МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ, НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ
33 дугаар зүйл.Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах
33.1.Нэр дэвшигчээр дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана:
33.1.1.энэ хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй;
33.1.2.энэ хуульд заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй;
33.1.3.өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн;
33.1.4.нэр дэвшигчээр бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу;
33.1.5.энэ хуулийн 32.2, 32.3-д заасны дагуу бүрдүүлсэн нэр дэвшүүлэгчийн баримт бичиг хуурамч болохыг нь шүүх тогтоосон;
33.1.6.энэ хуулийн 29.6-д заасныг зөрчиж нэр дэвшсэн;
33.1.7.энэ хуулийн 48.1-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан болох нь хуульд заасны дагуу тогтоогдсон;
33.1.8.ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл материалын хэлбэрээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;
33.1.9.бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцээгүй.
33.1.10.энэ хуулийн 30.1, 30.2, 30.4, 30.6-д заасан нэр дэвшүүлэх ажиллагааны журам зөрчсөн бол нийт нэр дэвшигчийг, энэ хуулийн 29.7-д заасныг зөрчсөн бол тухайн нэр дэвшигчийг.
/Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
33.2.Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно.
33.3.Сонгуулийн ерөнхий хороо дахин бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, энэ хуулийн 32.12-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
33.4.Энэ хуульд заасан сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгахад бие даан нэрээ дэвшүүлэгчээс үл хамаарах, сонгогчийн бичиг баримттай холбоотой зөрчил илэрсэн бөгөөд маягтын зөрчилгүй гарын үсгийн тоо нь энэ хуулийн 31.2-т заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй