МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

Нэр дэвшигчээр бүртгэх

  • 2024-05-24



МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ



ЗУРГАДУГААР БҮЛЭГ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ, НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ


32 дугаар зүйл.Нэр дэвшигчээр бүртгэх

32.1.Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгоно.

32.2.Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан дараах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ:

32.2.1.нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, сонгуулийн тойрогт нэр дэвшигчдийн жагсаалт болон жагсаалтаар нэр дэвшүүлсэн нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт;

/Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

32.2.2.нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл;

32.2.3.энэ хуулийн 29.4-д заасан албан тушаалтан бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбар;

32.2.4.энэ хуулийн 29.3.1-д заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх Улсын дээд шүүхийн лавлагаа;

32.2.5.энэ хуулийн 29.3.2-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт;

32.2.6.нэр дэвшигчийн намтар;

32.2.7.нэр дэвшигчийн иргэний үнэмлэхийн хуулбар;

32.2.8.ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа;

32.2.9.авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.

32.3.Бие даан нэрээ дэвшүүлэгч нь бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан дараах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ:

32.3.1.нэрээ дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл;

32.3.2.сонгогчдын гарын үсэг зуруулсан маягт;

32.3.3.энэ хуулийн 29.4-т заасан албан тушаалтан бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбар;

32.3.4.энэ хуулийн 29.3.1-д заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх Улсын дээд шүүхийн лавлагаа;

32.3.5.энэ хуулийн 29.3.2-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт;

32.3.6.нэр дэвшигчийн намтар;

32.3.7.нэр дэвшигчийн иргэний үнэмлэхийн хуулбар;

32.3.8.бие даан нэр дэвшигчийг төлөөлж сонгуулийн төв байгууллагатай харилцах хоёр хүний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, хүн тус бүрийн харилцах утасны дугаар;

32.3.9.энэ хуульд заасны дагуу төрийн аудитын дээд байгууллагаар хянуулсан бие даан нэрээ дэвшүүлэгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, аудитын дүгнэлт;

/Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

32.3.10.ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа;

32.3.11.авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.

32.4.Нэр дэвшигч энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш гурав хоногт багтаан нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт мэдүүлнэ. Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргасан этгээд хамаарахгүй.

32.5.Авлигатай тэмцэх газар нь нийт нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг энэ хуулийн 32.4-т заасан хугацаа дууссанаас хойш нэг хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

32.6.Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотой холбогдох баримт бичгийн маягт, загварыг батална.

32.7.Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авахдаа бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгах ба хэрэв баримт бичгийн бүрдэл дутуу бол энэ хуульд заасан хугацаанд багтаан нөхөн ирүүлж болно.

32.8.Сонгуулийн ерөнхий хороо бие даан нэр дэвшигчийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах, тухайн иргэнтэй уулзан нягтлан шалгаж болох бөгөөд шаардлагатай гэж үзвэл уг ажлыг аймаг, дүүргийн сонгуулийн хороогоор гүйцэтгүүлж болно.

32.9.Сонгуулийн ерөнхий хороо шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс гаргуулан авч болно.

32.10.Энэ хуулийн 32.9-д заасан эрх бүхий этгээд нь холбогдох лавлагаа, мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон хугацаанд хүргүүлэх үүрэгтэй.

32.11.Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана.

/Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

32.12.Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.

/Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

32.13.Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно.

32.14.Нэр дэвшигчийн эрх нь үнэмлэх авснаар эхэлж, санал хураалтын албан ёсны дүн гарснаар дуусгавар болно.

32.15.Энэ хуулийн 32.12-т заасны дагуу нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчээр бүртгэгдсэн нийт нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг өөрийн байгууллагын цахим мэдээллийн сүлжээнд нээлттэйгээр байршуулна.