Б.Батцэцэг сайдын нөхрийн лоббигоор Л.Чинбат нар Зэлтэрийн боомтын уурхайг ухаж эхэлсэн үү

  • 2025-01-02

-Ашиглалтын лицензээ 2017 онд авсан ч, энэ жилээс л техникээ оруулж эхэлжээ-

Хилийн бүсэд уурхайн үйл ажиллагаа явуулах дархан эрхтэй нэг компани Сэлэнгэ аймгийн Түшиг сумынхныг бухимдуулаад багагүй хугацаа өнгөрчээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Түшиг сумаас зүүн тийш 15 км-т, Зэлтэр боомтоос зүүн тийш 4 км-т байрладаг 400 сая тонн чулуун нүүрсний нөөцтэй “Хужирт” уурхайд "Илч хужирт" ХХК ашиглалтын лиценз эзэмшдэг. Анх 2011 оноос хайгуулаа эхлүүлж, 2017 онд 1794.81 талбайд 2047 он хүртэл буюу 30 жилийн хугацаатайгаар ашиглалтын лицензээ авсан байна.

Тус уурхай ашиглахыг сумын ИТХ болон нутгийн иргэд дэмжээгүй, эсэргүүцэж ирж. Учир нь ашиглалтын газарт 50 гаруй малчны хаваржаа, намаржааг хамарчээ. Гэвч “Илч хужирт” ХХК 2023 оноос Зэлтэрийн заставын дэргэд МУ-ОХУ-ын хил дагуу олборлолтын үйл ажиллагаа эхлүүлэхээр техникүүдээ байрлуулан, газар ухсан дүр зурагтай болоод удаж буй.

Тайлбар: “Илч Хужирт” ХХК-ийн лицензийн талбай малчдын хаваржаа, намаржааг хамарчээ

-Ашиглалтын лицензтэй ч, хилийн бүс орчим олборлолт явуулах давуу эрхээ энэ жилээс эхлүүлэхээр зэхжээ-

Ноцтой нь,

Нэгт, Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.1.Улсын хил орчмын нутаг дэвсгэрийн байгалийн унаган төрхийг хадгалах, амьтан, ургамлыг хамгаалах зорилгоор тодорхой хэмжээний газар нутгийг хил залгаа улстай тохиролцсоны үндсэн дээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангилалд хамруулах асуудлыг хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.

Хоёрт, Хилийн бүсэд уурхайн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн Засгийн газрын шийдвэр байх учиртай. Гэтэл зөвхөн хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрлөө ХХЕГ-аас 2024.01.01-04.01-ний хооронд гурван сарын хугацаатайгаар авчээ. Энэхүү зөвшөөрөл нь өнгөрсөн сард дууссан байна.

Гуравт, Уурхайн ашиглалтын талбайтай давхцаж буй тариалангийн газрын зориулалтыг өөрчилсөн Засгийн газрын шийдвэр байхгүй. Тариан талбайг эзэмшигч “Гацуурт” ХХК болон лиценз эзэмшигч “Илч Хужирт” ХХК уг асуудлаар сумын ЗДТГ, ИТХ-д хандсан гэх мэдээлэл байхгүй аж.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2023.09.15-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг очиход нутгийн иргэд “Бэлчээр, тариалангийн газрыг нүүрсний уурхай болгож буй асуудлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Гэвч Ерөнхий сайд "Аймаг, орон нутаг өөрсдөө шийднэ биз" гэх агуулгыг илэрхийлсэн аж.

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ИТХ-ын дарга н.Түвшинбаяраас тодруулахад, "Илч хужирт ХХК уурхайн үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байна. Бэлтгэл ажлаа хангаж л байх шиг байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас авсан ашиглалтын лицензтэй юм билээ. Тиймээс орон нутаг яаж ч чадахгүй" хэмээлээ.

