Д.Цогтбаатар: Би гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах өргөдөл өгөхгүй

  • Эх сурвалж: eguur.mn
  • 2024-12-26

Даваагийн Цогтбаатар гишүүнийг эгүүлэн татах үндэслэл бүрдээд байгаа.

Тэрбээр Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байсан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оноосон билээ. УДШ гэм буруутайд тооцсон дээрх шийдвэрийг хууль ёсны, үндэслэлтэй гэж үзээд буй юм.

Тэгвэл Хөгжлийн банкны хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар энэ талаараа тайлбар өгчээ.

Тэрбээр, “Би УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны  дагуу  нэр дэвшихдээ шүүхийн байгууллагаас бүх шийдвэрээ аваад Сонгуулийн хороонд хүргүүлсэн. Дээд шүүхийн бичиг албан ёсоор ирэх байх, надад бол албан ёсоор ирсэн бичиг алга байна. Хуулийн дагуу асуудал шийдэгдээд явах байх. Би тангараг өргөхдөө Үндсэн хууль зөрчихгүй, өргөсөн тангарагтаа үнэнч байна гэж тангараг өргөсөн. Тангараг өргөснөөс хойш би ямар нэг хууль зөрчөөгүй. Би гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах өргөдөл өгөхгүй” гэсэн тайлбар өгчээ.

Д.ЖАРГАЛМАА