Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтөд хамгийн үнэтэй, захиргаадсан шийдэл зөв байдаггүй, гол нь иргэдийн оролцоо чухал

  • 2024-12-17

“Дэлхий монгол” булангийн энэ удаагийн дугаарт Токиогийн их сургуулийн доктор Г.Лувсанжамцыг / Luka Ganzorig / урьж ярилцлаа. Тэрээр Япон улсад бакалавраас докторын зэрэг хүртлээ суралцсан бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын гол тулгамдаж буй асуудлын нэг хот төлөвлөлт тэр дундаа гэр хороолол, түгжрэлийн асуудлаар судалгаа хийжээ.

Тэрээр саяхан докторын зэргээ амжилттай хамгаалж, эх орондоо өөрийн сурсан мэдсэн хувь нэмрийг оруулахаар ирээд байгаа юм байна. Бидний яриа карьер, судалгааны ажил, хот төлөвлөлтөд иргэн хүний оролцоо ямар үүрэгтэй зэрэг сэдвийн хүрээнд өрнөлөө.  

-Ярилцлагаа таны ажил, боловсрол карьерын түүхээр эхлүүлцгээе. Японд олон жил суралцаж, багагүй мэдлэг туршлага хуримтлуулаад эх орондоо иржээ...?

-Юуны өмнө дэлхийн хэмжээний хүн биш ч гэсэн намайг  урьсанд баярлалаа. Би Япон улсад 12 жил орчим сурч, судалгаа хийсэн. Токиогийн Политехникийн их сургуульд архитектор мэргэжил эзэмшиж, төгсөлтийн ажлаа “Гэр хорооллын дэд бүтэц, орон сууцжуулалт” сэдвээр хамгаалсан юм. Энэ үед намайг удирдсан багш “Сонирхолтой сэдэв байна. Нутаг буцахаар чинь гэр хорооллын талаар хамт судлая” гээд 2011 оноос хойш жил бүр судалгаа хийдэг болсон. Гэр хороолол бол иргэд өөрсдөө бий болгосон гэж хэлж болох суурин соёл юм. Бакалавраа төгсөөд Монголдоо ирж таван жил ажиллахдаа Багануурын их сургуулиудын хотхон, Оюу Толгойн ил уурхайн ерөнхий төлөвлөгөө зэрэг төсөл дээр ажиллахдаа олон зүйлийг сурч мэдсэн. Энэ хугацаанд ажил болон судалгааны хүрээнд хариуцаж, хамтарч ажилласан төслүүдийн хэрэгжилт төдийлөн сайн биш байлаа. Нэг үгээр, гэр хорооллын тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд ур чадвар минь дутагдаж байсан юм. Иймээс дахин номын дуу сонсож, хот төлөвлөлтөөр мэргэшихээр буцаад Япон явсан. Улмаар Токиогийн их сургуульд магистр, докторын зэргээ амжилттай дүүргэж, нутагтаа ирээд сар гаруй болж байна.

-Токиогийн их сургуульд суралцахдаа ихэвчлэн Улаанбаатар хот дээр төвлөрч судалгаа хийдэг байсан юм билээ. Ингээд судлан явахад бусад улсаас хот төлөвлөлт дээр ямар сонирхолтой зүйлс анзаарагдсан бэ?

-Токиогийн их сургуульд суралцах хугацаандаа ихэвчлэн Монгол руугаа чиглэсэн судалгаа хийдэг байсан. Ялангуяа докторт “Пост социалист орнуудын хот төлөвлөлтийн тогтолцоо”-ны хөгжлийн талаар судалж, Хятад, Вьетнам, Монгол гэсэн гурван улсыг харьцуулсан. Социалист орны хот төлөвлөлт нь иргэдийн оролцоогүй, бүхий л бүтээн байгуулалтыг төр төлөвлөж, хэрэгжүүлж, бүх хөрөнгийг улс өмчилдөг онцлогтой. Ингэхдээ улсаас нийгэм эдийн засгийн хөгжлийн таван жилийн төлөвлөгөө боловсруулж, үүнд бүх яам, төрийн өмчит компаниудын төлөвлөгөөг тусгаж, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хүртэл зохицуулдаг. Товчхондоо, салбар тус бүрийн төлөвлөгөөнд чухал ач холбогдол өгдөг гэсэн үг. Мөн “Бүгд ижил тэгш байна” гэсэн зарчим үйлчилж орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг нэгэн жигд хэв маягаар баригддаг байв.

