МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ, НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ
31 дүгээр зүйл.Бие даан нэр дэвшүүлэх
31.1.Энэ хуульд заасан шаардлагыг хангасан иргэн сонгуулийн тойрогт бие даан нэр дэвшиж болно.
/Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
31.2.Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.
31.3.Аймаг, дүүргийн сонгуулийн хороо нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтыг тэмдэг дарж баталгаажуулан бие даан нэр дэвшүүлэгчид энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж эхэлсэн өдрөөс олгоно.
31.4.Сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
31.5.Бие даан нэр дэвшүүлэгч нь гарын үсэг зуруулахдаа А4 хэмжээнээс хэтрэхгүй хэмжээтэй өөрийн танилцуулах хуудсыг тарааж болно.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./