Түшиг сумын байгаль орчны улсын байцаагч "Хязгаарлалтын бүс тогтоогоод хашаан дотроо ерөнхийдөө үйл ажиллагаагаа эхлүүлчихсэн. Ашиглалтын лицензтэй, байгаль орчны үнэлгээнүүдээ хийлгэчихсэн тул зөвшөөрөлгүй гэж үзэх аргагүй. Манайх 100 гаруй малчинтай. Үүний 50 гаруйнх нь малын хаваржаа, намаржааг хамарсан" гэлээ.

-“Дулааны цахилгаан станц”-ын төсөл гүйцэтгэгчийн дүрээр “Хужирт” нүүрсний уурхайг ашиглана-

Хачирхалтай нь,

Уурхайг ашиглаж чадахгүй эсэргүүцэлтэй тулгарч байсан компани “Шинэ сэргэлт"-ийн бодлогын хүрээнд Сэлэнгэ аймагт "50 мегаваттын дулааны цахилгаан станц" барих төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, 2023.03.20-нд гэрээлжээ.

Ингэхдээ Зэлтэрийн боомт дахь “Хужирт”-ын хүрэн нүүрсний ордыг түшиглэн энэхүү бүтээн байгуулалтаа хийх аж. Энэ ажлаа гүйцэтгэхдээ “Red Mongolia” ХХК-тай хамтрахаар болсон байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед тус дулааны цахилгаан станцын ажлыг “Red Mongolia” ХХК гүйцэтгэхээр болсон ч, санхүүжилтгүйн улмаас царцаж байв. 50 мегаваттын “Дулааны цахилгаан станц”-ын нийт төсөв 600 тэрбум.

-Ч.Номин сайдын аав Л.Чинбат нарын компанийн ард Б.Батцэцэг сайдын нөхөр Д.Ганбат бий юу-

Хилийн бүс дэх уурхайг ашиглахаар болж, дээр нь нэмээд дулааны цахилгаан станц барихаар болсон “Илч Хужирт” ХХК-ийн ард хэн байгаа вэ гэдэг нь анхаарал татна. Тус компани 2011 онд үүсгэн байгуулагдаж байжээ. Үүсгэн байгуулагдсэн цагаасаа Зэлтэрийн боомт дахь “Хужирт” уурхайд хайгуул хийсэн гэсэн үг.

Гүйцэтгэх захирлаар нь Ж.Чулуунбаатар ажилладаг бол Будын Очирбат, Лхагвын Чинбат нар тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байна. Очирбатын аав Чулууны Буд анх тус компанийг эзэмшдэг байсан бөгөөд хүүдээ компаниа шилжүүлэн, сүүлд хувьцаа эзэмшигчээр “Гацуурт”-ын Л.Чинбат 2014 онд бүртгүүлсэн байдаг. Компанийн ерөнхий инженерээр П.Түвшинжаргал, орон нутаг хариуцсан менежерээр О.Мөнхбаяр ажилладаг.

Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн нөхөр Д.Ганбат Төлөөлөн удирдах зөвлөлд нь байдаг гэх эх сурвалжийн мэдээлэл бий. Ж.Чулуунбаатар, Д.Ганбат нар найзууд гэгдэж байна. Элдэв лобби ажил хэргийн уулзалтад тэд хамт явж харагддаг гэх.

Нэмэлт мэдээллээр “Илч хужирт” ХХК нь олон жил гацсан Зэлтэрийн боомтын бүтээн байгуулалтын ажлыг хийхээр хөөцөлдөж байсан тухай ч дуулдав. Гэхдээ боомтын цогцолборын ажил өдгөө ч эхлээгүй, ОХУ-ын талтай хэлэлцээр хийх шатандаа явж байгааг Боомт хариуцсан сайд Б.Тулга хэлж байв. ОХУ "Боомтын цогцолборыг бариад өгье" гэх саналыг манайд тавиад удаж буй юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д айлчлах үеэр л энэ асуудал яригдаж байсан түүхтэй аж. 

Эх сурвалж: Eguur.mn 

5 сар 14, 2024