Усан борооноос болж, бүтээн байгуулалтын ажлуудад хүндрэл учирч байхад хуурамч мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдүүлж буй троллчдыг Эрүүгийн цагдаагийн газарт өгч, шалгуулна гэж Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2024.08.02/ мэдэгдэв.
Энэ талаар тэрбээр “Улаанбаатар хотод өнөөдөр Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг зохион байгуулж байна. Энэ цаг үед олон нийтийн сүлжээнд “Шинээр тавьсан авто замууд үерийн усанд автлаа. Зам шинэчлэх нэрийн дор үерийн усны шугамыг дарж зориуд хорлож, Улаанбаатар хотыг усанд автуулж байна” гэсэн мэдээллийг улс төрийн намууд тэдний тролл хаягуудаас оруулж, олон нийтийг айдас түгшүүрт оруулж байгаа учраас би тухайн газарт нь ирж Live хийж байна.
III, IV хорооллын авто зам усанд автсан, үерт өртсөн зүйл алга. ХҮН нам, Ардчилсан намын троллууд хуурамч мэдээлэл цацаж байна. Олон нийтийг айдас түгшүүрт автуулмааргүй байна.
Гонгоржавын Ганбат гэж твитерт худал үнэн юм бичиж байдаг товаршыг Эрүүгийн цагдаагийн газарт өгч шалгуулна, бичгээ өгч байна. Бид нар ажил ихтэй, бороо хур ихтэй, бороо хурын зай завсраар зам хучих ажил хүлээгдэж байгаа үед иргэдийг айдас түгшүүрт хүргэдэг сонгуулийн хар PR –аа түр зогсоогооч ээ, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр өө, ХҮН намын дарга Т.Доржханд аа. Худал тролл хаягаар битгий ингэж олон нийтийг турхираад байгаач ээ.
Бид нар ажил хиймээр байна. Ажил хийхэд гүйх нохойд гүйхгүй нохойнууд байнгын саад болж байна. Энэ ажлаа зогсоо. Та хэд гүжир гүтгэлэг тараагаад байвал тухайн газар бүрт очиж олон нийтэд үнэн зөвөөр нь Live хийж харуулахаас өөр арга алга” гэв.
Г.ХОРОЛ