"Ноорог"-ийн залуусыг саатуулан шалгасантай холбоотойгоор хэн юу гэв

  • Эх сурвалж: eguur.mn
  • 2025-03-18

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, С.Цэнгүүн нар “Ноорог” мэдээллийн цахим хуудсын контент бүтээгчдийг ЭЦА-гаас саатуулан шалгаж, хойшлуулшгүй ажиллагаа явуулсан асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Продакшн хийж байгаа залуус ямар ч аж ахуй нэгжтэй бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлэх боломж байдаг. Энэ бүхнийг нь нягталсан уу, нягтлаагүй юу. Би цагийн өмнө ЦЕГ-ын холбогдох хүмүүстэй уулзаж тодруулга авсан. Проукорын зөвшөөрөл аваад мэдээлэл хийх юм байна гэж ойлголоо. Хууль зүй, дотоод хэргийн сайдаас мэдээлэл хүссэн. Албан ёсоор Хүний эрхийн дэд хороон дээрээ ажлын хэсэг байгуулж ажиллана. Зөвхөн нэг асуудал биш олон тохиолдолд ийм асуудал гарч байна. Монголд ч гэсэн 30 жил арай ядан босож байгаа ардчиллын үнэт зарчим руугаа халдаж байна. “Ноорог”-ийн залуус мэдээлэл хийж байгаа дээр ирж уулзаж, Хүний эрхийн дэд хорооноос энэ асуудлыг анхаарна" гэв.

-Хаврын чуулганаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэнэ шүү дээ?

-Хэвлэлийн эрх чөлөөний асуудал дээр энэ хэвлэл мэдээллийн салбарын тухай ойлголт дан ганц биш. Монгол Улсын иргэн болгоны үгээ хэлэх эрх чөлөөний тухай юм. Иргэн өөрийн цахим хаягт үзэл бодлоо хуваалцсанаар шалгуулдаг асуудал бий. Монгол Улс үндсэн зарчим дээрээ л зогсох ёстой. Төрийн эрх хэрэгжүүлж байгаа хүмүүсийг шалгана гэдэг иргэд олон нийтийн эрхээ эдлэхэд саад учруулж буй. Хэн нэг төрийн эрх мэдэлтнийг шүүмжилснээрээ иргэд айдастай болж байна гэдэг нь нийгмийнхээ суурийг устгаж буй хэлбэр. Хэвлэн нийтлэх эрхтэй холбоотой асуудалд дан ганц сэтгүүлч гэлтгүй бүгдийнх нь эрхийг хамгаалах ёстой" хэмээсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн С.Цэнгүүн,

Өчигдөр орой буюу 03 сарын 17-ны 22:00 цагийн үед Цагдаагийн байгууллагын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид Ноорог.мн сайтын ажлын байранд нэгжлэг хийж, тоног төхөөрөмж, эд зүйлс хурааж, өглөөний 05:00 цаг хүртэл тус сайтын 8 ажилтныг саатуулан, мэдүүлэг авсан тухай олон нийтэд мэдээлэл түгээд байна. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 19.9.1 заалтыг үндэслэж, хойшлуулшгүй, гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэжээ. Монголд өмнө нь ч энэ төрлийн гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан. Ганц сайтын үйл ажиллагаанаас шалтгаалж, үндэсний эв нэгдэл алдагдана гэдэгт би хувьдаа итгэхгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн 19.9.1 заалт нь Тагнуулын байгууллагын эрх үүрэгт хамаарах байтал Цагдаагийн байгууллага өөрт хамаатуулан Гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хуулийн зөрчил болох үндэслэл харагдаж байна.Гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хүний эрхийг хангаж ажилласан уу? Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчсөн үү? Эрүүдэн шүүлт явагдсан уу? Хууль зүйн туслалцаа авах эрхээр хангагдсан уу. Эдгээр асуудлыг холбогдох хууль, хяналтын байгууллага яаралтай шалгах ёстой.УИХ-ын гишүүний хувьд Цагдаагийн байгууллагаас “Гүйцэтгэх ажиллагаа”-тай холбоотой мэдээллийг хуулийн хүрээнд олон нийтэд өгөхийг шаардаж байна.

Комедиан Н.Амаржин,

-Сошиал дээр байгаа хүчийг хамгаалахын тулд бид дугарах ёстой. Хамгаалж чадахгүй бол удахгүй бид өөрсдөө баригдах нь байна. Дээгүүрээ нэг том компани засаг хоёр үзэлцээд байгаа юм уу. Тэрний санхүүжилттэй холбоотой нэг сайтын залуусыг бариад байгаа юм уу гэдэг нь дараагийн асуудал. Эхлээд зүгээр л сонгуулийн тухай баримтат кино хийх гэж байгаа залуусыг ямар ч шалтгаангүй баривчилж байна гэдэг нь манай ардчилал, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд маш ноцтойгоор нөлөөлнө гэдэг агуулгыг бид хаяж болохгүй. Яагаад залуусыг баривчилснаа нэг компанитай холбож тайлбарлах байх. Үнэхээр тийм асуудал байгаа бол тэр компанитай нь ярилдаа. Энэ зүгээр л бүх сошиал хуудаснуудын амыг таглах асуудал.