Эрчим хүчний салбар элгээрээ мөлхсөн гэдгийг амтай болгон хэлж, ярьж буй. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сүүлд мэдээлэл өгөхдөө “Станцуудад хэзээ мөдгүй осол гарахад бэлэн болсон. Энэ нөхцөл байдлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Нөхцөл байдал хүнд байгаа нь үнэн” гэдгийг яриандаа онцолсон юм. Эрчим хүчний салбарын талаарх талуудын байр суурийг нэгтгэн хүргэе.
“ЭНЭ САЛБАРЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ”
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан:
-Бид эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаа нэн даруй нэмэх шаардлагатай. Учир нь бид Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг яриад байгаа хэрнээ эрчим хүчээр хангаж чадахгүй нөхцөл байдалтай байна. Улс орныхоо эдийн засгийг тэлж, шинэ бүтээн байгуулалт байгуулья гэхэд эрчим хүчээр хангаж чадахгүй түвшинд байгаа нь үнэн.
Эрчим хүчний салбар нь эдийн засгаа тэлэх суурь болох ёстой ч эсрэгээрээ хязгаарлаж байна.
Тийм болохоор бид өнөөдрийн эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн найдвартай хангаж чадахгүй байгаа асуудлаасаа эхний ээлжинд гарах шаардлагатай. Дараа нь шинэ эх үүсвэр үүсгэх, байгуулахад анхаарах нь чухал. Үүний улмаас ахуйн цахилгаан хэрэглээг хязгаарлахаас гадна үйлдвэрлэлийн эрчим хүчийг хүчээр хязгаарлах эрсдэлтэй нүүр тулж байна. Өвлийн оргил ачааллын үед маш их хэмжээний эрчим хүчний хэрэглээний хараат байдалд ордог. Энэ салбарт үнэ чөлөөлөх арга хэмжээг авахаас гадна салбарын удирдлага зохион байгуулалтыг сайжруулмаар байна. Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний яам хариуцаж байсан систем дээр “Эрчим монгол” гэж завсрын бүтцийг нэмсэн. Хамгийн гол нь энэ салбарын менежментийг сайжруулах хэрэгтэй гэж харж байна.
“ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ҮНЭ ЧӨЛӨӨЛЖ, САЙН ТЕХНОЛОГИУДЫГ НЭВТРҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ”
Эдийн засагч Б.Лхагважав:
-Эрчим хүчний үнийг чөлөөлөх шийдвэрийг хамтарсан Засгийн газраас гаргасан. Энэ байр суурин дээрээ байх хэрэгтэй. Өөр арга байхгүй. Үнийг чөлөөлж бодит үнэд орохгүй бол эрчим хүчний салбар 30 гаруй жил нөхөөсөөр явж ирлээ. Ард иргэдэд наанаа хямд үнэтэй тог цахилгаан хэрэглүүлж байгаа юм шиг мөртлөө цаанаа маш хорлонтой ажлыг хийлээ. Төрөөс татаас өгч байгаа нэрээр ард түмний мөнгийг үр ашиггүй, “үхмэл” хэлбэрээр зарцуулж ирсэн. Одоо энэ бүхнийхээ эсрэг зогсох цаг болсон.
Эрчим хүчний салбарт үнэ чөлөөлж, гадаадын сайн технологиудыг нэвтрүүлэх шаардлагатай.
Монгол өнөөдөр орос технологиос гадна хямд үнэтэй төрийн татаасаар л болгож ирсэн учраас энэ салбар огт хөгжсөнгүй. Үнэ чөлөөлсний үр дүнд хоёрхон сарын дотор Багануур дүүрэгт 50МВт/200МВт.ц хүчин чадалтай батарей хуримтлуурын станц шинээр барьж чадлаа. Энэ мэтчилэн эерэг үр нөлөө гарна гэж харж байна. Эрчим хүчний салбарт зөв менежмент, шинэ технологи хэрэгтэй.
“ДЦС-УУДЫН ШУГАМЫН ӨРГӨТГӨЛД ЯАРАЛТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ”
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
-Эрчим хүчний цахилгааны тарифын нэмэгдлээс 546 тэрбум төгрөгийн орлого бүрдсэн. Үүнээс 200 тэрбум нь салбарын ажилчдын 2023-2025 оны цалингийн өсөлт, 102 тэрбум нь нүүрс, тээврийн үнийн өсөлт, 108 тэрбум төгрөг нь шинэ эх үүсвэрийн үнийн зөрүү, 77 тэрбум нь засвар шинэчлэл, зээлийн төлбөр, 28 тэрбум нь баруун бүсийн эрчим хүчний сүлжээ, Алтай-Улайстайн эрчим хүчний сүлжээний татаасын бууралтад зарцуулан дуусгажээ.
Өөрөөр хэлбэл, цахилгаан эрчим хүчний тарифын нэмэгдлээр олсон орлогыг урд хормойгоо ард хормойгоороо нөхөхөд зарцуулжээ.