"Монгол Улсын эрчим хүч 2027 оноос хойш хүндрэлд орохгүй"

  • Эх сурвалж: news.mn
  • -0001-11-30

Засгийн газрын өнөөдрийн /2026.01.21/ хуралдаанаас гарсан шийдвэрийг албаныхан танилцуулав


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, битүүний өдрийг буюу хоёрдугаар сарын 17-ны өдрийг амралтын өдөр болгож хоёрдугаар сарын 28-ны Бямба гарагт нөхөж ажиллах шийдвэрийг гаргасан гэж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа. Үргэлжлүүлэн ДЦС IV гарсан гэмтлийн улмаас өчигдрөөс хойш хэсэгчлэн цахилгаан хязгаарлаж буй. Цахилгааны хязгаарлалт өнөөдөр ч мөн үргэлжилж байна. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чожилсүрэн мэдээлэл өглөө тэрбээр, “ДЦС IV гарсан гэмтлийг өнөө өглөө 9:46 цагт залгасан. Үргэлжлүүлэн цахилгаан хязгаарлах байх. Гэхдээ аль болох хурдан арга хэмжээ авч, цахилгааныг хязгаарлахгүй байхыг хичээнэ. Цахилгааны хязгаарлалт нэг цагийн дараа гайгүй болох байх. Нэг хэрэглэгчийн цахилгааныг 2 цагаас илүү хугацаагаар хязгаарлахгүй. Эмнэлгүүд дээр нөөц генератор бий. 16 багц болгоод нэгээс хоёр цагийн хооронд хязгаарлалт хийж байгаа.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд 560 мегаватаар хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Гэсэн ч ачаалал нэмэгдээд байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Баян сум, Сэлэнгэ, Тосонцэнгэл сумдад цахилгаан станц барьж байна. 2027 оноос Монгол Улсын эрчим хүч хүндрэлд орохгүй.

Тэрбээр, сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

Сэтгүүлч: Арван аймагт дулааны станц барина гээд өнөөдрийг хүртэл ажил нь дуусаагүй, ажил гүйцэтгэж байсан компани нь дампуурчихсан. Цаашид энэ төслийг яах вэ? 

-Арван аймагт дулааны станц барих ажил одоогоос хориод жилийн өмнө яригдаж байсан. 2018 оны Засгийн газрын үед барих шийдвэр гарсан. Ц.Даваасүрэн сайдын үед гэсэн үг. 110,7 сая ам,долларын өртөгтэй. Өмнөд Солонгосын тал 100 хувь санхүүжүүлнэ. Одоогийн байдлаар ажил нь 45 орчим хувьтай байна. Ажил гүйцэтгэж байсан компани нь дампуурсан учир дахин тендер зарлаж ирэх хавар гэхэд ажлыг үргэлжүүлнэ. Энэ хугацаанд зээлийн хүүг төлж байгаа. 40  жилийн хугацаатай зээл байгаа. Яг зээлийн хүүд хэдэн төгрөг төлсөн байгааг би сайн мэдэхгүй байна. Сангийн яамнаас тодруулаад эргээд мэдээлэл өгье” гэлээ.

Сэтгүүлч: Сайд асан Н.Тавинбэхийн асуудалд хариулт өгөхгүй юу? 

-Намайг сайдаар томилогдох үед Н.Тавинбэх ЕНБД-аар ажиллаж байсан. Түүний тухайд шүүх, цагдаагийн байгууллага буруутай эсэхийг тотоох байх. Миний хувьд тэр хүн тийм зүйл хийх хүн биш байх гэж бодож байна гэдгээ хэлэв.