Агро сити төсөлд 7.5 тэрбум төгрөг төсөвлөжээ

  • Эх сурвалж: news.mn
  • -0001-11-30

Монгол Улс хүнсний ногооныхоо 40 хувийг импортоор авдаг бөгөөд татварт мэдээлсэн дүнгээр жилдээ 25 сая ам.долларын нарийн ногоо гаднаас оруулж ирдэг гэх тоо бий. Харин нарийн ногооныхоо 80 хувийг импортоос бүрдүүлж, үлдсэн 20 хүрэхгүй хувийг дотоодын аж ахуйн нэгжүүд хангадаг байна. Тиймээс нийслэлээс энэ асуудалд анхаарч, нийслэлд Агро сити буюу дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн барихаас төлөвлөж байна.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгаас тодруулахад “Төр, хувийн . түншлэлээр дөрвөн улирлын хүлэмж болон дэд станцыг өргөтгөх ажилд энэ жил 7.5 тэрбум төгрөг  төсөвлөсөн. Нийслэл гэлтгүй Монгол Улс хүнсний нарийн ногооныхоо гурав хүрэхгүй хувийг дотоодоосоо хангадаг. Тийм учраас хүнсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндэд зориулж нарийн ногоо, жимс жимсгэнийг дотооддоо тарьж, ургуулах шаардлагатай. Энэ ажил Улаанбаатар хотын 2040 ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд Агро сити буюу эдийн засгийн тусгай бүсийг Налайх, Сонгинохайрхан дүүрэгт хөрсний шинж чанарыг тодорхойлж, төлөвлөсөн” гэдэг мэдээллийг өгсөн юм.

Судалгаагаар Улаанбаатарын хотын хэмжээнд 50 га өвлийн хүлэмж шаардлагатай бөгөөд үүнийг барьчихвал дотоодын хэрэгцээгээ хангана гэдэг тооцооллыг өмнө нь хийж байжээ. Гол нь нэг га өвлийн хүлэмж 1.5-2 сая ам.долларын өртгөөр босдогоос гадна зургаа дахь жилээсээ эхлэн ашгаа өгдөг аж.

НИТХ-аар нийслэлийн төсвийн тодотгол хэлэлцэж байхад НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул энэ төслийн талаар асуудал хөндөж, байр сууриа илэрхийлж байв. Тэрбээр “Монгол Улсад дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн, хүлэмж байгуулсан амжилттай жишээ одоогоор алга. Дэлхийд бол Сингапур, Их Британи, Бразил, Дубай гэх мэт орнуудад хамгийн гоё дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэнгүүд байдаг. Мөн дээр нь БНХАУ болон БНСУ-ын дөрвөн улирлын хүлэмжийг аялал жуулчлалын чиглэлээр нэлээд үзэж танилцсан болов уу. Надад бас ийм гоё цэцэрлэгт хүрээлэн байгуулах мөрөөдөл байсан. Дэлхийн улс орнууд ихэвчлэн аялал жуулчлалын чиглэлээр дөрвөн улирлын хүлэмжийг байгуулдаг. Жишээ хайгаад үзсэн чинь УИХ болон Хөдөө аж ахуйн их сургууль БНСУ-ын засгийн газартай хамтран “Смарт грийн хаус” төсөл хэрэгжүүлж эхэлж байгаа юм билээ. Нийслэлийн хэмжээнд нийт 50 гаруй га газар өвөл, зуны хүлэмж байгуулсан туршлага бол бий. Харин дөрвөн улирлын хүлэмж байхгүй. Энэ цэцэрлэгт хүрээлэнд дэлхийн улс орнууд хоёр төрлөөр байгуулж байна. Нэгдүгээрт, технолгийн дэвшил талд нь илүү анхаарч байгаа бол хоёрт, архитектур төлөвлөлт талд нь илүү анхаарч байгуулж байна. Тэгэхээр нийслэлээс аль чиглэлд анхаарч барих вэ. Ямар мэргэжлийн баг ажиллах вэ.
Энэ төслийг хэрэгжүүлэхээр “National energy complex” гэдэг нэртэй компани ажиллаж юм байна. Энэ компанийг судлаад үзсэн чинь өмнө нь байгаль орчин, ногоон байгууламжийн чиглэлийн ямар ч төсөл хөтөлбөр хийж байгаагүй, 2018 онд байгуулагдсан компани байна.
Тэгээд үйл ажиллагааных нь чиглэлийг харахаар мэдээлэл технологи, онлайн худалдаа, автомашины худалдаа, сэлбэг засвар гээд ах дүү хоёрын байгуулсан компани байна. Ийм ач холбогдолтой өчнөөн га газрыг өгч байгаа байгууламжийг барихдаа ядаж барилга байгууламж барих тусгай зөвшөөрөлтэй, туршлагатай, улсад хийж хэрэгжүүлсэн тендерийн түүхтэй компани ажиллах ёстой биз дээ. Энэ ямар учиртай юм бэ. Нийслэлийн аятайхан төслүүдийг цаасны, цүнхний гэж  нэрлэдэг компаниуд авч, барьсан түүх байдаггүй шүү. Энэ салбарыг мэддэг хүний хувьд энэ ажлыг нэг цүнхний компани хийхээр шалгарсан юм биш үү гэж хардаж байна” гэсэн юм.