Харин ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээр хүн амын шилжилт хөдөлгөөнийг чөлөөлж, нүүж суух нь хувь хүний эрх чөлөө болж, иргэд хүссэн газар руугаа нүүдэг болсон. Ялангуяа хот суурин газрыг зорих хүмүүсийн тоо огцом нэмэгдсэн. Манай улсын хувьд ажил орлоготой байж, амьдралаа дээшлүүлэх хамгийн боломжит хот нь Улаанбаатар байсан. Нийслэлийг чиглэх хүн амын тоо өсөхтэй зэрэгцээд гэр хорооллын хүрээ бага багаар тэлж байлаа. Өмнөх нийгэмд хүн амын хөдөлгөөнийг тодорхой тоогоор зааж, түүндээ тааруулж орон сууц, дэд бүтцээ шийддэг байсан бол 1990 оноос Улаанбаатар хотын хүн ам жилд дунджаар зургаан хувиар өссөн. Гэвч орон сууцны өсөлт нэг хувь ч хүрэхгүйн дээр дийлэнх иргэд худалдан авах боломжгүй байдаг. Ингээд зөрүү таван хувь нь яалт ч үгүй гэр хороололд амьдрахаас өөр сонголтгүй болно. Хотжилтын энэ дүр зураг зөвхөн Улаанбаатарт бус Хятад, Вьетнамын хотуудад мөн ажиглагдсан. Үндсэндээ төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засагт шилжих үед хүн амын хөдөлгөөн идэвхжиж, төвлөрөл бий болдог гэсэн үг. Хятадад зөвшөөрөлгүйгээр байшин барьж, эмх цэгцгүй болсон хот олон бий. Вьетнамд ч бас дэд бүтэц шийдэгдээгүй газар барилга барьж, асуудал болсон жишээ их бий. Хот төлөвлөлт, бүтээн байгуулалтыг төр болон яам хариуцахаа больж, орон нутгийн засаг захиргаа голлох үүрэг гүйцэтгэдэг болсон боловч иргэдийн оролцоог төдийлөн сайн дэмжээгүй. Хот төлөвлөлтөд мэргэжлийн хүмүүсийн гаргах шийдвэр чухал боловч нөгөөтэйгүүр оршин суугч, ард иргэдийн оролцоо илүү чухал байдаг.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үндсэн суурь нь тэгш байдал болон зардлаа хэмнэх явдал байдаг. Харин чөлөөт зах зээлд өрсөлдөөн болон ашгаа нэмэгдүүлэхийг чухалчилдаг. Шилжилтийн үр дүнд баян ядуугийн ялгаа гардаг. Гэр хороололд хашаа ч үгүй гэрт амьдардаг нэг хэсэг байхад Зайсанд орд харш шиг орон сууцанд амьдардаг хүмүүс байна. Ялгаатай нийгэм бий болох нь хэвийн үзэгдэл боловч, зөвхөн эдийн засгийн үр өгөөжийг нэгд тавьж сургууль, цэцэрлэг, нийтийн тээвэр, дэд бүтцийн хүртээмжийг анхаарахгүй байсаар утаа, түгжрэл, хөрсний бохирдол зэрэг олон асуудал орхигдсоор ирсэн. Ялангуяа хөрөнгө оруулалтын ихэнх хувь хотын урд хэсэгт төвлөрч, гэр хороолол дэд бүтэцгүй удаж байна. Жишээ нь, өнөөдөр гадаа цас ороод хүйтэн, хальтиргаатай байхад гэр хороололд хүүхдүүд тэрэг түрээд усанд явж байна. XXI зуунд хот ийм байх ёсгүй. Бид үндсэн зарчмаа ярьж, чухал асуудлуудаа шийдэх ёстой.

Өрсөлдөөнд суурилсан чөлөөт зах зээлийн нийгэмд зөвхөн эдийн засгийн ашгийг чухалчилсан хот байгуулалтын тогтолцоо бий болж, зарим иргэдийн эрх ашиг орхигдсон юм. Нийгмийн ийм давхаргын оролцоог хангасан хүртээмжтэй хот төлөвлөлтийн тогтолцоо нь Монгол төдийгүй бусад пост социалист орнуудад хэрэгтэй болоод байгаа.

-Улаанбаатарт суурьшаад, амьдрах явцад танд ажил мэргэжлийн талаасаа юу, юу ажиглагдаж байна. Бид асуудалтай гэдгийг нь мэдсэн ч хэвшмэл болсон зүйлс юу байна вэ?

-Японд суралцаж байх хугацаандаа олон удаа Монголдоо ирж судалгаа хийдэг байсан. Анх судалгаа хийж эхэлсэн үе буюу арван жилийн өмнөхийг одоотой харьцуулахад яг хуучны түгжрэл, утаа, сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал хэвээрээ байна. Дарга нар гэр хорооллын дахин төлөвлөлт гэж арав гаруй жил ярьсан ч одоог хүртэл шийдэж чадаагүй байна. Яах вэ, Яармаг, Зайсанд олон орон сууц баригдсан байна. Гэвч гэр хорооллын хүрээ тэлсээр байна. Бид эдийн засгийн өгөөжийг хэт түрүүнд тавьж, тохь тухтай амьдрах боломжоо алдсаар байна. Баян цатгалан айл байгаад гэр нь зуун задгай бол сайхан амьдрахгүй шүү дээ. Бас хүмүүс түгжрэлдээ дасаад энэ асуудалтайгаа бүр эвлэрчихсэн юм шиг санагдаж байна. Иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд ерөөсөө шаардлага, хяналт  тавихгүй байна. Хувьдаа машинтай бол болно доо гээд л амьдарч байна шүү дээ. Уг нь цэвэрхэн, тухтай нийтийн тээврээр бүгдээрээ явбал хаанаас ч хотын төв рүү 15 минутад явах боломжтой шүү дээ.