өгсөн.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-2050 хүртэлх алсын хараа, дунд хугацааны бичиг баримт, намуудын мөрийн хөтөлбөр гээд нийт 11 бодлогын бичиг баримт хэрэгжиж буй. Харьцангуй уялдаатай явж байгаа. Хархорум хот бие даасан хууль шаардлагатай байгаа. Одоогийн хуульд хангалттай эрх зүйг нь хангаж чадахгүй байгаа.
2024 оны хөх луу жил энэ асуудал яригдаж байна. Төрийн байгууллагууд очих юм уу. 2044, 2054 онд ямар байх вэ. Хустайн нурууны дархан цаазат газар 58 мянган га, Хархорум хот байгуулах 190 мянга гэдэг бол Хустайн нуруунаас гурав дахин том газарт хот төлөвлөх асуудал яригдаж байна. Хөгжлийн хууль гаргах хэрэгтэй. Бие даасан хууль гаргалаа гэхэд хэзээ санаачлах вэ?
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Дэлхийн улсууд түүхэн хотоо сэргээхдээ дэд бүтцээ сайжруулж, дэвшилтэт технологийг ашигладаг болсон байна. Ногоон байгууламж нэгдүгээрт байж, иргэдийн оролцоог хангуулдаг. Стандартын дагуу зөв төлөвлөж чаддаг. Энэ хот 1220 онд анх байгуулагдаж, зөв байршилд даац бүхий, цаг уурын хувьд зөв хот. Түүхэн дурсгалаа сэргээж, орчин үетэйгээ холбох ёстой. Түүхэн аялал жуулчлалын гол бэлгэдэл мөнгөн мод байна. Нэг талаасаа бүтээн байгуулалтыг төр, хувийн түншлэлийг дэмжихээс гадна Хархорум брэндийг дэлхийд нутагшуулахаар зорьж байна.
УИХ-ын гишүүн Б.Батбаатар:
-Шинэ нийслэл байгуулагдаж байгаа гэж ойлгосон. Удахгүй Хархорум шинэ нийслэл болох юм байна. Тэгвэл 2025, 2026 онд төсвөөс, гадаадын хөрөнгө оруулагчдаас оруулж байгаа хөрөнгө санхүү байгаа юу. Шинэ хот байгуулах бонд гаргах, санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг татан төвлөрүүлэх үү. Хууль батлагдвал 2025 онд наадам болох уу, үгүй юу. Ерөнхийлөгчийн зүгээс тэнд наадам хийх санал гаргасан гэж ойлгосон.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Захиргаа байгуулагдаад хийх ажлаа хийж дуусгасан. Урьдчилсан ТЭЗҮ-нд 26.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байж 500 мянган хүн амьдарна. Үүний 70 хувийг хувийн хэвшил хийх ёстой. Улаанбаатар хот өөрөө бүгдийг хийж, хувийн хэвшлээ оролцуулдаггүй явж ирсэн. Цаашдаа даац хэтрээд байна. Турк улстай түүх архиологийн төсөл дээр хамтарч ажиллахаар ярьж байна. Ерөнхий сайдын Арабын улсуудад хийсэн айлчлалын хүрээнд эрчим хүч, инженерийн дэд бүтцийн чиглэлээр саналаа илэрхийлсэн бол Австрали улстай цэвэр ус, ногоон байгууламжийн чиглэлээр, Болгар улстай орон сууц, Хятадтай ногоон байгууламж, сэргээгдэх эрчим хүч, ОХУ-тай барилгын материал, дэд бүтцийн төсөл, БНСУ-тай түүх архиологийн олдворыг таниулах төсөлтэй хамтран ажиллахаар ярилцсан. Засгийн газар хөрөнгө оруулалт татах ажлыг хийнэ.
УИХ-ын гишүүн Б.Батбаатар:
-Дотоодын үндэсний дархлааг сэргээх чиглэлд ямар ажлыг хийж байна вэ. Улс төрийн дэмжлэгийг бий болгохгүй бол?
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Ерөнхийлөгчийн манлайлал өндөр байгаа. Хааны зуны өргөөг хийж, мөнгөн модоо сэргээхээр төлөвлөсөн. УИХ-аас хуулийг баталбал Засгийн газар хамтран нийлж ажиллана. Түүхэн хотоо ард түмний оролцоотой байгуулна.
УИХ-ын гишүүн Г.Хосбаяр:
-Дэмжиж байна. Үндэсний томоохон төсөл хэрэгжих эхлэл гэж харж байна. Бүс нутгийн иргэдэд ямар боломж гарах вэ. Тэр бүс нутгийн иргэд Хархорумын Налайх болох байх гэж ярьж байна. Иргэдийн оролцоо бага байна гэж ойлгож байх шиг байна. Ерөнхий төлөвлөлтөд үндэсний онцлогоо шингээх ёстой. 70 хувийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөрөнгө оруулна гэж ярьж байгаа. Энэ хуулиар амжилттай хэрэгжсэн нэг ч төсөл байхгүй байгаа. Бүтээн байгуулалтын ажил, цэвэрлэх байгууламж, зам, эрчим хүчний ажлын эхлэл хэзээ вэ.
УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсны дараа Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх дээр санал хураалт явуулж, 69.2 хувиар дэмжигдлээ.
Т.БАТСҮРЭН<