Гурван гишүүний бүрэн эрх ганхсан тухай мэдээллийг бид хүргэсэн /линк/.
Н.Алтанхуяг, Д.Найдалаа нарын хэрэг дахин шалгагдаж, шүүхээр эцэслэгдтэл цаг хугацаа шаардагдана. Харин Даваагийн Цогтбаатар гишүүнийг эгүүлэн татах үндэслэл бүрдээд байна. Тэрбээр, Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байсан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оноосон билээ. УДШ гэм буруутайд тооцсон дээрх шийдвэрийг хууль ёсны, үндэслэлтэй гэж үзээд буй юм.
Эхний ээлжинд Д.Цогтбаатар гишүүний орны нөхөн сонгуулийн асуудал 2025 онд яригдах юм. Хэн нэр дэвших вэ гэдэг асуудал ч анхаарал татаж, нэрс хөврөөд эхэлсэн байна.
УИХ-ын сонгуулийн 1-р тойрог Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгаас нэр дэвшиж, өвдөг шороодсон Г.Занданшатар,
Мөн энэ тойргоос гарч чадаагүй МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэн нарын нэр яригдаж байна.
Д.Цогтбаатар арван мандаттай тэдний тойргоос 55,935 хүний санал авч есдүгээр жагсаж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байв.
Г.Занданшатарын хувьд, 2024 оны сонгуульд өвдөг шороодсоныхоо дараа ЕТГ-ын дарга болсон. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг албан тушаалаасаа бууснаас нь хойш дараагийн бүрэн эрхийн хугацаа дуустал Төрийн тусгай хамгаалалтад байлгана хэмээн заасан байдаг. Энэ хуулийн дагуу УИХ-ын дарга асан Г.Занданшатар Төрийн хамгаалалттай ЕТГ-ын дарга болсон юм.
Д.Тогтохсүрэнгийн хувьд, 2024.08.26-нд “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирлаар томилсон билээ. Ерөнхийлөгчийн найз гэдэг утгаараа хоосон үлдээлгүй төрийн өмчит компанид суудал гаргаж өгсөн. Өнгөрсөн парламентад УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд Хангайн бүст нэр дэвшиж, ялагдсан байдаг. УИХ-д хоёр ч удаа өвөрхангайчуудыг төлөөлж байсан, УИХ дахь намын бүлгээ “базаж” байхдаа намын дарга нарын олон ч хуулийн төслийг “явуулж” өгсөн гавьяатай нэгэн гэдэг. Тиймдээ ч сонгуульд ялагдсан ч ийн албан тушаалтай залгуулсан.
Тэгэхээр Д.Цогтбаатараас бага санал авч, арван мандатаас хамраараа таслуулсан Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн нар нөхөн сонгуульд орж ирэх хамгийн боломжит дүрүүдээр нэрлэгдэж байгаа юм.
У.УЯН