УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн сэтгүүлчдэд дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Миний хувьд Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан цөөн гишүүдийн нэг. Тийм учраас миний байр суурь хэвээрээ байгаа. Залуучууд Ерөнхий сайдыг орлогоо нотол гэдэг шаардлагыг тавьж жагссан. Энэ бол хэн Ерөнхий сайд байхаас үл хамаарч байх ёстой асуудал. АН, Хамтарсан засгийн газарт байгаа ч гэсэн УИХ хяналтаа Засгийн газарт тавих ёстой. УИХ-ын гишүүд ажлаа л хийсэн гэж харж байна.
Манай намын хувьд бүлгээрээ дэмжихгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Миний бодлоор гурван гишүүн жагсаалд байгаа залуучуудтай дуу хоолойгоо нэгтгэснээс болоод энэ асуудал үүссэн гэж харахгүй байна.
Энэ бол МАН дотор байсан хагарлынх нь илрэл. Гэтэл асуудлаа МАН, АН-ыг Хамтарсан засгаас хөөх хэмжээнд аваачна гэдэг бол увайгүй үйлдэл. Тэр ч утгаараа МАН дотоод хагарлаа өөрсдөө шийдэх ёстой. Одоогоор чуулганы хуралдаанд Ерөнхий сайдаас асуулт асуух ээлж маань ирээгүй байна. Өнөөдөр бид албан тушаал, сандал суудлын хэрүүл хийж байх хооронд эрчим хүчний салбарт хүнд зүйл тохиолоо. ДЦС III дээр гарсан дэлбэрэлтийн талаар Эрчим хүчний сайдаас мэдээлэл авах гээд өнөөдөр авч чадсангүй. Эрчим хүчний яам тухайн ослыг яагаад хав дараад байгаа вэ гэдгийг мэдмээр байна. Миний хувьд Эрчим хүчний сайд ажлаа хийж чадахгүй юм байна гэдэг байр сууринд хүрлээ” гэв.